Дашийн Мундаа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монголын шоронгийн хамгийн том хулгар , 1977 онд одоогийнхоор бол том сенсааци дэгдээгээд нам жим өнгөрсөн хүн бол Дашийн Мундаа юм. 

Дашийн Мундаа , Монгол улсын үндэсний бөхийн 2 удаагийн түрүү , улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын хамт

Түүний тухай түүхүүд[засварлах | edit source]

1) Гандангийн лам Ш.Чулуунбаатар бээр нэгэн түүх ярьсан нь бий. Тэр нь Монголын шоронгийн хамгийн том хулгар Дашийн Мундаагийн тухай юм. Д.Мундаа түүнд ийн ярьжээ. 
“Цагаан сар болоход би "Ганц худаг"-т ууц чануулж, бүтэн битүүлэг бэлдүүлээд тэр үед хорихын  даргаар шинэ томилогдож ирсэн Б-г дуудуулж өрөөндөө “хүлээж авахад” нүд нь орой дээрээ гардаг хүүр юм. Би бас "Ганц"-д Алтанцэцэг гэдэг хоригдол хүүхэнтэй хуримлаж байлаа. Хуримын ордноос “Хурим” архи, шоколадыг нь захиалж авчруулаад, хаан бугуйвч, хатан сүйх бөгжийг утсанд уяад Алтанцэцэг бид хоёр өрөө, өрөө рүүгээ зөрүүлж дамжуулалцаж байлаа.  "Чи чинь дуртай цагтаа дуртай өрөөндөө орж, шинэ орж ирсэн хоригдлуудын шинэ гутал хувцсыг мулзалдаг байсан гэсэн, Алтанцэцэгийнхээ өрөөнд нь явж очоод бөгжөө солилцохгүй яасан юм" гэсэн асуултад Мундаа:

"Иш-ш, ламтан минь, Та ийм гэнэн юм ярих юм. Дашийн Мундаа хуримаа хийж байна гэдгийг "Ганц худаг"-ийн бүх хулгайч нарт мэдүүлэх гэж, тэднийг түрхрүүлэх гэж, зориуд тэдний өрөөний шагайвар нүхнүүдийнх нь урдуур утсанд уясан бөгжнүүдээ явуулж, тэдэнд гайхуулж, тэднийг атаархуулж байгаа байхгүй юу.  Намайг Ганц-д байхад нэгдлийн дарга нар торх, торхоор нь цөцгийн тос   авчирч өгдөг, би тэндээс   чүдэнзний хайрцагийн чинээтэйг хулгайч нарт таван цаасаар зардаг байлаа" гэж  ярьжээ. 

2) Одоогоос хэдэн жилийн өмнө түүнийг Улсын циркт жижүүр хийж байхад нь энэ тухай асуухад зайлбаргүй хүлээн зөвшөөрөөд доорхи зүйлийг хуучилж билээ.

"Ах нь нэг ч удаа хүний талх булааж үзээгүй. Харин талхыг тэнцүүхэн тарааж өгдөг байсан. Ядарсан хоригдлуудыг бусдаас хамгаалаад их л харж үздэг байлаа. Харин өөдгүй зантай, хар муу санаатай, дээрэлхүү хоригдлуудыг олон ч удаа дарамтанд оруулж мөнгө төгрөгийг нь саасан. Жинхэнэ мөнгө эргэлдүүлдэг газар чинь юм шүү дээ. Мөнгө хатуу байхад "Ганц худаг"-ийн сувилагч хүүхнүүдийн нүдэн дээр яс цоожны мань мэт мянган төгрөг тоолоод гээд шүлсийг нь гоожуулж байлаа. Өөрийнхөө хүч чадлаар бүхнийг зохицуулдаг байсан болохоор хоригдлуудын дунд би нэр хүнд олсон.

Анх би 1969 онд Дөчин мянгатын сахилгагүй хүүхэд байхдаа айлын цонх руу буудаж тэнсэн ял авч байсан. Тэгээд яахав, иймэрхүү маягаар тэнсэн авч болох юм байна гэж тэнэгтээд дээрэм, зодоон хийж явсаар 1970 онд жинхэнэ шорондоо нүглээ наминчилсан.Тэр үед хууль ч чанга байж, хулигаанууд нь ч ширүүн байж. Ямарваа буу шийдэм, хутга шөвөг хэрэглэхгүй махан гараар шударга зодолддог байлаа. Цагаанхуаран, Улаанхуаран, 40 мянгат, 120 мянгатын гээд атаманууд дошин дээрээ их овгор. Миний хувьд гэвэл Дөчин мянгатдаа таггүй л явсан. Сүүлдээ би өөр дошинд очиж дээрэм, зодоон хийдэг болсон. Тэгээд иймэрхүү хэрэг даамжирсаар байгаад нэг л өдөр дөрвөн жилийн ял авчихаж билээ. Гэвч шоронд ялаа нэмүүлсээр байгаад 20 гаруй жил суучихсан. 1991 онд суллагдсан. Эхнэр авлаа, охинтой боллоо. Нарны амьдрал үнэхээр сайхан юм. Дутагдаж гачигдаж байсан ч эрх чөлөөтэй болохоор сэтгэл тэнүүн явах юм" гэж билээ.

