Гэр бүлийн хүчирхийлэл
Гэр бүлийн хүчирхийлэл гэж ураг төрөл, сэтгэл зүй, санхүүгийн холбоотой хүний зүгээс гэр бүлийн бусад гишүүд, хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүй ч хамаарал бүхий бусад хүмүүст хяналтаа тогтоож, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулж буй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Гэр бүлийн хүчирхийлэл нь жендэрт суурилсан хүчирхийллийн түгээмэл үйлдэгдэж байгаа нэг төрөл ба хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй, хараат бус байх эрхэд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил юм.[1] Гэр бүлийн хүчирхийлэл нь нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурь, боловсрол зэргээс үл хамааран төрөл бүрийн хэлбэрээр үйлдэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс ихэвчлэн гэр бүл дотор эхнэр, нөхрийн хооронд үйлдэгддэг гэж ойлгодог ч бодит байдалд өргөн хүрээг хамардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчтой нэг гэрт амьдардаг эсэхээс үл хамааран эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүнээс гадна хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа хүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн болон тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү зэрэг ойр дотны харилцаатай хүмүүсийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг. Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүний хооронд үйлдэгдсэн хүчирхийлэл ялгаагүй гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдоно. Гэр бүлийн хүчирхийлэл хэзээ ч санамсаргүй үйлдэгдэхгүй. Биеэ барьж чадаагүй, хяналтаа алдсанаас шалтгаалж үйлдэгддэггүй. Эрх мэдэл, хяналтдаа хохирогчийг оруулах зорилго, сэдэл бүхий шууд, санаатай үйлдэл байдаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв ”Хохирогчийг хамгаалах цогц тогтолцоо ба салбар дундын зохицуулалт-мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага” Улаанбаатар хот, 2019 он, 40-р тал