Бөөрөлжүүтийн цахилгаан станц
Бөөрөлжүүтийн цахилгаан станц -Монгол Улсын Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй 300МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц.
Уг цахилгаан станцын хөрөнгө оруулагч “Бодь интернэшнл” ХХК бөгөөд 2024 оны 10-р сард барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, эхний ээлжийг ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа ажээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотойг мэргэжилтнүүд тооцоолжээ.
Цахилгаан станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Sinosteel Equipment and Engineering" компани ажиллаж байгаа аж.
2015 онд БНХАУ-ын Далиан хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Зуны Чуулга уулзалтад оролцох үеэрээ “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК Бөөрөлжүүт Цахилгаан Станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурсан.
Төслийн эхний үе шатны хүрээнд 300 МВт-ын (2x150 МВт) суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станц, жилд 3 сая гаруй нүүрс олборлох уурхай, 71 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж нийт ойролцоогоор 632 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Жилд 1.4 тэрбум цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх ба цахилгаан станцад 250, уурхайд 350 нийт 600 хүний ажлын байр нэмэгдэх, татвар хураамж хэлбэрээр сар бүр 2 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төлөвлөрүүлэх, бүс нутагт аж үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм байна.