Гэтэж буй бар, Нуугдаж буй луу
Гэтэж буй бар, Нуугдаж буй луу 2000 онд бүтээгдсэн тулааны урлагийн кино. Америк, Хятад, Хонконг, Тайвань улсуудын хамтран бүтээсэн энэ киног Эн Ли найруулж, Чоу Юн Фат, Мишель Иоу, Жан Зиеи, Чан Чэн нарын жүжигчид тоглосон. Киног тулааны урлагийн зохиолч Ван Дулугийн хятадад Crane Iron Pentalogy хэмээн танигдсан таван цуврал зохиолын дөрөв дэх зохиолоор бүтээжээ. Киноны тулааны хэсгүүдийг Юэн Во Пин тавьжээ. Үргэлжлэл ангийг 2015 оны наймдугаар сарын 28-нд дэлгэцэнд гаргана гэсэн байна. Арван долоон сая ам.долларын өртгөөр бүтсэн Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино 213,5 сая ам.долларын орлого олсон амжилт гаргасан. Америкийн зах зээлээс 128 сая ам.долларын орлого олсноороо Америкийн түүхэн дэх гадаад хэл дээрх хамгийн өндөр орлоготой кино болжээ. Тус кино 40 гаруй шагнал хүртсэний дотор Академийн шагнал гардуулах ёслолд “Шилдэг кино” зэрэг зургаан төрөлд нэр дэвшсэнээс “Гадаад хэл дээрх шилдэг кино” (Тайвань) тэргүүтэй дөрвөн төрөлд ялалт байгуулсан. Мөн БАФТА-гийн дөрөв, Алтан Бөмбөрцөгийн хоёр шагнал тус тус хүртжээ. Эдгээр амжилтаас гадна тус кино Америкт хамгийн их нөлөө үзүүлсэн шилдэг гадаад кинонуудын нэгээр шалгарсан. Үзэгчид киноны зураглал, тулааны үзэгдэл, өгүүлэмж, найруулга, хөгжмийг хамгийн ихээр шагшжээ.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Кианлон эзэн хааны үеийн Чин династийн 43-р (1779) он. Вуданы тулаанч эр Ли Му Байн багшийг олон жилийн өмнө Шөнийн үнэг хочит тулааны урлагт суралцахыг хүсэгч хүүхэн алсан байлаа. Му Бай өөр нэгэн эмэгтэй тулаанч Ю Шү Лиэний сайн найз бөгөөд тэд хоёр биендээ сэтгэлтэй ч үүнийгээ өөрсдөөсөө төдийгүй бусдаас нуудаг. Тулаанчийн амьдралаа орхихоор шийдсэн Му Бай Хувь тавилангийн гэгддэг илдээ Бээжин хотноо суух ноён Тэд бэлэг болгон Шү Лиэнээр хүргүүлнэ. Илдийг хүргэж ирсэн Шү Лиэн ноён Тэгийн өргөөнд захирагч Югийн охин Жэнтэй танилцав. Удахгүй хадамд гарах гэж буй тэрээр Шү Лиэний тулаанчийн амьдралыг тун их сонирхож байлаа. Тэр үдэш нүүрээ халхалсан хулгайч ноён Тэгийн өргөөнд нэвтэрч Хувь тавилангийн илдийг хулгайлна. Хулгайчийг мөрдөж явсаар Му Бай, Шү Лиэн хоёр багшийг нь алсан Шөнийн үнэг захирагчийн гэрт шивэгчин нэрийдлээр олон жилийн турш бүгж байгааг олж мэдэв. Шөнийн үнэгийг мөшгиж байгаа мөрдөгч Цай, түүний охин Мэй нартай Му Бай шөнийн тулааны үеэр таарна. Тулааны үеэр Шөнийн үнэгийг Му Бай алахын даваан дээр нүүрээ халхалсан нөгөөх хулгайч гарч ирэн үнэгийг хамгаалан тулалдаж эхлэв. Шөнийн үнэг энэ үед мөрдөгч Цайг алж, хулгайчийн хамт зугтаан алга болно. Му Байтай шавь нь хэрхэн тулалдахыг харсан Шөнийн үнэг Жэн түүнд мэдэгдэлгүйгээр Вуданы тулааны урлагт суралцсаныг мэднэ.
