Дашчойнхорлин сүм

Чингис хааны тахилгад зориулан Халхын нутагт байгуулсан буддын шашны сүм.

Халхын Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошуу /өнөөгийн Дорнод аймгийн Булган сум/-ны нутаг Баян-Эрхэт уулын оройд 1863 онд нэгэн жижиг сүм байгуулж, Чингис Богдын дүр болон Хар сүлдийг бүтээн залж тахиснаар Халхын нутагт Чингис хааны тахилгын сүм анх байгуулагджээ. Энэ сүмийг Богд эзний түмэн өлзий батдах ба Монголын шашин, төрийн үйл хэрэг үүрд төвшин сайнаар дэлгэрч, ард олонд өчүүхэн ч харшлахын шалтгаан учрахгүй, зохилдохын буян чуулан хурж, амар төвшин аж төрүүлэх зорилгоор байгуулсан бөгөөд “Дашчойнхорлин” хэмээх төвөд нэртэй байв.

Гол сүм буюу тахилгын сүмийн хойморт Чингис хааны шүтээн дүрийг, хоёр талаар нь түүний хөлөг баатруудыг залж, үүдний хоёр талд Чингис хаанд сөгдөн мөргөж байгаа харь улсын дөрвөн элчийг цаасан шуумлын аргаар бүтээжээ. Мөн Чингис хааны үеийн цэргийн зэр зэвсэг болон ном судрыг энэ сүмд их хэмжээгээр хадгалж байжээ. Сүмийн хаалгаар ороход баатруудын толгой, гар зэрэг нь хөдөлдөг оньсон хөдөлгүүртэй байв.

Сүмийн оройд Чингис хааны Хар сүлдийг залж байсан тул түүхэнд “Тугийн сүм” хэмээн алдаршжээ. Энэхүү сүмд Хар тугийг жилд дөрвөн удаа, Чингис Богдыг таван удаа тахидаг байснаас гадна жил бүрийн хаврын сүүл сарын 21-нд Чингис хааны намтар, өчиг дуудах зан үйл гүйцэтгэнэ. Мөн гурван жилд нэг удаа Сэцэн хан аймгийн чуулган чуулж, цэрэг эрсээ данслан бүртгэсний дараа Туг, Чингис хаан болон аймгийн цэргийг захирах жанжны тамгыг тахиж эрийн гурван наадам хийдэг байв. Туг болон Чингис хаанд зориулж мөнхийн зул өргөдөг, мал сэтэрлэдэг байсан бөгөөд Туг, Чингисийн тахилч ламтай байжээ. Мөн өдөр тутмын Цогчин, Жасаа хурлаас гадна сар, улирлын тогтмол хурал, сахиусын тахилга, галын тахилга зэрэг тахилгын зан үйл гүйцэтгэдэг байв.

Тус сүмийн үйл ажиллагаа 1937 оны намар зогссон бөгөөд энэ үедээ дацан нэг, дуган сүм хоёр, жасын хашаа, байшин тус бүр нэг, лам нарын хувийн байшин дөрөв, лам 16 байв.

Тугийн сүм нь Чингис хаан болон түүний Хар сүлдийг тахидаг тахилгын сүм байснаараа Монгол оронд байсан бусад сүм хийдээс нэн өвөрмөц онцлогтой.