График дизайн

Graphic symbols are often functionalist and anonymous,[1] as these pictographs from the US National Park Service illustrate.

График дизайн гэдэг нь дүрс, үсэг, орон зай ашиглан утга санааг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх ажиллагаа юм. График дизайныг дүрслэх урлаг, харилцаа холбооны салбарт хамааруулан авч үздэг. График дизайн нь лого, брэндбүүк гаргах, ном, сэтгүүл гэх мэт хэвлэлийн эх бэлтгэх, сурталчилгааны хуудас, зарлал, самбар, вэбсайтын график, элемент, тэмдэг, пиктографик, сав, баглаа боодол, орчны засал бүтээхэд шаардлагатай байдаг. Жишээлбэл бүтээгдэхүүний баглаа боодол нь компанийн лого, чимэглэх зураг, үг, текст болон өнгө, дүрс гэх мэт геометрийн дүрсүүдээс бүтдэг. Эдгээрийг хооронд нь уялдуулах нь график дизайны хамгийн чухал хэсэг юм. Дизайн нь өөрөө хэрэглээний урлаг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

График дизайн нь харьцангуй шинэ урсгал хэдий ч уг нэршлийг анх 1920-иод оны үед Виллам Аддисон Двиггин гаргаж ирсэн.[1] Гэсэн хэдий ч график дизайн гэж тооцох болохуйц түүх дурсгалын үлдэгдлүүд олон байдаг. Жишээ нь Ромын Тражаны хананууд дээрх дүрслэл гэх мэт. 20-с 21-р зуунд сурталчилгаа, мэдээлэл, харилцаа холбооны сувгууд хүчтэй хөгжсөн учраас сурталчилгааны материал, график дизайн, уран зураг гэсэн ойлголтууд хоорондоо давхцах болсон. Энэ гурван чиглэл адилхан онол, зарчим, загварын элемент ашигладаг. Сурталчилгааны зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах явдал байдаг бол график дизайны зорилго нь "мэдээллийг эмх цэгцтэй байдлаар илэрхийлэх, санааг буулган илэрхийлэх, мэдрэмж төрүүлэхэд" оршино.[2] Манай улсын хувьд социалист нийгмийн үед илүү түлхүү хөгжиж ирсэн ба график дизайн, зураач урчуудыг ЗХУ, Европын социалист дэглэмтэй орнууд руу мэргэжилтэн бэлтгэх журмаар явуулж байсан. 1990 онд ардчилсан хувьсгал эхэлснээр 2000-аад оны эхэн үе хүртэл уналтад орсон байсан юм.

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Өнгө

Замын тэмдэг, техник тэмдэглэгээ, зарлал, гарын авлагаас авахуулаад маш олон төрлийн материалд график дизайныг мэдээлэл, мессэж өгөхийн тулд ашигладаг. Зурган илэрхийлэл, текст зэргийг сайжруулах замаар уншихад хялбар, гаргагдахуйц болгож болдог.

Дизайныг бүтээгдэхүүн борлуулах, мессэж, үзэл санааг илэрхийлэхэд ашигладаг. Компанийн лого, өнгө, сав, баглаа боодол, текст зэргийг нэгтгэн брэндинг гэж нэрлэдэг. График дизайнерууд брэндинг болон ялгарал үүсгэх үйлчилгээнүүдийг түгээмэл санал болгодог. Брэндинг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, бэлгэ тэмдгийг бусдаас ялгаруулахад ач холбогдолтой байдаг бол ялгарал нь тухайн компаний имиж, бүтэц, онцлогтой холбоотой. Брэндинг, ялгаралыг бүтээхийн тулд дизайнерууд маркетинг, харилцаа холбоо, сурталчилгааны текст бичдэг мэргэжилтэн зэргээс бүрдсэн багтай хамтран ажилладаг.

Газарзүй, шинжлэх ухаан, математик гэх мэт хичээлийн номууд төрөл бүрийн график, диаграм, зурагтай байдаг. Жишээ нь хүний биеийн анатомийн зургийг харж болно. Сургалтын материалуудыг илүү хялбар, ойлгомжтой болгохын тулд график дизайныг ашигладаг.