1977 онд түүний өдүүлсэн том сенсаацийг одоо дэлгэе. Мундаа тэр үед дээш нь өргөдөл өгчихсөн , шоронгоос суллагдах магадлал маш их байжээ. Гэтэл нэг өдөр түүний гарт дөрвөн шил архи гүйгээд ороод иржээ. Шөнө болж хоригдлууд амарсаны дараа гал хам Эрдэнэ-Очирын Баттулгатайгаа уусан байна. Гурвыг нь уучихаад байж байтал Баттулга "Энэ муу Төмөрбаатар хянагч надад ял нэмүүлнэ гэж хуцаад байгаа юм. Ер нь энэ муугийн хандыг хага дарнаа" гээд хутга гаргаад иржээ. Заавал хутгаар яах гээв, зүгээр очоод л махан гараараа хандыг нь хага дарчихаач дээ гэж Мундаа хэлээд хутгыг нь аваад хармаалчихжээ. Гэтэл Баттулга үлдсэн ганц шил архиа аваад түүнтэй уулзахаар гарсан байна. Тун удалгүй хоёул барьцалдаад авчихсан зодоон цохион болоод явчихаж. Хянагч Төмөрбаатарын хармаанд буу байгааг Мундаа мэдчихээд: "Хөөе, наадах чинь чамайг буудчихна шүү!" гэж хашгираад Баттулгын хутгыг гаргаж ирээд Төмөрбаатарын хоолой дээр тавьчихжээ. Алив буугаа өгөөдөх, өгөхгүй бол хоолойг чинь хэрчлээ шүү! гэтэл Төмөрбаатар "Мундаа минь намайгаа өршөө! Авгай хүүхдийг минь бодооч! Би та хоёрыг юу гэж буудах юм бэ? Хэрэв би чамд буугаа өгчихвөл ажил амьдралгүй болно" гэхэд нь Мундаа өрөвдөөд буутай нь тавиад явуулчихжээ. Тэгээд Төмөрбаатар тэнд байсан туслах хянагчаа дагуулан ум хумгүй зугтсан байна. 300-аад хоригдолтой хэсгийн шоронгоо хаяад зугтсан тул хорих зоон тэрхэн үед эзэнгүй болжээ. Мундаа Баттулга руу агсарч "Хэл амаараа зохицоод өнгөрч байхад чи зугтаалгачихлаа. Одоо баларсан. Засан даяар түргэн авна. Тэгэхээр одоо шууд л байлдаад л өнгөрье. Хулгайч минь чи битгий айгаад байгаарай!" гэж түүнийг зандраад бүх утсан холбоог нь тасалсан аж. Мундаа сейфийг нь эвдэж онгойлгоод гурван сумтай винтов байсныг нь авч үүрээд Баттулгад бас нэг винтов үүрүүлжээ. Ингээд эзэнгүй болсон хорих зоон руу орж тэнд унтаж байсан 300 хоригдлыг сэрээж "За, хулгайч нар минь сонсож бай! Та нар оргож босно гэж их хуцацгаадаг. Засан эзэнгүй болсон. Дуртай нь оргоцгоо!" гэж Мундаа хашгирчээ. Харин аз болж тэндээс нэг нь ч оргоогүй байна. Урьд өмнө Мундаагийн араас дандаа хий буудаж сүрдүүлдэг Пүрэвсүрэн гэдэг хянагч байсан бөгөөд Мундаа юуны түрүүнд түүнээс өшөөгөө авах гээд гэр лүү нь очжээ. Хүчирхийлэл өөрөө хүчирхийлэл төрүүлдэг гэдэг нь энэ биз. Гэрт нь очтол тэр байсангүй. Харин авгай нь байж. За, тэгвэл авгайг нь эдэлчихээд явья гэж Мундаа шийдээд "Чамайг би зүгээр эдлэхгүй. Харин нөхрийг чинь байсан бол би шууд алах байсан юм" гээд бугуйн дахь цагаа авгайд нь тайлж өгөөд, хармаандаа байсан 150 төгрөгөө бас өгчээ. Ингээд авгайтай нь бараг тохиролцоод эр эмийн ажил хийжээ. Хэрэв Мундаагаас өөр хар санаатай хуншгүй этгээд байсан бол найр тавихгүй шууд л хүчиндэх байсан биз. Дараа нь Мундаа, Баттулга хоёр Мааньтаас Чойр орохоор трактор унаад явсан боловч замдаа цасанд суучихжээ. Цааш явган явж байтал төмөр замын зөрлөгийн дэргэд цоо шинэ пүүлэн зогсож байна гэнэ. Мань хоёр жолоочид нь шууд буу тулгаад машиныг нь дээрэмдээд явсан боловч бас л жалга руу оруулаад тэгнүүлчихсэн байна. Ер нь оргож босох гэсэн хар санаа олигтой амжилт авчирсан түүх халхын шоронд байхгүй. Ингээд мань хоёр 10-аад км газар явган алхаж маргааш өглөө нь Чойрт иржээ. Тэгтэл шөнийн галт тэргээр хот явах санаатай зогсож байтал хоёр машин хянагч ирээд түүн рүү гэрэл тусгах нь тэр. Хүрээд ирсэнийг нь шууд буудна гээд Мундаа винтовоо сумалчихаж. Харин Баттулга харанхуйг далимдуулаад зугтчихсан гэдэг. Тэд винтовтой Мундааг орхиод Баттулгын хойноос хөөгөөд явчихжээ. Энэ үед Мундаа эгзэгийг нь тааруулж бултаад вагоны буруу талаар авираад дээр нь гараад суучихсан байна. Төдөлгүй вагон хот руу хөдөлчихөж. Хүйтэн төмөр дороос нь хайраад, толгой өндийнгүүт хүйтэн салхи сийгээд Мундаа золтой л хөлдчихөлгүй 7-д зөрлөг дээр иржээ. Засан даяараа түргэн авч бүх зөрлөг рүү утсаар мэдээлчихсэн тул Мундаа дөнгөж буугаад л баригдсан байна. Тэгээд шууд л “Ганц худаг" руу ачигдаж өмнөх ял дээрээ данхийсэн 15 жил авч онцгой шоронд очжээ. Хэрвээ тэр 300-аад хоригдлоос оргож боссон бол Мундаа шууд л цаазаар авахуулах байжээ.