Тэр шөнө цөлийн дээрэмчин Ло гэгч Жэний өргөөнд нууцаар нэвтрэн түүнийг өөртэй нь хамт явахыг хүснэ. Жэнийг гуйх нь урьд өмнө болсон явдлаас улбаатай байлаа. Захирагч Югийн гэр бүл цөлд нүүдэллэн явж байх үед Ло дээрэмчидтэйгээ тэдэн рүү дайрч Жэний самыгбулаан авчээ. Самаа эргүүлж авах гэсэн Жэн түүний араас хөөцөлдөж явсаар Логийн амьдардаг агуйд ирэв. Удалгүй тэр хоёр бие биедээ сэтгэлтэй болох ч Жэн гэртээ харих ёстой байлаа. Ло хайртай бүсгүй Жэндээ нэгэн домог ярьж өгсөн нь эрт цагт нэгэн эр бүх хүслээ биелүүлэхийн тулд өндөр уулан дээрээс үсэрсэн тухай байв. Тэр залуугийн сэтгэл ариун байсан учраас уулнаас унасан ч үхээгүй гэдгийг ярьж тэд салцгаажээ. Жэнд хайртай Ло түүнийг хайргүй хүнтэй гэрлэлгүй өөртэй нь хамт явахыг хүсэн хуримыг нь үймүүлэв. Түүнийг харсан Му Бай, Шү Лиэн хоёр Лог Вудан ууланд хүргэж болчимгүй үйлдэл хийснийг нь зэмлэв. Харин Жэн хуримын анхны шөнөө нөхрөөсөө зугтаж, эр хүн шиг хувцаслан Хувь тавилангийн илдийг аваад явжээ. Замдаа тэр таарсан тулаанчдыг ялж явлаа.
Ингэж явсаар Жэн хуурай эгч Шү Лиэн дээр ирэх үед Ло түүнийг Вудан ууланд хүлээж байгааг хэлж илдийг эргүүлж өгөхийг хүсэв. Гэсэн ч Жэн дургүйцэж түүнтэй тулалдан хүзүүндээ хутга тулгуулсан ч илдээ буулгах үед нь Шү Лиэнийг гэмтээгээд зугтана. Зугтсан Жэний араас Му Бай хулсан ойд ирж Жэнийг шавиа болгохыг хүссэн ч тэр дургүйцэн тулалдаж эхэлнэ. Му Бай өнөөх илдийг хүрхрээ рүү шидэх үед Жэн араас нь ус руу орсонд Шөнийн үнэг түүнийг аварна. Шөнийн үнэг Жэнийг агуйд авчран мансууруулсан байх үеэр Му Бай ирнэ. Шөнийн үнэгийг ийш ирэхийг харсан Шү Лиэн агуйд ирж үүнийг хэлэхэд тэдэн рүү гэнэт хортой зүүгээр довтлов. Зүүг амжилттай хааж Шөнийн үнэгийг Му Бай алсан ч хүзүүнд нь хортой зүү зоогдсоныг мэднэ. Үнэг үхэхийнхээ өмнөхөн Жэнийг алах зорилготой байснаа хэлнэ. Учир нь Жэн түүнээс Вуданы тулааны урлагийн эрдмээ нууж байсан тул хамгийн том дайсан нь байсан гэжээ. Му Байг хордуулсан хорны ерөндөгийг хийж авчрахаар Жэн явахад Му Бай өөрийгөө үхэлдээ бэлдэнэ. Тэр сүүлийн амьсгалаа шавхан байж Шү Лиэнд хэчнээн хайртайгаа хэлэв. Жэн ерөндөг бэлдэж авчирсан ч Шү Лиэний гар дээр өнгөрсөн Му Байг аврахаас өнгөрчээ. Хувь тавилангийн илдийг ноён Тэд өгсөн Жэн Вудан ууланд Ло дээр ирж нэгэн шөнийг өнгөрөөнө. Дараа өглөө нь Лог сэрэхэд Жэн уулан дээр зогсож байлаа. Жэн түүнээс хүслээ хэлэхийг асуухад хамтдаа цөл рүү явж амьдрахыг хүснэ. Жэн уулнаас доош үсрэхэд Ло уйлан хоцорно.