Нисэх онгоцны буудал, үзэсгэлэнгийн танхим гэх мэт олон нийтийн газруудад байдаг зам заах чиглэл, зааварчилгаанууд нь зорчигчдод хурдан хугацаанд, хялбар ойлгогдох мэдээлэл олгох зориулалттай. График дизайн нь тэмдэг, дүрс, өнгө зэргийг ашиглан, тодорхой зайнаас харагдахуйц дизайнууд боловсруулдаг. Жишээ нь орчны график дизайнер нь хүмүүст замаа олоход тустай дүрс хийдэг. Үүнтэй холбогдуулан "архитектурын график" гэдэг нэршлийг нисэх онгоцны буудлын тэмдэглэгээг бүтээдэг Жэйн Дэвис Доггет гаргаж ирсэн боловч 2014 оны байдлаар орчны график гэдэг үг илүү ашиглагдсан байна.[3]

Энтертайнмент салбарт график дизайныг чимэглэл, тайз засал, дүрслэл гэх мэт эд ашигладаг. Мөн ном, комик, DVD, CD-ний хавтас, киноны эхлэл, төгсгөлд гардаг танилцуулга, ТВ-ийн нэвтрүүлэг зэрэгт ашигладаг. Мөн футболка, аяга гэх мэт сурталчилгаа, борлуулалтын зоруилалттай хэрэгслүүдэд бас ашигладаг.

Шинжлэх ухааны сэтгүүл, мэдээ, мэдээллийн тоо баримт, текстийг илүү ойлгомжтой болгоход ашигладаг график дизайныг мэдээний дизайн гэж нэрлэдэг. Сонин, сэтгүүл, блог, телевиз, кино зэрэгт график дизайныг чимэглэл, мэдээллийн зорилгоор түгээмэл хэрэглэдэг.

Ур чадвар[засварлах | кодоор засварлах]

График дизайн хийхийн тулд текст, зураг, дүрслэлийг тодорхой хэв маягт оруулдаг. Уран зураг, уран бичлэг болон бусад техникүүдийг ашиглан зураг, дүрс, текстийг зурах буюу дижитал хэлбэрт буулгана. Жишээлбэл сонины нийтлэл байлаа гэхэд график дизайнер хуудсан дээр нийтлэлүүдийг эвтэйхэн байрлуулна. Сэтгүүлийн нийтлэл, сурталчилгааны хувьд график дизайнер фото зураг, тусгай чимэглэл дүрсүүдийг ашиглана. График дизайны өөр нэг чухал зүйл бол судалгааны ур чадвар, уран бүтээлийг шинжих, аливаа зүйлийг өөр өнцөг, шинэ талаас нь харах ур чадвар юм. График дизайнер өөрийн дизайныг хамгаалах, ятгах чадвартай байх шаардлагатай. Ийм учраас харилцаа холбооны мэдлэг, ур чадвар их чухал. Үүний тулд мессэж, дизайныг дамжуулж буй сувгууд, илгээж буй тал, хүлээн авч буй хүмүүс, мэдээллийг задалж ойлгох үйл явц гэх мэтийг сайн мэддэг байх хэрэгтэй.

Дүрслэх урлаг[засварлах | кодоор засварлах]

График, элментүүдийг дизайнд оруулах нь дүрслэх урлагийн ур чадвар шаарддаг. Эдгээр графикуудыг график дизайнерууд бүтээдэг. Дүрслэх урлаг гэдэгт фото зураг, дижитал урлаг гэх мэт зүйлүүд орно.

Уран бичлэг[засварлах | кодоор засварлах]

Уран бичлэг гэдэг нь үсгийн фонт, бичлэгийн хэв маяг, холболт зэргийг уялдуулан дизайнд оруулах урлаг, урлал юм. Дүрслэлийн техникүүдийг ашиглан фонтын хэлбэр, хэмжээ, үг, үсэг хоорондын зай гэх мэтийг өөрчлөх замаар уран бичлэгийн бүтээл гаргадаг. Уран бичлэгийг уран бичээч, график дизайнер, зураач, фонт бүтээгч гэх мэт хүмүүс бүтээдэг.

Хэвлэлийн эх бэлтгэл[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнер нь зураг, текстийг хуудсанд хэрхэн байршуулах асуудлыг шийддэг. Мөн хэвлэлийн цаас, хэмжээ, машин зэргийн онцлогийг тооцоолон дизайн бүтээдэг.

Хэвлэл[засварлах | кодоор засварлах]

Хэвлэл гэдэг нь компьютерээс хэвлэлийн машинаар хэвлэх эсвэл эх дүрсийг олон хувь хуулбарлан хэвлэх процесс юм. Метал, чулуу, мод, даавуу, хулдаас, хуванцар гэх мэт төрөл бүрийн материал дээр хэвлэж байна.

Хэрэгсэл[засварлах | кодоор засварлах]

График дизайнеруудын хамгийн наад захын хэрэгсэл бол харандаа юм. Харин хамгийн чухал хэрэгсэл нь оюун санаа. Технологи, програм хангамж ашиглаж байгаа хэдий ч бүтээлч, ухаалаг шүүмж хэрэгтэй. Дизайн гаргахад харьцуулалт, ажиглалт, тооцоолол, аналиктик ур чадварууд чухал. Бусдын зааврын дагуу л зураг гаргаж, загвар бүтээдэг хүнийг график дизайнер гэж үзэхэд хэцүү.

