Jump to content

Гурван голын эх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гурван голын эх буюу гурван мөрний тэргүүн нь монголчуудын алтан ургийн үүсч мандсан, их хаадаа өргөмжилсөн, эцэг өвгөдийнхээ шарилыг тавьсан ариун дагшин нутаг.

Монголын Нууц товчоонд (§179) Чингис хаан, Ван хантай эв эвдрүүлэв хэмээн Жамуха, Алтан, Хучар нарт хандан элч илгээхдээ: “Гурван мөрний тэргүүнд ( эхэнд) хэнийг ч бүү буулгагтун” хэмээн өгүүлж элч илгээсэн тухай өгүүлдэг.

Тийнхүү онцгойлон захисан “Гурван мөрний тэргүүн” гэдэг нь хаана байдаг монголчуудын түүхэнд ямар ач холбогдолтой болох талаар үе, үеийн эрдэмтэд судалсаар иржээ. Гурван мөрний эх хэмээх энэхүү түүхэн газрыг доктор Х.Пэрлээ, доктор С.Бадамхатан нарын зэрэг нэрт эрдэмтэдийн удирдсан Монгол, Герман, Япон улсын хамтарсан олон улсын баг 1961, 1984-1989, 1990-1993 онуудад судалгаа хийсэн ба Түүх-археологийн хүрээлэнгийн мэргэжлийн эрдэмтдийн баг өдгөө үргэлжлүүлэн судалгаа хийсээр байна.

Эрдэмтдийн судалгааны үр дүнд Монголын нууц товчоонд дурдагддаг газар усны нэр, түүх соёлын олон чухал асуудлыг тодруулан тавьсан байна. Түүний дотор Онон, Хэрлэн,Туул гурван мөрний эх авсан Бурхан Халдун уул нь өнөөгийн Их Хэнтий уул гэдгийг тогтоосон ба тус газрын байршлыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.

Судалгааны үр дүнд монголчуудын гол нутаг-гурван мөрний тэргүүнд: нэгд, язгуурын монгол аймгууд нутаглаж, Чингис хааны өвөг дээдэс Бодончар улсаа байгуулсан, хоёрт, эцэг өвгөдөө нутаглуулдаг Ихэсийн газар байсан ба хожим Ихэсийн газрыг өргөтгөж Их хориг болгосон, гуравт, Хубилай хааны ач хүү хунтайж Гамала Хархорумын захирагч байхдаа Бурхан Халдун нэрт газар нэгэн том дуганыг бариулж тахилга хийлгэсэн, мөн XVII зуунд Хэнтийн нуруу Сарьдаг уулын өвөрт Өндөр гэгээн өөрийн хийд, Цагаан хотоо байгуулж байсан зэргийг тогтоогоод байгаа ба монголчуудын хувьд чухал ач холбогдолтой газар гэдгийг тогтоогоод байна.