Дархадын 13 овоо
Харагдац
Овогийн байгуулал бий болж, хүмүүс хэсэг бүлгээрээ салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг зааглах, онцлох үүргийг ч бас “өөртөө үүрч”, өөрөөр хэлбэл өмчлөх санааг агуулсан тэмдэг болж, тиймээс ч эрхэмлэгдэж ирсэн түүхтэй байна. Бүр хожим хойно нутгийн зааг дээр, хоёр хошуу, отог аймгийн хил дээр босгодог болсон овооны эх нь чухамдаа тэр юм. Тийм овоог нааш цааш нь займчуулах, түүнээс болж маргаан мэтгэлцээн, дайн дажин болох нь ч цөөнгүй байж. Тиймээс овоог эрхэмлэн дээдлэн тахин шүтэх болсон ажээ. Иймээс овооны байдлаар тухайн ард түмний талаар олон зүйлийг мэдэж болно гэж түүх, судлаачид үздэг. Хөвсгөл аймгийн Улаан уул сум руу явах замд Хорьдол сардагийн нурууны өмнөд хэсгээр буюу Өлийн Халзан даваан дээр Дархад ястны тахин шүтэн дээдэлдэг 13 овоо бий. Энэхүү 13 овоо нь уул ус, лус савдагтайгаа эртнээс харилцан шүтэж ирсэн бөөгийн ёс заншилтай холбоотой бий болсон гэж үздэг. Арван зүг, гурван цагийг шүтэн өргөл өргөн, амьдралаа даатган ирсэн Дархадууд энэ тооны нийлбэр болох арван гурвыг дээдлэн шүтдэг учир хамгийн их байгалын энерги бүхий газраа энэхүү 13-н овоог бүтээсэн түүхтэй. 13 овоо нь цаатан урц маягын хэлбэр бүтэцтэй ба зэрэгцээ босгосон чулуун хөшөө зэргээс Дархад түмний аж амьдрал, ёс заншил, соёлын нэгээхэн хэсгийг олж харж болохоор ажээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн хорьдол сарьдагийн нуруу Хөвсгөл нуур түүний эргэн тойронд байгалийн үзэсгэлэнт газрууд их байхаас гадна Дархад, Цаатан ардын аж амьдрал соёлыг илтгэсэн дурсгалт газрууд их байдгийн нэг нь энэхүү 13 овоо юм.