Дипломат харилцаа
Дипломат харилцаа (англи. Diplomacy) - Олон улсын эрх зүйн хэм хэмжээний зарчимд тулгуурласан, олон улсын харилцааны практикт нийцсэн бүрэн эрхт тусгаар улсууд болон тусгаар улс ба олон улсын эрх зүйн бусад субъектууд хоорондох дипломат үйл ажиллагааны үндсэн хэрэглүүр юм.
Гол төлөв харилцан төлөөлөл буюу Элчин сайдын яам харилцан суулгадаг байна.
Дипломат харилцаа нь улс орнууд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах үндсэн зорилготой юм.
Орчин үед 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу дипломат харилцаа тогтоодог байна.
Дипломат харилцаа тогтоохын өмнө ихэвчлэн улс орон, түүний Засгийн газрыг нөгөө улс олон улсын эрх зүйн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Өөрөөр хэлбэл дипломат харилцаа тогтоон байгуулсан баримт бичиг нь угтаа тус улсыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн баталгаа болдог.
Дипломат харилцаагаа таслах буюу зогсоох нь тухайн улсын Засгийн газрыг хууль ёсны гэж үзэхээ больсон, тус улстай дайн заралсан зэрэг үүссэн онц ноцтой шалтгаанаас шалтгаалдаг байна.
Дипломат харилцаа тогтоох нь сонирхсон улс орнуудын төлөөлөгчид хоорондоо шууд буюу гуравдагч улсын дипломат төлөөлөгчөөр дамжуулан хэлэлцээр хийсний үр дvнд болдог бөгөөд төр, засгийн газрын тэргvvн, гадаад хэргийн сайд нарын хооронд илгээлт, захидал, тэмдэглэл солилцох хэлбэрээр албан ёсоор батлагаажуулдаг. Талууд дипломат харилцаа тогтоосон баримт, дипломат төлөөлөгчийн газрын түвшин (элчин сайдын яам, төлөөлөгчийн газар), гэрээ хүчин төгөлдөр болох өдөр, хэвлэлээр зарлах өдөр, журмын талаар урьдчилан харилцан тохиролцдог байна.
Орчин үеийн дипломат арга, дадал, зарчим нь 17-р зууны Европ дахь ёс заншлаас ихээхэн үүдэлтэй. 20-р зууны эхэн үеэс дипломат ажиллагаа мэргэжлийн түвшинд хүрсэн юм. Дэлхийн ихэнх тусгаар тогтносон улс орнуудын соёрхон баталсан 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц нь дипломат журам, арга, үйл ажиллагааны хүрээг бий болгосон. Дипломат ажиллагааны ихэнхийг одоо элч, Элчин сайд зэрэг итгэмжлэгдсэн албан тушаалтнууд тусгай гадаад хэргийн албаар дамжуулан явуулж байна. Дипломатууд нь дипломат төлөөлөгчийн газар, ихэвчлэн консулын газар, Элчин сайдын яамдуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг; тиймээс дипломат гэдэг нэр томьёог заримдаа дипломат болон консулын ажилтнууд болон гадаад хэргийн яамны албан тушаалтнуудад өргөн хэрэглэдэг юм.
Монголын эзэнт гүрний үед (1206–1294) монголчууд өнөөгийн дипломат паспорттой төстэй "гэрэгэ" гэж нэрлэгддэг зүйлийг бий болгосон. Гэрэгэ нь элч төлөөлөгчийн ач холбогдлын түвшингээс хамааран гурван өөр төрөл (алт, мөнгө, зэс) байсан. Гэрэгээний хамт элч эзэнт гүрний аль ч хот, тосгон, овог аймгаас ямар ч саадгүйгээр хоол хүнс, тээвэр, байрлах газар авч ашиглах бөгөөд түүнд саад учруулахгүй байх онцгой эрх мэдэл бий болгосон юм.
Монгол улс 2025 оны байдлаар дэлхийн 193 оронтой бөгөөд олон арван олон улсын байгууллагуудтай албан ёсны дипомат харилцаатай байна.