Дондогжалбуугийн Түдэв

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Түдэв Дондогжалбуугийн (хуурч).
Д.Түдэв нь билгийн улирлын 15-р жарны шороо нохой жил буюу 1898 онд хуучин Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны нутаг Гичгэнийн гол гэдэг газар бэйс Дондогжалбуугийн 8-р хүү болон мэндэлжээ. До бэйсийнх долоон хүүхэд нь тогтоогүй учир Түдэвийг гармагц хуучны ёсыг дагаж нутаг сэлгэн нүүж, одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нилээд хугацааг өнгөрөөжээ. Түдэв багаасаа эцгийгээ дагаж ийш тийш нилээд явж байсан бөгөөд 7 настайгаасаа эхлэн хуур хөгжим сонирхон оролдох болсон тул эцэг Дондогжалбуу нь хүүгийнхээ авьяас билгийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, тэр үеийн Богдын шар хуурч хэмээн алдаршсан Дамдин-Очирт шавь оруулсан ...
Түдэвийн эцэг нас бармагц Түдэвийг 9 настай байхад нь гүн хэргэм олгон хошуу захируулжээ. Түдэв гүнгийн хошуу нь Булган аймгийн Дашинчилэн сумын Үйзэн вангийн голоос Лахын уул өрхтэй зэрэг газрыг хамарсан байжээ. Түдэв багаасаа дуу, хуур сур, шагай, моринд дуртай байсан бөгөөд хошуу захирах албанд огт оролцдоггүй, уул ажлыг хошуу тамгын түшмэл Дэжид туслагч, Шагдар мээрин, Мятав захирагч нар гүйцэтгэж байсан байна. Тэрээр нэр зүүснээс өөр юмгүй байсан, зарим албат, иргэд нь Түдэв гүнгийнхээ барааг нэг олж харах юмсан гэлцдэг байжээ. Түдэв гүн ихэнхдээ Хүрээний Дарьгангын хороо хавиар суурьшин дуу хуур оролдон байжээ.
Хуурч Түдэв МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр бий болсон сайн дурын уран сайханчдын бүлгэмээс эхлэн Улсын театр болж өргөжих хүртэл ажилласан ахмад зүтгэлтний нэг юм. 1933 ба 1935 онуудад бусад нөхдүүдийн хамтаар Москвад очиж бичлэг хийлгэсэн байна. Улсын Бага Хурал, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын тогтоолоор Д.Түдэв нарт “улсын алдарт гавьяат хөгжимчин” хэмээх цол олгожээ. 1938 оны 5-р сард “феодал”, “японы тагнуул” хэргээр хэлмэгдэж нас барсан.