Валдас Адамкус

Валдас Адамкус гэргийн хамт. 2009 он

Валдас Адамкус (литва. Valdas Adamkus; 1955 оноос өмнө Вольдемарас Адамкавичюс, лит. Voldemaras Adamkavičius; 1926 оны 11-р сарын 3-нд Каунас хотод төрсөн) 1998 оны 2-р сарын 26-наас 2009 оны 7-р сарын 12-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах Литв Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Албан хаагчдын гэр бүлд төрсөн. Эцэг Игнас Адамкявичюс (1896-1987) Оросын эзэн хааны армид сайн дураар алба хаасан, Литвын цэргийн нисэхийн сургуулийн анхны удирдагчдын нэг, Бүгд Найрамдах Литвын армийн Жанжин штабын дарга, Дэлхийн 2-р дайны үед Каунас дахь төмөр замын буудлын цагдаагийн газрын дарга байсан. Эх нь Харилцаа холбооны яаманд ажиллаж байжээ.

Тэрээр Йонас Яблонскисын нэрэмжит дунд сургуульд болон «Аушрос» гимназид сурч байсан. Дайны үед Зөвлөлтийн эсрэг хөдөлгөөнд оролцож: Литвын эрх чөлөөний төлөө Холбоонд элссэн. Ангийн нөхдүүдийн хамт «Залуус, анхаар!» („Jaunime, budėk!“) сонин гаргаж, «Эрх чөлөөний төлөө тэмцэгч» („Laisvės kovotojas“) болон «Тусгаар Литв» („Nepriklausoma Lietuva“) хэмээх Литвын эрх чөлөөний Ерөнхий хорооны хэвлэлүүдийг тараадаг байжээ.

1944 оны 7-р сард эцэг, эхийн хамт Герман руу зугтан гараад оны сүүлээр иргэн ирж улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад буцаад Герман руу гарчээ.

Тэрээр Германд байхдаа Литвын гимназийг төгссөн. Мюнхений их сургуулийн байгалийн факультетэд суралцсан.

1949 онд АНУ-д ирж, Чикаго дахь Армийн тагнуулын төвд алба хаагаад 1955 онд Америкийн иргэншил авчээ. Тэрээр Чикаго дахь автомашины сэлбэгийн үйлдвэрт инженерийн фирмд зураачаар ажиллаж байжээ. Тэрээр 1960 онд Иллинойс технологийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн.

1951 онд Альма Нутаутайте-тай гэрлэсэн.

1970-аад оны эхээр АНУ-ын шинээр бий болсон Холбооны Байгаль орчин хамгаалах Агентлагт (Environmental Protection Agency) ажилд орсон. Агентлагийн эрдэм шинжилгээний төвийг удирдаж байсан.

1981 оноос Агентлагийн бүсийн удирдагчаар ажиллаж байгаад 1997 онд тэтгэвэртээ гарчээ. АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн байжээ.

1961-1964 онд тэрээр Америк дахь Литвачуудын Нийгэмлэгийн Зөвлөлийн гишүүн, Америкийн Литвачуудын бусад нийгэмлэгүүдийн удирдлагын гишүүн байв. 1972 оноос хойш тэрээр жил бүр Зөвлөлт Литвад айлчилж байжээ.

1997 онд Литвын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ажээ. Тэрбээр хоёрдугаар шатанд Литвын либерал холбооны төлөөлөгч Артурас Паулаускасыг ердөө 0.6 хувийн саналаар ялсан юм.

2004 онд Адамкус Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон байна.

Адамкус ерөнхийлөгч байхдаа өөрийгөө барууны чиг баримжаатай улс төрч, Литвийг НАТО болон ЕХ-нд элсүүлэхийг дэмжигч гэдгээ харуулсан. Гэсэн хэдий ч тэрээр Оростой сайн харилцаатай байхыг үргэлж дэмждэг байжээ.


В.Адамкус төрөлх Литва хэлнээс гадна англи, герман, польш, орос хэлээр чөлөөтэй ярьдаг.