Буурал аав (дуу)

(Буурал аав дуу-с чиглүүлэгдэв)

“Буурал аав” дуу -1960 онд зохиолч, сэтгүүлч Түндэвийн Юмсүрэн шүлгийг бичиж, аяыг хөгжмийн зохиолч Ардын жүжигчин Дашийн Мяасүрэн бүтээсэн нийт монголчуудын дунд алдаршсан уяангалаг сайхан дуу юм.

Дуу төрсөн түүх[засварлах | кодоор засварлах]

Зохиолч Түндэвийн Юмсүрэн 1960 оны зун оюутны амралтаараа төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж амарчээ. Энэ үеэр аавынх нь бие барагтайхан, бараг л хэвтэрт ороод байжээ. Нэг өглөө аав нь гадаа гаран Алтайн их уулсаа ширтэж сууснаа “Газар нутаг маань мөнх, эзэн бид нар л хэврэг юм шив дээ” гэж бодлогошрон гунигтайхан хэлсэн ажээ. Айлын бага хүү Т.Юмсүрэн аавынхаа нүдийг эгцлэн харж цаст Алтайн оргилд идэр залуухан бүргэд мэт шунгаж явсан аавынх нь нүдний гал бөхсөн байхыг анх удаагаа үзсэн нь тэр байжээ.

Ингээд оюутан хөвгүүн Т.Юмсүрэн ахтайгаа хамт аавыгаа аймгийн төвийн эмнэлэг бараадуулаад хот руу сургуульдаа буцаж мордсон байна.

Оюутны хичээл эхэлсэн шуугиант өдрүүд нэг л гунигтай байсан нь тодорхой. Ерөөсөө л “Газар нутаг маань мөнх, эзэн бид чинь хэврэг юм” хэмээн хэлсэн аавынх нь шаналант харц цээжинд нь үргэлжид хадаатай явна.

Ингээд цас будагнасан намрын тэр орой хөдөө гэрээс нь цахилгаан ирэв. Аав минь яасан юм бол, бие нь дээрдсэн болов уу, баяртай мэдээ ирсэн байж ч магад гэж горьдлого тээн уншлаа. Ах нарынх нь бичсэн тэрхүү цахилгаанд “Аав өнгөрсөн” гэх харуусалт мэдээ иржээ. “Энэ хоёрхон үгийг уншихуйд манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Эмээлцэгийн минь уул нурах шиг болсон гэж бичсэн байдаг. Эмээлцэгийн их уулсаа сэтгэлдээ нураасан хүү намрын хайлган цагаар ачит эцгийгээ, авралт тэргүүн Алтайгаа санаж орчлон дээр ганцаардахдаа

“Нарлаг өндөр Алтайн ууланд

Намрын хяруу унаа даа

Настай буурал аав минь

Намайгаа харуулдан суугаа даа


Сүрлэг өндөр Алтайн ууланд

Шүүдэр хяруу унаа даа

Сүргийн дэргэдээс аав минь

Сүүмийх алсыг ширтээ дээ


Өндөр бурал Алтайн ууланд

Өвсний толгой цайраад аа

Өвгөн буурал аав минь

Үрээ дурсан суугаа даа


Будант өндөр Алтайн уулаар

Буурал хяруу ороо доо

Буцаад хүү минь ирнэ гээд

Буурал аав минь хүлээгээд ээ” гэх шүлгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт нулимстай бичиж үлдээсэн гэдэг.

Ийм шүлэг тэрлэчихээд хэнд ч үзүүлэхээ мэдэхгүй явтал найз охин нь “Мяасүрэн багш манай сургууль дээр концерт бэлтгүүлж байгаа. Дууны үг байвал ая хийнэ гэж байна. Чамд шүлэг байвал өгөөч” хэмээн хэлснээс улбаалж энэхүү сайхан дуу төрөх үүд хаалга нээгдсэн гэдэг.

Ховд аймгийн Дарви сумын харьяат Д.Мяасүрэн “Буурал аав” дууг нутгаа санагалзсан сэтгэлээр бодрол хөгжмийн өнгөөр бүтээсэн гэдэг ажээ.  

1960-аад оны сүүлээр зохиогдсон энэ дууг өнөөг хүртэл 15 дуучин дуулжээ. Хамгийн анх 1969 онд театрын дуучин Лувсандамдин дуулж, Монголын радиогийн алтан сан хөмрөгт бичүүлж байв.