Дүрүүдэд
[засварлах | кодоор засварлах]- Чоу Юн Фат - Ли Му Байд
- Мишел Иоу - Ю Шү Лиэнд
- Жан Зиеи - Жэн Юд
- Чан Чэн - Ло буюу “Хар үүл”-д
- Чэн Пэй-пэй - Шөнийн үнэгт
- Сихун Лун - Ноён Тэд
- Ли Фазэн - Захирагч Юд
- Гао Шиан - Бод
- Хай Ян - Хатагтай Юд
- Ван Дэмин - Мөрдөгч Цайд
- Хуан Сүин - Ву эгчид
- Ян Руй - Шивэгчинд
- Ли Кай - Гоу Жун Пэйд
- Фэн Жианхуа - Гоу Жун Синунд
- Ма Жоншуан - Ми Биаод
- Ли Баочэн - Фун Чанд
- Ян Ёндэ - Жин ламд
Сэдэв болон тайлал
[засварлах | кодоор засварлах]Нэр
[засварлах | кодоор засварлах]Гэтэж буй бар, Нуугдаж буй луу гэх нэр нь бусдад төдий л анзаарагддаггүй агуу хүмүүс хаа сайгүй байдгийг илэрхийлсэн утгатай Хятадын зүйр үгийг уран зохиолын хэлнээ буулгасан тайлбар юм. Эртний Хятадын яруу найрагч Ю Шиний (513-581) шүлэгт “харанхуйд хадны ард бар байх нь гарцаагүй, мушгиран буй аварга үндэс луунаас ялгаагүй” хэмээн гардаг. Шиаоху, Жиаолон нарын нэрийн сүүлийн ханз “Бар”, “Луу” гэсэн утгыг илэрхийлнэ.
Багш шавийн харилцаа
[засварлах | кодоор засварлах]Чадварлаг шавьтай болох гэсэн багшийн хүсэл, багш шавийн хооронд хүлээсэн үүрэг, эдгээрийн дундах хурцадмал байдал нь дүрүүдийн хооронд зөрчил үүсгэж, дараа дараагийн алхмыг хийхэд хүргэж байгаа нь киног өрнүүлжээ. Ли Му Бай багшийнхаа үхэлд өс санасан нь түүнд дарамт болж байна, гэхдээ тэр тулаанчийн амьдралаа орхихоор шийднэ. Жэнийг шавиа болгох гэсэн хүсэл Му Бай, Шөнийн үнэг хоёрт хоёуланд нь байгаа нь тэднийг өдөөж байгаа явдал.
Шавь нь багшаасаа илүү байгаа нь, багшаасаа түрүүлж шинэ мэдлэг олж нээсэн нь багш шавийн хоорондох тэрхүү зөрчлийг үүсгэж байна. Жэн л гэхэд өөрийн багш Шөнийн үнэгээс тулааны урлагийн эрдмээ нууж ирсэн нь тэднийг өөрсдийн замаар явахад хүргэсэн. Шөнийн үнэг, Вуданы багш хоёрын дунд байсан ариун бус харилцаа (багш нь түүнд тулааны урлаг заалгүй эмэгтэй хүнийх нь хувьд ашигласан гэж өөрөө хэлдэг) түүнийг гэмт хэрэгтний амьдрал руу хөтөлсөн байдаг. Ли Му Бай, Жэн хоёрын харилцан яриаг харахад багш шавийн харилцаанаас романтик харилцаа үүсч болохоор харагддаг. Жэн ч үүнд нь хариу болгож Ли Му Бай гол руу Хувь тавилангийн илдийг шидэхэд араас нь үсэрч орсноор багштай болох хүсэлгүй байгаагаа илэрхийлдэг.
Хор
[засварлах | кодоор засварлах]Энэ кинонд гарч буй нэг чухал зүйл нь хор. Тулааны урлагт амиа хичээсэн, тулалдах чадваргүй хүмүүсийн хэрэглэдэг зүйл нь хор гэж үздэг. Үүнд хамгийн их тохирч байгаа дүр нь Шөнийн үнэг. Хор гэдэг түүний сул дорой байдлын илэрхийлэл. Тэр өшөөгөө авахын тулд Вуданы урлагийн багшийг хордуулсан, Жэнийг хортой зүүгээр алах гэж байгаад Ли Му Байг онож алдаг.
