Jump to content

Доржсүрэнгийн Жаргалсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Доржсүрэнгийн  Жаргалсайхан (1965 онд Дархан хотын Дархан хороод төрсөн) нь Монголын спортын зүтгэлтэн юм.

Жаргалсайхан 1972-1982 онуудад Дархан хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгсөж, 1982-1985 онд хугацаат цэргийн алба хаав. 1985-1987 онд Дархан хотын ус сувгийн товчоонд засварчнаар ажиллаж байгаад 1987-1991 онд УБДС-ийн биеийн тамирын багшийн ангид элсэн орж суралцан, онц дүнтэй төгссөнөөр спорттой амьдралаа холбожээ.

1991-1994 он Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн, 1995-1999 онд ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант, 2000- 2003 онуудад Биеийн тамир, спортын үндэсний төвийн дэд дарга, 2003-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны орлогч дарга, 2012 оны 9 сараас 2013 оны 3 сар хүртэл ССАЖЯамны БТС-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар, 2016 онд ЭМС-ын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар тус тус ажиллаж байв.

Спортын зүтгэлтэн

[засварлах | кодоор засварлах]

Д.Жаргалсайхан нь 2000-2003 онуудад “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн эх төслийг санаачлан боловсруулж, УИХ, Засгийн газрын гишүүдтэй хамтран УИХ, Засгийн газарт өргөн барьж, ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр ажиллан, хэлэлцүүлж, батлуулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байсан юм.

Д,Жаргалсайхан нь Монгол Улсад 2002 онд дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын VII тэмцээн, 2006 онд бөхийн чөлөөт, сонгомол барилдааны VII тэмцээн, 2008 онд Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний анхдугаар тэмцээн, 2010 онд  дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн, 2012 онд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээн, 2014 онд олон улсын гандболын цомын төлөө Зүүн Азийн бүсийн тэмцээн, 2016 онд байт харвааны XI оюутны ДАШТ, 2016 онд эрэгтэй сагсан бөмбөгийн VI оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2019 онд Олон улсын гандболын холбооны цомын тэмцээнийг Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайдын захирамжын дагуу зохион байгуулж, үндэсний ЗБХ-ны нарийн бичгийн даргаар амжилттай ажиллаж өндөр хэмжээнд явуулан олон улсын байгууллагаас өндөр үзүүлэлт авч байв.

Түүний удирдсан оюутны спортын баг тамирчид ОУОСХолбооноос зохион байгуулдаг дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд 22 удаа, өвлийн Универсиадад 14 удаа, оюутны ДАШТ-д 31 удаа, Азийн оюутны аваргын тэмцээнд 40 удаа оролцож зөвхөн дэлхийн Универсиад наадмаас 11 алт, 17 мөнгө, 27 хүрэл, нийт 55 медалийг хүртэн Монголын оюутан, залуучуудыг спортын өндөр амжилтыг гаргахад туслан, биечлэн оролцож, зохион байгуулж байна.

Д.Жаргалсайхан нь БТС-ын төрийн бус байгууллагад ажиллаж Монголын Оюутны спортын холбооны (МОСХ) ерөнхийлөгчөөр 1992-1996 онд, 1996 оноос тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар одоог хүртэл, Монголын гандболын спортын холбоог (МГХ) 1993 онд анх үүсгэн байгуулан тэргүүлэгч гишүүнээр, 1999 оноос ерөнхийлөгчөөр, Монголын модон бөмбөгийн холбоог (ММБХ) 2003 онд байгуулж 2007 оныг хүртэл ерөнхийлөгчөөр, 2008 оноос тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, 2011 оноос ерөнхийлөгчөөр, Монголын софтболын холбоог (МСХ) 2005 онд бий болгон ерөнхийлөгчөөр, 2009 оноос тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна. Түүнчлэн 1991-2003 онд Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүнээр, 1994 оноос эхлэн Монголын үндэсний олимпын хорооны гишүүнээр, 2005 оноос Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.

Д.Жаргалсайхан МОСХ-г 1995 онд Японы Фүкүока хотноо, МГХ-г 2000 онд Португалын Эсторил хотноо, ММБХ-г 2003 онд Тайванийн Тайпэй хотноо, МСХ-г 2005 онд Филлипиний Манила хотноо болсон олон улсын хурлуудад төлөөлж оролцон тус тус гишүүнээр Монгол улсыг гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тэр 2004 оноос Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр, 2016 оноос тус холбооны дэд ерөнхийлөгчөөр, 2007 оноос Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр, 2017 оноос гүйцэтгэх хорооны гишүүнээр, 2007 оноос Олон улсын оюутны спортын холбооны Хяналтын хорооны гишүүнээр, 2015 оноос хяналтын хорооны дэд даргаар сонгогдон олон улсын нэр хүндтэй спортын байгууллагад Монгол улсын нэр хүндийг өргөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дэлхийн спортын түвшинд ажиллаж байгаа юм.

Д. Жаргалсайхан нь нийтийн биеийн тамирын чиглэлээр ОХУ-ын Томск хотноо 1999 онд “Багш болох оюутныг БТС-д дур сонирхолтой болгон төлөвшүүлэн хөгжүүлэх нь” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. Дэлхийн 30 орчим оронд болсон олон улсын хуралд 65 эрдэм шинжилгээний илтгэл, нийтлэл хэвлүүлэн хэлэлцүүлж, 30 орчим ном, сурах бичиг, гарын авлага материалыг зохион, эмхэтгэж, төвийн хэвлэлд 1000 гаруй мэдээ, сурвалжилга, ярилцлага гаргаж байв.

Д.Жаргалсайхан нь олон улсын хэмжээний мастерын цолтой, олон улсын шүүгч юм. Д.Жаргалсайхан нь дэлхийн 60 орчим оронд биеийн тамир, спортын чиглэлээр ажиллаж төрөл бүрийн уулзалт, хурал, арга хэмжээнд улс , эх орноо төлөөлөн оролцсон ба орос, англи хэлтэй юм.  

Түүнийг хөдөлмөрийг төрөөс үнэлэн 2002 онд Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2008 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2011 онд Боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон, 2012 онд Батлан хамгаалахын Хүндэт тэмдэг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2013 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", 2015 онд төрийн дээд шагнал Монгол улсын "Гавьяат дасгалжуулагч" цолоор тус тус шагнасан байна.

Жаргалсайханы ам бүл 4, хоёр хүүхэдтэй.