Jump to content

Бэлгийн дарамт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бэлгийн дарамт - (англи. Sexual harassment) бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж "Жендэрийн тэгш байдлын тухай" хуульд тодорхойлсон байдаг. Ажил, гэр, сургууль, цахим орчин гэх мэт нийгмийн янз бүрийн орчинд бэлгийн дарамт үүсэж болно. Дарамтлагч, хүчирхийллийн хохирогч нь ямар ч хүйсийн хүн байж болно.

Өөрөөр хэлбэл "бэлгийн дарамт" нь тухайн хүний хүйс, бие махбодь, бэлгийн чиг баримжаа, бэлгийн үйл ажиллагаатай холбоотой дээрэлхэх, дарамтлах хэлбэр юм.

Өнөөгийн эрх зүйгээр бэлгийн дарамтыг хууль бус гэж үзэж байна. Бэлгийн дарамтын тухай хуулиудад ерөнхийдөө зүгээр нэг доромжлол, үг хэллэг зэрэг тохиолдлуудыг хориглодоггүй, энэ нь “ёс зүйн ерөнхий дүрэм” байдаггүйтэй холбоотой юм. Ажлын байран дээрх дарамт шахалт нь байнга эсвэл ноцтой, дайсагнасан эсвэл доромжилсон ажлын орчныг бий болгох, эсхүл ажлын байрны сөрөг шийдвэр гаргахад (албан тушаал бууруулах, ажлаас халах, огцруулах гэх мэт) хүргэж байвал хууль бус байж болно. Гэсэн хэдий ч бэлгийн дарамтын талаарх хууль эрх зүйн болон нийгмийн ойлголт нь соёл иргэншилд харилцан адилгүй байдаг.

Бэлгийн дарамтыг хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч болохгүй тул нийтээрээ дуугардаг, хариуцлага хүлээлгэхийг шаарддаг, анхаарлаа сулруулахгүйгээр чанга хэвээр байлгах нь уг асуудлыг таслан зогсооход чухал нөлөөтэй билээ.

Бэлгийн дарамт гэдэг нь "бэлгийн хүчирхийлэл"-ээс ялгаатай. Энэ нь хүсээгүй бэлгийн харьцаанд орохыг дарамталж шахах үеийг хэлнэ.