Jump to content

Гаврило Принцип

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гаврило Принцип, 1914 онд баричлагдсаны дараа.

Гаврило Принцип (серб. ‎Гаврило Принцип, 1894 оны 7-р сарын 25-нд төрсөн— 1918 оны 4-р сарын 28-нд нас барсан) — Сербын үндсэрхэг үзэлтэн. 1914 онд Австри-Унгарын эзэнт улсын эрхшээлээс Босни ба Херцеговинаг чөлөөлөх зорилготой "Залуу Босни" (босн. Mlada Bosna) хэмээх үндсэрхэг үзэлтэй байгууллагад элссэн байна. Тэрээр 1914 оны 6-р сарын 28-нд Сараево хотод Австри-Унгарын хаан ширээг залгамжлагч Франц Фердинандыг хөнөөсөн нь дэлхийн нэгдүгээр дайн эхлэх албан ёсны шалтгаан болсон юм. Түүнд 20 жилийн хорих ял оноосон боловч шоронд сүрьеэ өвчнөөр 1918 оны 4-р сард нас баржээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1878 оноос хойш Босни Герцеговина улсын нутаг дэвсгэр Австри-Унгарт эзлэгдсэн бөгөөд 1908 онд албан ёсоор нэгдсэн. Гаврило Принцип 1894 оны 7-р сарын 13-нд төрсний гэрчилгээнд тэмдэглэснээр Обляе тосгонд төрсөн. Тэрээр есөн хүүхдийн хоёр дахь нь байсан бөгөөд тэдний зургаа нь нялх байхдаа нас баржээ. Тэрээр Жово, Нико гэсэн хоёр ахтай байв. Принципийн эх Мария түүнд талийгаач дүү Шпирогийнхоо нэрийг өгөх гэсэн боловч өвчин ороож байсан хүүд нутгийн үнэн алдартны шашны лам Гаврило хэмээх нэрийг өвчнөөс хамгаална гэж хайралжээ. Тэрээр хүүхэд байхдаа нутгийнхандаа ардын баатарлаг дууг дуулж өгдөг байжээ.

Грахово хотод сургуулиа төгсөөд 13 настайдаа Гаврило Сараево хотод суралцахаар явсан бөгөөд тэр үед түүний ах Жово тэнд ажиллаж байсан. 1912 онд Гаврило Австри-Унгарын эрх баригчдын эсрэг үйл ажиллагаанд оролцсон хэргээр сургуулиасаа хөөгдсөн байна. Белград хотод тэрээр эзлэгдсэн дэглэмийн эсрэг тэмцэж байсан "Млада Босна "(Залуу Босни) үндсэрхэг хувьсгалт байгууллагад элссэн байна. Сербид Принцип сургалтын төвд буудаж, бөмбөг дэлбэлэх, хүйтэн зэвсэг хэрэглэж сурсан байна.

Сараево дахь аллага[засварлах | кодоор засварлах]

Г.Принцип хуягуудын хамт, 1914 он

1914 оны 6-р сарын 28-нд генерал Оскар Потиорекийн урилгаар Франц Фердинанд эхнэр Софиягийн хамт Сараево хотод цэргийн маневр үзэхээр ирэхэд "Залуу Босни"-гийн байгууллагынхан Фердинандыг алах шийдвэрлэжээ. Зургаан хүний бүлэгт аллага үйлдэхээр томилогсон байна.

1914 оны 6-р сарын 28-ны ням гарагийн өглөөний арван цагийн өмнөхөн Фердинанд гэргийн хамт галт тэргээр Сараево хотод иржээ. 10:10 цагт олон хүн угтан авч зургаан машинтай (Франц Фердинанд эхнэр хоёрт Потиорекийн хамт байсан) цагдаагийн төв хэсгийн дэргэдүүр өнгөрөв. Хуйвалдагчид тэнд хүлээж байв.

Неделько Чабринович өнгөрч буй машин руу гранат шидсэн боловч оноогүйн улмаас гурав дахь машины жолооч гранатын хэлтэрхийд өртөж, зорчигчид, мөн цагдаа, цугласан хүмүүс шархаджээ. Чабринович биедээ авч явсан хорыг (цианид калий) залгисан боловч бөөлжсөн байна. Тэр гол руу үсэрсэн боловч баригдаж, хүчтэй зодуулжээ. Түүнийг Австричуудад хүлээлгэн өгсөн байна. Бусад хуйвалдагчид машиныг хаасан олон хүнээс болж юу ч хийж чадаагүй тул энэхүү алах оролдлого бүтэлгүйтсэн байна.

Фердинандын суу явсан машин Принципийн хажуугаар гүйцэж ирэхэд тэрээр нэг метр хагасын зайнаас Бельгид үйлдвэрлэсэн 1910 оны өөрөө цэнэглэдэг гар буугаар хоёр удаа буудсан байна. Эхний сум Фердинандын артерийн судсыг онож, хоёр дахь нь Софиягийн гэдсэнд туссан байна.

Фердинанд эхнэрийн хамт амбан захирагчийн ордон руу аваачсан бөгөөд буудуулсанаас хойш нэг цагийн дараа хоёулаа шархаа даалгүй нас баржээ.

Хуйвалдааны зургаан хүнийг бүгдийг нь баривчилсан. Тэд мөрдөн байцаагчдын асуултад хариулахаас татгалзсан бөгөөд тэдний зөвхөн нэг нь (магадгүй Данило Илич) зэвсгийг Сербийн засгийн газраас өгсөн гэх зэрэг бүх нарийн ширийн зүйлийг илчилсэн байна.

Гаврило Принцип 19 настай байсан бөгөөд Австри-Унгарын хуулиар насанд хүрээгүйд тооцогдож байсан тул цаазаар авах ял оноох боломжгүй байв. Түүнийг хамгийн дээд хэмжээ буюу 20 жилийн хорих ял оноожээ.

Тэрээр шоронд хүнд нөхцөлд хоригдож байсан бөгөөд 1918 оны 4-р сарын 28-нд Терезинштадт (одоогийн Чех улсын Терезин) хотод сүрьеэгийн улмаас нас баржээ.