Мөн аливаа зүйлсийг холбох, өрөх чадвар чухалд тооцогдоно. Өрөлт, зохион байгуулалтын хэв маяг нь эцсийн хэрэглэгчид хэрхэн хүлээж авахад нөлөөлнө. Өрөлтөд компьютерийн програм хангамжийг голчлон ашигладаг.

Компьютер програм хангамж[засварлах | кодоор засварлах]

Компьютер ашигласнаар хурдан хугацаанд төрөл бүрийн санаа хөгжүүлж, өөрчлөлт хийх боломжтой болсон хэдий ч "олон санаа оргож буцна" гээчээр олигтой шийдэлд хүрэхгүй саатах нь түгээмэл. Иймээс график дизайнерууд санаагаа цаасан дээр буулгаад, зөвшөөрөл авснаар дараагийн ажилдаа ороход хялбар болдог. Харин лого бүтээхэд компьютертэй холбогдсон sketch pad буюу зурах хэрэгсэл ашиглавал ажил хурдасна. 1990-ээд онд Adobe болон Corel компанийн программууд хэрэглээнд орсноор график дизайны ажилд компьютер түлхүү ашиглагдах болсон. Тухайлбал AdobePhotoshop нь фото зураг янзлахад, Adobe Illustrator, Corel draw нь дүрс зурахад, Adobe InDesign нь хэвлэлийн эх бэлтгэхэд, Adobe Dreamweaver нь вэб дизайн бүтээхэд түгээмэл ашиглагдаж байна.

График дизайны орчин үеийн чиг хандлагууд[засварлах | кодоор засварлах]

Интерфэйс дизайн[засварлах | кодоор засварлах]

Вэб, компьютер програм хангамжид зориулан хэрэглэгчдийн хандах хэсгийн дизайны хэрэгцээ нэмэгдсэн. Үүнийг Хэрэглэгчийн График Интерфэйс дизайн гэж нэрлэж байна. Эдгээрийг хэрэглэгчтэй харилцах хэсэг, онлайн брэндинг зэргийг интерактив болон дүрслэлээр илэрхийлэх харилцаа холбооны ур чадвартай хослуулан бүтээдэг. График дизайнерууд үүнийг хийхдээ вэб болон програм хангамж хөгжүүлэгчидтэй хамтардаг. Интерфэйс дизайны нэг чухал элмент бол икон буюу тэмдэг дүрсийн дизайн юм.

Хэрэглэгчийн зан төлөвт нийцүүлсэн дизайн[засварлах | кодоор засварлах]

Энэ нь хэрэглэгчийн зүгээс интерфэйс, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хэрхэн харилцахыг тооцоолох замаар загвар бүтээх аргачлал юм.

Ажил мэргэжил[засварлах | кодоор засварлах]

График дизайнерууд хэвлэл, сурталчилгаа, маркетинг, олон нийттэй харилцах гэх мэт салбарт түгээмэл ажилладаг. Мөн хувиараа ажиллах нь түгээмэл. График дизайнерууд бүтээлч хэлтэс хариуцсан захирал, анимейшн дизайнер гэх мэт төрөл бүрийн бүтээлч ажиллагаа хариуцсан албан тушаалд томилогддог. Ажил үүргийн хүрээнд зураг, дүрслэл бүтээх, фото зураг авах, анимейшн, баннер хийх гэх мэт төрөл бүрийн зүйл хийнэ. Орчин үед энэ бүх чиглэлийн дагуу мэдлэг, чадвартай байх шаардлага үүсээд байна. Мөн график дизайны чиглэлээр баклаварын зэрэгтэй, компьютер дээр ажиллах чадвар сайтай байх шаардлага үүссэн. Томоохон албан байгууллагын болон төрөлжсөн агентлагийн дизайнерууд албан тушаалын шат ахих тутам дизайн гаргахаас илүү брэнд хөгжүүлэлт, ялгарал бий болгох, ерөнхий санаа гаргах гэх мэт ажлуудыг хийж, бусад дизайнеруудыг удирдах ажил хийдэг. Мөн үйлчлүүлэгчидтэй уулзаж, захиалга авах, бусаддаа ажил даалгах гэх мэт ажил хийх болдог.

Краудсорсинг[засварлах | кодоор засварлах]

График дизайн, архитектур, хувцас дизайн гэх мэт ажлуудыг интернетээр дамжуулан захиалан хийлгэх нь түгээмэл болсон.

Бусад[засварлах | кодоор засварлах]

 Commons: График дизайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. https://en.wikipedia.org/wiki/Pearson_Education
  2. Meggs, Philip B., 'A history of graphic design'. New York: Van Nostrand Reinhold, 1983
  3. "Archive copy". Archived from the original on 2015-01-14. Retrieved 2015-05-13.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)