Jump to content

Газрын доорхи болон гадаргын усанд үзүүлэх нөлөөлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол орны гадаргын болон газрын доорхи усны нөөц багатай орон. Ялагуяа гадаргын усны нөөц нутгийн өмнөд хэсэгт нэн ядмаг. Улсын хэмжээнд гадаргын усны нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах талаар авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ сул байна. Эдийн засгийн аль ч салбарт газрын доорхи усны нөөцийг түлхүү хэрэглэдэг ба хэрэглэсэн усаа цэвэршүүлэн дахин ашиглах байдал учир дутагдалтай. Иймд газрын доорхи болон гадаргын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах асуудал нэн чухал юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас ууршилт ихсэж, Монгол орны гадаргын усны нөөц хомсдолд орж байна. Тухайлбал Хэнтий, Дорнод аймгийн хойд талын сумдын нутгийг дамжин урсдаг Угзын гол хуурайшилтын нөлөөгөөр Дорнод аймгийн Дашбалбар, Эрээнцав сумдын нутагт ширгэсэн тохиолдол бий. Энэ байгалийн үзэгдэлд уул уурхайн шууд нөлөө байгаагүй. Гол нь байгалийн жамаар гадаргын ус хомсдож байгаа нөхцөлд уул уурхайн төслүүд усны нөөцийг ашиглах, хамгаалах талаар нарийн судалгаа, төлөвлөгөөтэй ажиллах шаардлага урган гарч байна.

Олборлолт нь уурхайн талбай дахь гүний болон гадаргын усны горим, усны нөөцөд нөлөөлдөг. Уурхайн талбай дахь ус татах, шүүрүүлэх, ашигт малтмалыг боловсруулах болон уурхайн бусад үйл ажиллагаанд ашиглах үйлдвэрлэлийн усан хангамжийг бүрдүүлэх, үйлдвэрлэл-ахуйн бохир ус зайлуулах явцад гадаргын болон газрын доорхи усны урсацын горим, голдирол өөрчлөгдөх, усны нөөц хомсдох, бохирдох, чанар нь муудах зэрэг үр дагавартай.