Владимир Буковский

Владимир Буковский (орос. Влади́мир Константи́нович Буко́вский, 1942 оны 12-р сарын 30-нд ЗХУ-ын Зөвлөлт Башкир улсын Белебей хотод төрсөн — 2019 оны 10-р сарын 27-нд Их Британийн Кембриж хотод нас барсан) — Зөвлөлтийн, Британийн болон Оросын хүний эрхийг хамгаалагч, зохилч, нийтлэгч бөгөөд нийгмийн зүтгэлтэн. ЗХУ дахь тэрс үзэлтний хөдөлгөнийг үүсгэгч, идэвхтэй зүтгэлтэн байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Владимир Буковский бол зөвлөлтийн сэтгүүлч, зохиолч Константин Буковскийн хүү бөгөөд польш гаралтай эх нь түүнийг өсгөж хүмүүжүүлсэн байна.
14 настай Володя Буковский "Сталины гэмт хэргийн тухай" Никита Хрущёвын илтгэлийг сонсоод коммунист үзэл суртлыг тууштай эсэргүүцэгч болсон гэдэг. Эрх баригчидтай хийсэн анхны зөрчилдөөн нь 1959 онд болсон: тэрээр гар бичмэл сэтгүүл хэвлэхэд оролцсоныхоо төлөө дунд сургуулиасаа хөөгдөж оройн сургуульд үргэлжлүүлэн суралцаж төгссөн байна.
1961 оны сүүлээр Москвагийн их сургуулийн биологи, хөрс судлалын тэнхимийн оюутан болсон Буковскийг тэрс үзлээс нь болж шалгалтад оруулахыг зөвшөөрөлгүй, их сургуулиас хөөжээ.
1962 онд сэтгэцийн эмч А.В.Снежневский Буковскийг "удаан үргэлжлэх шизофрени" өвчтэй гэж оношилсон боловч сүүлд шинжилгээ хийхэд эрүүл гэж нотлогдсон байдаг.
1963 онд тэрээр Югославын тэрс үзэлтэн Милован Жиласын ЗСБНХУ-д хориглосон "Шинэ анги" номын хоёр хувийг хуулбарлаж байгаад анх удаа баривчлагджээ. Түүнийг галзуу гэж зарлаж, Ленинградын тусгай сэтгэцийн эмнэлэгт албадан эмчилгээнд явуулсан. Тэнд тэрээр хүний эрхийн төлөө тэмцэгч, сэтгэцийн эмгэгийн улс төрийн хүчирхийллийн хохирогч, хошууч генерал Пётр Григоренкотой танилцаж, дараа нь түүгээр дамжин тэрс үзэлтэй хүмүүст танилцсан юм. В.Буковский 1965 оны хоёрдугаар сард суллагджээ.
1965 оны 12-р сарын эхээр тэрээр Андрей Синявский, Юли Даниел нарыг өмгөөлөх "ил тод байдлын жагсаал"-д бэлтгэхэд идэвхтэй оролцсон юм. Улмаар түүнийг дахин баривчилж, Люберцы сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлжээ. Хэдэн сарын дараа түүнийг Сербскийн нэрэмжит эмнэлэгт шилжүүлээд 8 сар болжээ. В.Буковскийг дэмжих өргөн кампанит ажил өрнөдөд зохион байгуулагдсан бөгөөд үүний үр дүнд "Эмнести Интернэшнл" байгууллагын төлөөлөгч Москвад ирж, 1966 оны 8-р сард түүнийг суллаж чадсан юм.
Владимир Буковский 1967 оны 1-р сарын 22-нд Москва хотын Пушкиний талбайд Александр Гинзбург, Юрий Галансков болон тэдний найзуудыг баривчилсан явдлыг буруушаасан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаад гурав дахь удаагаа баривчлагджээ. Энэ удаа "олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан" гэх зүйл ангиар 3 жилийн хорих ял авсан байна.
Тэрээр шоронгоос 1970 онд гараад ЗХУ-д тэрс үзэлтнүүдийг "сэтгэцийн эмчилгээ" хийх нэрээр шийтгэдэг практикийг олон нийтэд ил болгосноор барууны орнуудад алдар нэртэй болсон. Тэрээр хорих газар болон "сэтгэцийн эмнэлэгт" хүчээр эмчлүүлэх газар зэрэгт нийт 12 жил өнгөрөөсөн юм. 1976 онд Зөвлөлтийн эрх баригчид В.Буковскийг Чили улсын коммунистуудын удирдагч Луис Корваланаар сольж авснаас хойш тэрээр Английн Кембрижид амьдрах болсон.
В.Буковский “Салхи эргэж ирнэ”, “Орос аялагчийн захидал”, “Цайз барих” зэрэг хэд хэдэн ном, олон нийтлэл, эссэ бичсэн. Тэрээр 2008 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн боловч Оросын эрх баригчид түүнийг албан ёсоор бүртгэхээс татгалзсан байна. 2008 онд Оросын “Эв нэгдэл” улс төрийн хөдөлгөөнийг зохион байгуулахад оролцсон. 2014 онд ОХУ-ын Гадаад хэргийн яам Владимир Буковскийд Оросын иргэншил олгохоос татгалзсан байна.