Дашзэвэгийн Ишдулам
Ишдулам Дашзэвэгийн(1871-1947). БНМАУ-ын алдарт гавьяат хөгжимчин Д.Ишдулам 1871он буюу билгийн улирлын цагаагчин хонин жил тэр үеийн Нийслэл хүрээнд ядуу ард Дашзэвэгийн гэр бүлд төржээ.
Ишдулам нь хуучин цагийн хүрээний чадварлаг сайн хөгжимчдөөр шанз, ёочин заалгаж хамтран хөгжимдөж байсан нь түүний амьдралд чухал нөлөө болсон гэж үзэж болно. Түүний хүү Д. Амгалан хожим дурсахдаа: эхийн минь сэтгэлчлэн мөрөөдөж явдаг чин хүсэл 1921 оны хувьсгал ялснаар биелэгдсэн юм. Миний ээж, хувьсгал үүсэх үед тэр цагийн сайн хөгжимчдийн тоонд орж байсан бөгөөд Дарьгангын шар хуурч хэмээн алдаршсан Дамдин-Очир гэгч нэрт хөгжимчинтэй хамтран хөгжимдөж дуулцгаан дадлага сорилт хийж байжээ. Ардын хувьсгал мандсаны дараа эх маань өөрийн сайн дураар урлаг, уран сайханд оролцон, Дотоод яамны тусгай хороо, Дотоод яамны жижиг хүүхдийн сургууль, цэргийн ерөнхий сургууль, Ардын гэгээрүүлэх яамны 1,2,3-р сургууль зэрэг 20 гаруй сургуульд хөгжим зааж байжээ. Ийнхүү идэвх чармайлт гаргаж байсан тухай үнэмлэх бидэнд одоо хадгалагдаж байна гэжээ. Хөгжимч Ишдулам 1922 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хэлтсийн санаачлагаар байгуулагдсан “үндэсний хөгжмийн сайн дурын уран сайханчдын бүлгэм”-д элсэн орж байжээ. 1924 онд жанжин Сүхбаатарын нэрэмжит клуб, 1927 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн, 1931 онд Улсын төв театр зэргээр өргөжин хөгжиж байсан нийслэл хүрээний урлагийн байгууллагад хөгжмийн багш, эрхлэгчээр ажиллаж шинэ үеийн уран бүтээлчид, хөгжимчдийг бэлтгэхэд сэтгэл санаа, гар бие, эд хөрөнгөөр туслан дэмжиж(тэрээр өөрийн гэрт байсан ёочин, хуучир шанз, лимбэ, морин хуур, ятга, пипа зэрэг хөгжмийн зэмсэгүүдийг дээрх бүлгэмд бүрмөсөн шилжүүлэн өгч байжээ), зүтгэж байсан, шинэ театрын хамгийн анхны нь хөгжмийн багш юм. Д. Ишдулам 1933 онд Москвад болсон олон улсын ажилчны хувьсгалт театрын тэмцээнд оролцсон бөгөөд Улсын Бага хурал, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1935 оны 5-р сарын 11-ий 41-р тогтоолоор БНМАУ-ын алдар гавьяат хөгжимчин цол шагнагдсан манай дуу хөгжмийн нэрт зүтгэлтний нэг мөн.