Дашийн Мундаа нь аварга Хадбаатартай багын найз бөгөөд түүнийг халхын шоронд байхад нь чамгүй харж үзсэн гэлцдэг. Тэр энэ тухай ярихдаа "1988 онд би Онцгойгоос дэглэм буураад Мааньтын чангад очсон. Тэр үед аварга маань хулгайч нарт дарамтлуулчихсан нэлээн базаахгүй байдалтай байсан. Тиймээс би "Халхын их аваргаа хүндэлдэггүй яасан арчаагүй хулгайч нар вэ" гээд цамнаж гарлаа. Мааньтын чангад ч тэр, онцгойд ч тэр, гянданд ч тэр би ер нь их хөндлөн байсан. Аваргыг дээрлэхсэн хулгайч нарыг бүгдийг нь цуглуулаад "Газар хэвтээд" гэж тушаав. Тэгээд Хадаа аваргыг дуудаад эднийг гэдсээрээ шах гэлээ. Аварга тэднийг ээлж дараалан дээрээс нь гэдсээрээ шахахад нөгөө чадалгүй амьтад чинь бетонон шалтай наалдаад амьсгал авч чадахгүй сүйд болцгоосон. Дараа нь бүгд Хадаа аваргаас уучлалт гуйж нүглээ наминчилсан. Наадам дөхөж байсныг хэлэх үү? Хадаа аваргыг би шоронд барилдуулах юм боллоо. Мөр хааг нь хэмжиж байгаад бүтэн орны даавуу эвдэж хайчлаад зодог шуудаг хийхэд дутаж байгаа юм. Хүний хувьд сайхан эр хүн шүү. Зурагтаар бөх харж байхад Хадаа "За, энэ яг тэгж хаяна даа" гэхэд л яг Хадаагийн хэлснээр хаяж байгаа юм. Архи сайн уудаг гэхээр нь би бас шоронд архидах юм боллоо. Таван шил архи аваад хувааж уулаа. Эхний нэг шилийг уутал нөгөөх чинь согтоод эхэлдэг байгаа. Өө! чааваас энэ чинь шальдаггүй эр байна гээд голсхийгээд, цааш уугаад байтал би согтоод уначихсан. Тэгтэл Хадаа эхлээд нэг халчихдаг, цаашаа хичнээн ч шилийг уусан согтдоггүй байсан" гэж билээ.

Ер нь халхын шоронд ямар нэгэн аргаар архи уудаг нь гэм биш зан болжээ. Тэр бүү хэл талхан дотор спирт шингээгээд гяндангийн өрөөнд оруулдаг байж. Хатсан талхаа цайнд дэвтээгээд шууд архи болгож яс цоожны өрөөнд манартлаа согтдог байсан гэлцнэм.