Jump to content

Бэр цэцэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бэр цэцэг

Бэр цэцгийг эрт дээр үеэс Монголчууд эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж, түүнийг "Тахилын цэцэг" хэмээн нэрлэж ирсэн. Орон нутгийн нэр нь Баавар цэцэг, бэр цэцэг, тосон тором. Шинжлэх ухааны нэр нь ( Scabiosa). Цэцгийн гадаад төрх нь монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааварыг санагдуулам гоёмсог. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг юм. Бэр цэцгийг таримлаар ургуулж болдгийн дээр, арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, ген сайтай, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхтай цэцэг юм.

Энэхүү цэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушигны халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай. Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул "Эрвээхэйн цэнхэр" хэмээн ганган нэрээр алдартай. Нарлаг орчинд байх дуртай. "Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ" гэсэн домогтой.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон "Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарлалаа.

Үндэсний бахархалт цэцгийн олон улсын нэгэн шалгуур болох ард түмний сайн мэддэг, нутаг орныхоо хэмжээнд өргөн тархсан байх шаардлагыг Бэр цэцэг хангаж байна. Одоогоор 153 улс орон Үндэсний бахархалт цэцэгтэй бөгөөд Бэр цэцгийг үндэсний цэцгээр зарласан орон байхгүй байна.