Дашийн Балдандорж
Дашийн Балдандорж (1897 онд одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт төрсөн- ) -Дотоодыг хамгаалах газар буюу өнөөгийн Тагнуулын байгууллагын анхны дарга бөгөөд Жа лам Дамбийжанцанг устгах үйл ажиллагааг биечлэн удирдсан хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Балдандорж нь 1921 онд Ардын журамт цэрэгт элсэн орж, Хиагт болон Нийслэл Хүрээг чөлөөлөх, зүүн хязгаарыг тохинуулах байлдаануудад оролцсон ба Цэргийн Яаманд хариуцлагатай алба хашиж байсан Ардын хувьсгалын партизан юм. Тэрээр 1921-1922 онд нэгдүгээр Мрин бригадад хорооны дарга, Хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв Хорооны дарга, 1922-1923 онд Дотоодыг хамгаалах газрын анхны даргаар томилогдон ажиллаж байв.
Д.Балдандорж нь 1922 оны 5-р сараас Дотоодыг Хамгаалах Газрыг байгуулах бэлтгэл товчоог толгойлж, тус байгууллагын дүрэм, бүтэц зохион байгуулалт, орон тоо, төсвийг боловсруулсан бөгөөд Улсыг аюулаас хамгаалах байгууллагыг эмхлэн байгуулж, үйл ажиллагааг бэхжүүлэх, анхны ажилтнуудаа сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Монголын баруун хязгаарыг таслан авч, зүүн гарын Монгол улсыг байгуулах оролдлого хийж байсан Дамбийжанцанг устгах цэрэг-тагнуулын ажиллагааг өөрийн биеэр удирджээ.
Түүнийг 1923 оны 4-р сард Засгийн газрын тогтоолоор Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилон ажиллуулж, энэ хугацаанд Өвөр Монголын зарим аймгуудад 4 сар гаруй хугацаагаар явж тусгай үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэрээр 1925-1926 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, 1927-1929 онд Аж Ахуйн Яаманд эрхэлсэн түшмэл, Мах комбинатын дарга, хоршооны шалган байцаагч зэрэг ажил эрхэлж байгаад 1929 онд “Баруунтан” хэмээн намаас хөөгдөж, 1933 оноос Улаанбаатар хотын Хоршооны орлогч даргаар ажиллаж байсан.
1937 онд түүнийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж, цаазалсан бөгөөд түүнд холбогдох хэргийг 1967 онд цагаатгагджээ.