Гэхдээ хор гэдэг зөвхөн гадна байдалд илэрдэггүй. Жэнийг асарч халамжилж эхэлснээр тэр Жэнийг ч бас дотоод сэтгэлийнх нь хувьд хордуулсан. Үүнийг Жэний гаргаж буй худал ярьж, хулгай хийж, мөн өөрийг нь орхиж буй зэргээс харж болно. Гэхдээ Жэнийг анхнаас сургаж эхэлсэн гэхэд Жэн түүн шиг хор хэрэглэж ерөөсөө харагддаггүй нь тэр тэгтлээ замаа алдчихаагүй, засч авах боломж байгааг харуулж байна. Шөнийн үнэг үхэхдээ “найман настай охины хуурмаг зан”-гаас илүү хор гэж үгүй хэмээн хэлдэг нь өөрөө Жэн шиг бага байхдаа сэтгэл зүйн хувьд хордсоноо илэрхийлж буй хэрэг юм. Жэнийг сайн багшийн зааваргүйгээр “хорт луу” болно хэмээн Ли Му Бай үздэг нь ийм учиртай.
Кино бүтээх явц
[засварлах | кодоор засварлах]Киноны эх зохиол нь 1930-аад оны сүүлээр бичсэн Ван Ду Лугийн цуврал бүтээл юм. Цуврал зохиолын дөрөв дэх ботийг кино болгосон нь энэ.
Зураг авалт
[засварлах | кодоор засварлах]Тус кино Тайвань улсаас Оскарт нэр дэвшсэн ч гэлээ Хятадын China Film Co-Production Corporation; Америкийн Columbia Pictures Film Production Asia, Sony Pictures Classics, Good Machine; Хонконгийн EDKO Film; Тайванийн Zoom Hunt International Productions Company, Ltd гэсэн дөрвөн бүс нутгийн төлөөлөл болсон компаниудын хамтарсан бүтээл юм.
Ихэнх зураг авалтыг Бээжинд, үлдсэн хэсгүүдийг Анхуй, Хэбэй, Жиансу, Шинжаан мужуудад хийжээ. Хамгийн эхний зураг авалт Говийн цөлийнх байжээ. “Найман сарын турш би хагас өдөр ч болтугай завсарлага огт аваагүй. Миний хамаг эрч хүч дууссан гэж болно. Зураг авалт дуусахын алдад амьсгалахад хүртэл хэцүү байлаа. Би өөрийгөө зүрхний шигдээс болох вий гэж бодож байсан” хэмээн найруулагч Эн Ли ярьжээ. “Тулааны хэсгүүдэд голдуу жүжигчид өөрсдөө тоглосон бөгөөд тэднийг бэхэлж байсан утсыг арилгахын тулд л компьютер граффик хэрэглэсэн. Ихэнх хэсэг дээр жүжигчдийн царайг харж болохоор байгаа. Модон дээр л гэхэд жүжигчид өөрсдөө гарсан” гэж нэмж ярьжээ.
Өөр нэг хүндхэн асуудал нь дөрвөн өөр аялгаар ярьдаг жүжигчид байлаа. Чоу Юн Фат кантон хэлээр ярьдаг Хонконг, Мишел Иоу малай, англи хэлээр ярьдаг Малайз, ганц Жан Зиеи л Эн Лигийн хүссэн эх газрын мандарин аялгаар ярьдаг хүн байв. “Эхний өдрийн зураг авалт дээр нэг сценийг би 28 удаа давтах хэрэгтэй болсон. Надад хэзээ ч ийм явдал тохиолдож байгаагүй” хэмээн Чоу Юн Фат ярьжээ.
Кино дотоодын биш барууны үзэгчдэд чиглэсэн байсан болохоор англи бичгэн орчуулга нэмэх хэрэгтэй болжээ. Баруунд боловсрол эзэмшсэн Эн Ли хадмал орчуулгыг өөрөө барууны үзэгчдэд тохируулан биечлэн хийсэн гэдэг.
