Даатгал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Даатгал нь анх үүссэн цагаасаа хойш байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр, газар хөдлөлт, дээрэм тонуул зэрэг бүх нийгмийн тогтолцоо, цаг үед байсан гэнэтийн тохиолдлын улмаас өмч эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөх үр өгөөж бүхий арга хэрэгсэл болж ирсэн юм. Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулдаг дээрхи тохиолдлууд нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн шинжтэй байдаг. Үүнийг эрсдэл гэж нэрлэдэг. Иймээс өмч хөрөнгийг эзэмшигч хэн нэгэн нь аливаа эрсдэл учирсан үед эд хөрөнгөө нөхөн сэргээхэд зориулагдах эх үүсвэртэй байх сонирхолтой байдаг.

Аливаа эрсдэлийн гэнэтийн магадлалт шинжийн хажуугаар эдгээрийн тохиох тоо нь уг тохиолдлуудаас эмээдэг этгээдүүдийн тооноос ямагт бага байдгийг хүмүүс эрт дээр үеэс анзаарсан байдаг. Үүний сацуу хохирлыг нөхөх харилцаанд оролцогчдийн тоо олон байх тусам тэдгээрийн тус бүрийн оруулах хөрөнгийн хувь хэмжээ нь төдий чинээ бага байх болно гэдгийг ч ойлгоцгоож байв. Иймд хүмүүс ижил хэмжээний хөрөнгө нийлүүлэн түүгээрээ хохирол амсагч нэгнийгээ хохиролгүй болгох санааг олж авснаар даатгал үүссэн түүхтэй.

Даатгал гэдэг нь гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Өөрөөр хэлбэл, даатгал гэдэг нь аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм.

Даатгал нь хохирлыг нөхөхөд чухал үүрэгтэй байдаг бөгөөд эдийн засаг хөгжих тусам түүний хэрэгцээ ихэсдэг. Даатгалын зарчмын дагуу тодорхой эрсдэлүүдийн санхүүгийн үр дагаврууд нь даатгалын компанийн хариуцлага болно. Даатгалын тохиолдол учирсан үед даатгуулагч нь хохирлыг нөхөхөд шаардлагатай хөрөнгийг байгуулсан гэрээнийхээ үндсэн дээр олж авдаг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь даатгагдсан нөхцөлд нөхөн төлбөр авснаар хугацаа алдалгүйгээр үйл ажиллагаагаа сэргээх бололцоотой болдог. Өндөр хөгжил бүхий даатгалын систем нь улсын үүрч буй нэлээд ачааллыг хөнгөлдөг.

Нөгөө талаас, даатгалын харилцаа нь даатгалын компанийн харилцагчдаасаа олж авсан хураамжаараа хөрөнгө хуримтлуулах арга болж өгнө. Даатгалын компаниуд нь эдгээр хөрөнгөө пүүс компани, банкны үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэрэгт зарцуулснаараа улсын эдийн засгийн хөгжилд тодорхой түлхэц болж өгдөг.

Даатгалын хамгаалал гэдэг нь даатгалын компаниудын үзүүлж байгаа ажил үйлчилгээ юм. Санхүүүгийн энэ үйлчилгээ нь банкны үйлчилгээтэй төстэй. Даатгалын компанийн үйл ажиллагаа нь хоёр салбартай. Энэ нь анхдагч болоод давхар даатгал юм. Анхдагч даатгал гэдэг нь харилцагчиддаа даатгалын баталгааг олгох явдал юм. Даатгалын ихэнх компани анхдагч даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Давхар даатгал гэдэг нь даатгалын компани өөрийн хүлээж авсан эрсдэлээ өөр нэгэн даатгалын компанид шилжүүлэх явдал юм.

Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, хяналт, зохицуулалт[засварлах | edit source]

Монгол Улсын Даатгалын тухай хууль нь анх 1997 онд батлагдаж, дараа нь 2004 онд шинэчлэгдсэн. Энэ хуулийн дагуу 2009 оны байдлаар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ердийн даатгалын зуучлагч 4 компани, даатгалын 1,167 төлөөлөгч даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна.

Даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих замаар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо юм.

Даатгалын зуучлагч төлөөлөгч[засварлах | edit source]

Даатгалын үйлчилгээг харилцагчид хүргэдэг 2 төрөл байдаг бөгөөд эдгээр нь “даатгалын зуучлагч” ба “даатгалын төлөөлөгч” юм. Даатгалын зуучлагч нь даатгуулагчид үйлчилж түүнд зөвлөмж заавар өгөх чиг үүрэгтэй байдаг бол даатгалын төлөөлөгч нь даатгалын байгууллагыг төлөөлөн төв байр нь байгаа газраас өөр газарт үйлчилгээг нь хүргэдэг. Даатгалын зуучлагчийн үндсэн үүрэг нь даатгал хийлгэхээр зорьж буй даатгуулагчид мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрсдэлийг нь үнэлж хамгийн тохиромжтой даатгалыг санал болгох явдал юм. Харин даатгалын төлөөлөлгч нь даатгалын компанийн нэрийн өмнөөс борлуулалт хийж, даатгалын компанийн өмнө үүрэг хүлээдэг.

Даатгалын хэлбэр[засварлах | edit source]

Даатгал нь сайн дурын ба заавал гэсэн хэлбэртэй байдаг. Заавал даатгалыг хуулиар тогтооно. Даатгалын байгууллагад эдгээр хэлбэрийн даатгал хийх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хороо олгодог.Хөрөнгийн даатгал дотроо гэр хашаа байшингийн эд хогшлын цахилгаан хэрэгслийн гэх мэтээр хуваагдана.

Давхар даатгал[засварлах | edit source]

Даатгалын компани нь өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хэмжээний хариуцлага эрсдэлийг даатгасан тохиолдолд энэ эрсдэлээ багасгах зайлшгүй шаардлагатай болдог. Иймд даатгалын компани өөрийн эрсдэлийн зарим хэсгийг дахин өөр компанид даатгуулдаг. Энэ үйл ажиллагааг давхар даатгал гэж нэрлэдэг. Давхар даатгалын үндсэн зорилго нь даатгуулагчийн өмнө хүлээх үүргээ баталгаажуулж байгаа хэрэг юм. Даатгалын үндсэн баримт бичиг нь даатгалын гэрээт баталгаа байдаг бол давхар даатгалын хувьд энэ баримт нь давхар даатгалын гэрээ байдаг. Энэ гэрээнд давхар даатгагч даатгуулагчийн нэр хаяг даатгалын зүйлийн талаарх мэдээлэл даатгалын хугацаа эрсдэл зарим хасалтууд үнэлгээ анхны даатгагчид ноогдох шимтгэл зэрэг мэдээллийг тусгасан байдаг.

Бичил даатгал[засварлах | edit source]

Дунд болон түүнээс дээш орлоготой хүмүүс өвдөх хөрөнгө нь гэнэтийн ослоор устаж гэмтэх зэрэг эрсдэл тохиолдсон үед хадгаламжаасаа мөнгөө авах зэргээр эрсдэлийг давах чадавхи харьцангүй хүндрэл багатай байдаг бол эмзэг бүлгийн хүмүүст ийм боломж бараг байдаггүй. Бичил даатгал нь аливаа улс орны ядуу буурай өрх толгойлсон эхчүүд нийгмийн эмзэг хэсэгт зориулсан даатгал юм.