Долгорын Норовцэрэн
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Д.НОРОВЦЭРЭНГИЙН
ТОВЧ НАМТАР
/1922-1991/
Д.Норовцэрэн нь 1922 онд Төв аймгийн Баянбараат сумын нутгийн Цагаанчулуут гэдэг газар малчин ардын Долгорын 3 дугаар хүү болон төржээ. 1932 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага сургуульд орж суралцаж улмаар 1937 онд Улаанбаатар хотын 2 - р дунд сургуульд шилжин суралцсан байна. Мөн оны 11 сард Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Монгол фабрикт элсэн суралцаж 1940 оны 2-р курсээ төгсөөд эх нутагтаа амрахаар ирсэн тэр цаг үед ардын гэгээрлийн яамны шийдвэрээр циркийн сургуульд шилжсэн нь өөрийн ирээдүйн жүжигчин болох мэргэжлээ сонгожээ. 1941 онд 7-р сард циркийн сургуулийг төгсөж гимнастикийн акробатчин мэргэжлээр мэргэжил эзэмшив.
Улсын циркт 1956 оны 01 сар хүртэл жүжигчнээр ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас циркийн орлогч дарга, 1957 оны 1-р сараас соёлын яаманд мэргэжилтэн зааварлагч, 1958 оны 1-р сараас Улсын циркт уран сайхны удирдагчаар 10 гаруй жил ажиллаж 1969 оны 4-р сараас улсын циркийн даргаар ажиллаж байгаад өөрийн саналаар жүжигчний мэргэжилд эргэн орж олон жил хүлээсэн мөрөөдөж явсан морины номерыг хийхээр сэтгэл шулуудсан билээ.
1974 оны 7-р сарын 7-ны өдөр Морьтны гайхамшиг номероо үзэгч олондоо өргөн барьж циркийн урлагт нэгэн шинэ төрлийг нээж моринд дуртай Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн энэ номероо залуу шавь нарынхаа хамт ЗХУ-ын багш А.А.Чуваевын сэтгэл харамгүй туслалцаатайгаар бүтээсэн байна.
Морьтны гайхамшиг номер нь Москва, Фрунзе, Челябинск, Кемерово, Омск, Душанбе, Новосибирск, Варшав, Дани улс хотуудад мөн өөрийн орны үзэгчдэд нийт 1368 удаа үзүүлбэрээ тоглуулсан байна. МУГЖ Д.Норовцэрэн нь циркийн талбайд агаарын анхны дан нисэлт, цуваа турник, жонглёр, Бамбук, агаарын рамка, Морьтны гайхамшиг, па де де, жокеи зэрэг 40 гаруй номерыг тоглож байжээ.
Мөн циркийн сургуулийн 2,3,4,5 - р төгсөлтүүдэд гимнастикийн багшаар ажиллаж олон шавь нартаа мэргэжлээ уламжлуулан арав гаруй номер найруулан тавьж циркийн олон арван программыг найруулан Монгол үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд амьдралынхаа турш 50 гаруй жил үнэнч шударгаар идэвх зүтгэл гарган ажилласан циркийн ахмадуудын нэгэн мөн билээ.
Д.Норовцэрэнгийн хөдөлмөр бүтээлийг улс орон ард түмэн нь өндрөөр үнэлж Засгийн газрын жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор хоёр удаа, Улс тунхагласны 50,60,70-н жилийн ойн медаль, Халх голын 30-н жилийн ойн медаль, 1961 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнажээ. 1974 оны шилдэг уран бүтээлийн Соёлын яамны шагналаар шагнагдаж байсан ба 1986 онд Д.Норовцэрэнгийн найруулан тавьсан устай аяганы номероо жүжигчин Цагаанхүү шавь нь мөн шагналыг хүртжээ.
Д.Норовцэрэнгийн Морьтны гайхамшиг номерын үзүүлбэрүүд нь өөрийн орны мөн гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч тэдний талархал, сайшаалыг хүлээж байсан төдийгүй урлагийн мэргэжлийн төвшнөөрөө дэлхийн алдартны эгнээнд орж Монголын циркийн урын санд бие даасан томоохон бүтээл болж түүхэнд үлдэх болжээ.