Киноны дуу, хөгжим
[засварлах | кодоор засварлах]Хөгжмийг Тан Дун бичсэнийг Шанхайн симфони оркестр, Шанхайн үндэсний оркестр, Шанхайн цохилуур хөгжмийн оркестр тогложээ. Мөн Ёо-Ёо Магийн тоглосон морин хийлийн ганчаарчилсан тоглолт ч багтана. бүх хөгжмийг ердөө хоёр долоо хоногийн хугацаанд бичиж дуусгажээ. Киноны дуу A Love Before Time-ийг Коко Ли дуулсан юм.
Маркетинг
[засварлах | кодоор засварлах]Тус киног видео тоглоом, комикс ном болгон гаргасан. Мөн эх зохиол дээр үндэслэсэн 34 ангит телевизийн цуврал киног Тайваньд бүтээснийг 2004 онд Америк, Канадын үзэгчдэд хүргэжээ.
Үзэгчдийн хүлээн авалт
[засварлах | кодоор засварлах]Шүүмж
[засварлах | кодоор засварлах]Барууны ертөнцөд Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино сайнаар үнэлэгдэн, сайшаал магтаал хүртэж, хэд хэдэн шагналд нэр дэвшсэн. Rotten Tomatoes сайтад дурдсанаар 150 шүүмж дээр үндэслэн харахад 97% нь сайн үнэлгээ өгсөн байна. Харин Metacritic сайтад 31 шүүмж дээр үндэслэхэд 100-гаас дунджаар 93 оноо авчээ. Гол дүрийн жүжигчдийн аялгыг хятад хэлтэй үзэгчид шүүмжилсэн тал бий. Ингэхдээ Чоу, Мишел хоёрыг мандарин аялгаар эх хэл шигээ ярьж чадаагүй гэж байлаа. Cinescape-д 2000 оны 12 дугаар сарын 28-нд өгсөн ярилцлагадаа Мишел “Миний дүр Бээжингийн хүн биш болохоор би заавал Бээжин аялгаар ярих хэрэггүй” гэжээ. Ярилцлага авч байсан Крэг Рэйд “Хадам ээж маань Сичуан-мандарин аялгаар ярьдгийг ойлгоход хэцүү байдаг” гэхэд Мишел “Муж бүр өөрийн гэсэн аялгатай. Зураг авалт эхлэхэд Чэн Пэй Пэй өөрийнхөөрөө, Чан Жэн өөрийнхөө аялгаар яриад эхэлсэн. Тэдний юу яриад байгааг хэн ч ойлгоогүй. Бээжингийн баг хүртэл биднийг хачин гэсэн болохоор энэ тухай март гэж хэлмээр байна” гэж хариулжээ. Өмнө нь тулааны урлагийг төдий л мэддэггүй байсан барууны ертөнцөд Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино өндөр амжилт гаргаснаар Нисдэг чинжаалын байшин, Баатар зэрэг дараа дараагийн бүтээлүүдийг хийхэд нөлөөлсөн байна. Мөн тус кино жүжигчин Жан Зиеигийн карьерт чухал нөлөө үзүүлсэн юм. Үүнийгээ тэр “Гэтэж буй бар Нуугдаж буй луу, Баатар, Гэйшагийн дурсамж зэрэг кинонуудын нөлөөгөөр Америкийн үзэгчид дан ганц намайг гэлтгүй Хятад болон Ази жүжигчдийг сонирхох болсон. Эдгээр киноны ачаар Ази жүжигчдэд илүү их боломж нээгдсэн” хэмээн ярьжээ. Цөлийн дээрэмчин Ло буюу “Хар үүл”-ийн дүр л гэхэд цаашдаа Персийн хунтайж зэрэг кино болон компьютер тоглоомуудын гол дүрийг бүтээхэд нөлөөлсөн байдаг. Empire сэтгүүлийн 2008 онд шалгаруулсан шилдэг 500 киноны 497 дугаарт, мөн 2010 оны Дэлхийн шилдэг 100 киноны 66 дугаарт тус кино жагсжээ.
