Гоо үзэсгэлэн
Гоо үзэсгэлэнг ерөнхийдөө объектын хүний мэдрэмжинд тааламжтай нөлөөлөх онцлог шинж чанар гэж тодорхойлдог. Байгаль, нар жаргах, хүн төрөлхтөн, урлагийн бүтээл зэрэг зүйлсийг гоо үзэсгэлэнгийн жишээнд авч үздэг. Гоо үзэсгэлэн нь философийн нэгэн гол салбар болох гоо зүйн үндсэн ойлголт бөгөөд энэ нь эерэг гоо зүйн үнэлэмжийг илэрхийлдэг. Мөн үүнийг муухайтай эсрэгцүүлэн авч үздэг.
Гоо үзэсгэлэнг ойлгоход тулгардаг нэг томоохон бэрхшээл бол түүний обьектив ба субъектив шинж юм. Нэг талаас, гоо үзэсгэлэн нь эд зүйлсийн шинж чанар гэж үзэгддэг бол, нөгөө талаас, тухайн үзэгчийн сэтгэл хөдлөл болон мэдрэмжийн хариу үйлдэл дээр тулгуурладаг. Субъектив шинж чанарын хувьд гоо үзэсгэлэнг “харагчийн нүдэнд оршдог” гэж үздэг. Үүний адилаар гоо үзэсгэлэнг мэдэрч, дүгнэхэд шаардлагатай “амт мэдрэмжийн чадвар”-ыг хөгжүүлэх боломжтой гэж үздэг бөгөөд энэ нь урт хугацаанд сурч, дасгалжуулж болохуйц чадвар юм. Энэ нь гоо үзэсгэлэнгийн тухай шүүгчдийн үнэлэмжийг зөвхөн субъектив эсвэл обьектив биш харин бүлэг хүмүүсийн үзэл бодол дээр тулгуурладаг болохыг харуулдаг.
Гоо үзэсгэлэнгийн тухай үзэл баримтлалууд нь гоо сайхан бүхий бүх объектод зайлшгүй хамаарах мөн чанарыг тодорхойлоход чиглэгддэг. Сонгодог үзэл баримтлал нь гоо үзэсгэлэнг объектын хэсгүүдийн хоорондын зөв харьцаа, тэдгээрийн нэгдмэл зохицолтой байдалд үндэслэдэг гэж үздэг. Харин гедонист үзэл баримтлал нь гоо үзэсгэлэнтэй байх гол нөхцөл нь тухайн объект таашаал авчрах чадвартай байх явдал гэж тодорхойлдог. Бусад үзэл баримтлалд гоо үзэсгэлэнтэй объектын үнэ цэнийг түүний үйл ажиллагааны зорилго, ач холбогдлын үүднээс тодорхойлох оролдлогууд багтдаг.