Jump to content

Дай Сэцэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дай Сэцэн (монгол бичиг:ᠳᠠᠢ ᠰᠡᠴᠡᠨ) нь Их Монгол Улсын нэрт улс төрийн зүтгэлтэн Хонгирад аймгийн ноён бөгөөд Чингис хааны хадам эцэг юм. Тэрээр Монголын Хонгирад аймгийн Босгуур овгийн хүн бөгөөд Чингис хааны Монгол орноо нэгтгэх үйлсийг идэвхтэй дэмжиж, өөрийн бие, гэр бүл, үр хүүхдийн хамт чин сэтгэлээр хүчин зүтгэж явжээ.

Хонгирад аймаг нь Хэрлэн мөрний сав газарт, Чигчир болон Чихургугийн хооронд нутаглаж байсан эртний язгуурын Монгол аймаг юм. Тэд эртнээсээ Монгол аймагтай эв найртай харилцаж, худ ураг барилдан нөхөрсөг холбоотой ирсэн ард түмэн байв. 1170 оны үеэр Есүхэй баатар есөн настай хүү Тэмүжинг дагуулан Өэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж явахдаа замдаа Дай Сэцэнтэй учирчээ. Дай Сэцэн Есүхэй баатрыг “худ минь” хэмээн дотночлон хүндэлж, хүү Тэмүжинг нь “нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой” хэмээн магтаж, гэртээ морилон буухыг урьжээ.

Тэрээр Есүхэй баатартай ярилцахдаа Хонгирад аймаг эртнээсээ төр улстай тэмцэлддэггүй, зээгийн зүс, охидын өнгөөр ураг барилдан эв найртай байхыг эрхэмлэдэг уламжлалтай болохыг танилцуулсан гэдэг. Есүхэй баатар урилгыг нь хүлээн авч тэдний гэрт морилж, охин Бөртэг үзээд Тэмүжинд бэр гуйжээ. Дай Сэцэн охиноо өгөхийг зөвшөөрч, Тэмүжинг хүргэнээр үлдээхийг хүссэн байна.

Ургийн явдал бүтсэнд Есүхэй баатар ихэд баярлаж, хөтөлгөө морь бэлэглээд хүүгээ тэднийд орхиод нутаг буцжээ. Харин буцах замдаа Чигчирийн Шар хээр хэмээх газарт Татар аймгийн хуримтай таарч, тэнд хорлогдсон гэдэг. Есүхэй баатар гэртээ хүрээд удаалгүй нас барсан бөгөөд нас барахынхаа өмнө Чирха өвгөний хүү Мэнлигт Тэмүжинг яаралтай буцааж авчрахыг захижээ.

Тэмүжин удалгүй Дай Сэцэнийдээс буцаж ирсэн бөгөөд хүнд хатуу амьдралын үеийг туулсан байна. Харин 1178 оны орчим Тэмүжин сүйгээ нэхэж Бэлгүдэй дүүгийн хамт Дай Сэцэнийд ирэхэд, Дай Сэцэн баяр хөөртэй угтан авч хурим найр үүсгэн, охиноо өөрийн биеэр үдэж Хэрлэнгийн Ураг цөл нуга хэмээх газар хүргэсэн гэдэг. Тэр үед өвдөж гэртээ буцсан тул эхнэр Цотон нь охиноо хүргэж өгчээ.

Хонгирад аймаг тухайн үед төвийг сахисан байр суурь баримталдаг байсан. 1201 оны тахиа жилд Хатагин, Салжиуд тэргүүтэй олон аймгууд Алахуй булагт чуулган хийж, Жамухаг Гүр хаанд өргөмжлөн Чингис хаан, Ван хан нарын эсрэг хүч бэлтгэж байжээ. Энэ мэдээг олж сонссон Дай Сэцэн Чингис хаанд элч илгээн анхааруулсан байна. 1203 онд Чингис хаан Хуйлдар, Зүрчидэй нарын урууд, мангудын цэргийг илгээж Тэрхэг, Эмэл тэргүүнтэй Хонгирад аймгийг өөрийн талд нэгтгэн авсан нь хоёр талын харилцааг улам батжуулжээ.

1206 онд Их Монгол Улсыг тунхаглах үед гурван мянган хонгирадыг түүний хүү Алчи ноён захирахаар болсон. Чингис хааныг дагалдан их, бага 32 удаагийн тулалдаанд оролцож, Тангуд болон Хорезмын хот, сууринг эзлэхэд онцгой гавьяа байгуулсан.[1] Түүний гавьяаг үнэлж 1227 онд “улсын нагац” цол хүртээсэн бөгөөд 1232 онд Өгэдэй хааны үед мөнгөн тамга соёрхож, Хашин ван (Хэйшин ван) хэмээх хэргэмд өргөмжлөгдөн, өөрийн Хонгирад аймгийг үе удмаар захирах онцгой эрхтэй болжээ.[1]

Монголын нууц товчоонд бичснээр Цотан хатнаас нь Бөртэ үжин, Алчи ноён, Хөх ноён[2] нар төржээ. Дай сэцний хоёр хүүгийн болон ах Даритай ноёны удмынхан алтан ургийнхантай үе улиран охид хүүгээ солилцон худ ураг холбох болжээ.

  1. 1.0 1.1 "元史/卷118 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-12.
  2. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2nd хэвлэл). Улаанбаатар. х. 118. {{cite book}}: |last= has numeric name (help)CS1 maint: location missing publisher (link)