Ашиг орлого
[засварлах | кодоор засварлах]Тус кино 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн АНУ-д цөөн тооны театруудаар гарч эхэлсэн. Нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүддээ 663,205 ам.долларын орлогоор 15 дугаар байрт бичигдэж байв. 2001 оны 1 дүгээр сарын 12 гэхэд ихэнх кинотеатраар гарч 8,647,295 ам.долларын орлогоор 6 дугаар байрт бичигдэх болжээ. Энэ үед Save the Last Dance кино 23,444,930 ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлж байлаа. Дараагийн долоо хоногт нь киноны орлого бараг 30%-иар буурч 6,080,357 ам.доллар олжээ. Ийнхүү 837 театраар гарч байсан кино 8 дугаар байрт жагсав. Харин Save the Last Dance кино 15,366,047 ам.долларын орлогоор тэргүүн байраа хадгалсаар л байв. Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино сүүлийн долоо хоногтоо 37,233 ам.доллараар 50 дугаар байрт бичигдсэн. Нийт 31 долоо хоногт театраар гарсан энэ кино 128,078,872 ам.долларын орлогыг дотоодоос, бусад улсын зах зээлээс 85,446,864 ам.доллар, нийтдээ 213,525,736 ам.долларын орлого олжээ. 2000 оны орлогыг бүхэлд нь аваад үзвэл тус кино ашиг орлогоороо 19 дүгээр байрт жагсчээ.
Сайшаал, магтаал
[засварлах | кодоор засварлах]Торонто, Нью-Йоркийн кино наадмуудаас өндөр үнэлгээ авсан энэ кино 2011 оны Академийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн. Мөн 2000 оны Каннын кино наадам дээр гарсан билээ.
Үргэлжлэл
[засварлах | кодоор засварлах]2013 оны 1 дүгээр сард киноны дараагийн ангийн зураг авалт Harvey Weinstein кино компанийн удирдлага дор 5 сард эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Crane-Iron цувралын тавь дахь буюу сүүлийн боть Iron Knight, Silver Vase-ээс сэдэвлэсэн зохиолыг Жон Фуско бичиж, тулааны тавилтыг Юэн Вү Пэн гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ.
Донни Иен 2013 оны 3 сарын 18-нд гол дүрд тоглоно гэсэн дам яриаг баталсан бол мөн энэ үеэр Ю Шү Лиэний дүрийг Мишел Иоу дахин бүтээнэ гэсэн яриа тархав.
2013 оны 5 сарын 16-нд үргэлжлэл ангийг Crouching Tiger, Hidden Dragon – The Green Destiny гэсэн нэрээр бүтээх болсноо албан ёсоор мэдэгджээ.
2013 оны 8 сарын 20-нд Жан Зиеи өмнөх дүрээ дахин бүтээнэ гэх яриа гарсанд түүний төлөөлөгч Жи Линлин худлаа гээд “Найруулагч Эн Ли байсан тохиолдолд л тэр тоглоно” гэдгийг мэдэгджээ. 2014 оны 6 сарын 10-нд Николас Цэ “Төмөр хүлэг баатар”-т (Жэн Ю, Ло нарын хүү), Шиа Зитон “Мөнгөн бумба”-д тоглох болсныг зарлав.
Зураг авалт 2014 оны 6 сард эхэлж Шинэ Зеланд, Хятад улсуудад зураг авна гэж байсан ч эхлэх хугацааг 8 сард болгон хойшлуулжээ. 2014 оны 6 сарын 16-нд киног Pegasus Media, China Film Group Corporation, Weinstein Company нар хамтран бүтээж 2016 онд дэлгэцнээ гаргахаар болсон.
Харин 2014 оны 9 сард хийсэн мэдэгдэлд 2015 оны 8 сарын 28-нд Netflix болон IMAX кинотеатруудаар нэгэн зэрэг гаргана гэжээ. Үүний дараахан 9 сарын 30-нд Regal Entertainment Group, Cinemark Theatres, AMC Theatres хэмээх гурван том компанийн зүгээс өөрсдийнхөө театраар киног гаргахгүй гэдгээ мэдэгдсэн.
Соёлын хамаарал
[засварлах | кодоор засварлах]Жанэт Жэксоны China Love дуунд хааны охин энгийн дайчинд дурласан ч тэдний гэрлэлтийг зөвшөөрөөгүй тухай өгүүлдэг нь тус кинотой холбоотой.
Киноны эхлэл хэсгийг Энэтхэгийн Magadheera кинонд тэр чигээр нь хуулсан байдаг.
The Adventures of Jimmy Neutron: Boy Genius инээдмийн цувралын нэг анги Crouching Jimmy, Hidden Sheen нэртэй.