Jump to content

Дорнод хятадын төмөр зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дорнод хятадын төмөр зам

Дорнод хятадын төмөр зам- (орос: Китайско-Восточная железная дорога, товч-КВЖД; 1917 оноос өмнө- Маньчжурын зам, 1945 оноос хойш -Хятадын Чанчуны төмөр зам, 1953 оноос Харбины төмөр зам) -БНХАУ-ын Манжуурын нутаг дээгүүр дамжин хойноос урагш Харбин хотыг дайран Ляаодуны хойгийн Порт-Артур боомт хотыг холбодог төмөр замын сүлжээ.

1897 оны 7-р сард Дорнод Хятадын төмөр зам барих ажил эхэлсэн бөгөөд ЧитаХайлаарХарбин – Никольск - Уссуринск гэсэн чиглэлээр баригдаж эхэлсэн байна. Албан ёсны замын нээлт 1901 оны 11 сард болсон бөгөөд анхны зорчигчоо Санкт-Петербург-Владивостокийн хооронд тээвэрлэсэн байна. 1903 онд барилгын ажил бүрэн дуусч Оросын эзэнт гүрний бүрэн эзэмшилд байж орос иргэд үйлчилгээг эрхэлж байсан.

1900 онд гадаадынхны хүчирхийллийг эсэргүүцсэн “боксерийн бодлого”-ын үеэр баригдаад байсан төмөр замын ихэнх хэсгийг эвдэж сүйтгэсэн ч богино хугацаанд сэргээн барьж дуусгажээ. 1904-1905 оны дайнд (ер нь энэ дайн уг төмөр замаас болсон гэж үздэг) Орос Японд ялагдсанаар Далянь боомт хүртэлх төмөр зам Японы мэдэлд очив. Оросын Октябрийн хувьсгалын дараагаар буюу 1919 онд Зөвлөлт Орос Улс КВЖД-гээс татгалзаж байгаагаа зарласан боловч 1924 онд Хятадтай хамтарч эзэмшихээр дахин тохирсон хэдий ч 1928 онд Жан Сюлинь (Залуу жанжин гэгддэг) КВЖД-г эзэлсэн тул Зөвлөлт Холбоот Улс 1929 онд Хятадын эсрэг байлдааны ажиллагаа явуулж эрхээ дахин сэргээжээ. 1932 онд Япон улс Манжуурыг эзэлж тоглоомын Манж-Го улс байгуулсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улс 1935 онд КВЖД-г 140 сая иенээр заржээ. 1945 онд Зөвлөлтийн Улаан арми Манжуурыг Японоос чөлөөлснөөр уг төмөр замыг Ялтын уулзалтын дагуу Зөвлөлт-Хятад хоёр хамтран эзэмших болсон байна. 1949 оны 10-р сарын 1-нд Мао Зэдун тэргүүтэй БНХАУ байгуулагдсаны дараагаар буюу 1950 оны 2-р сарын 14-нд ЗХУ, БНХАУ-ын хооронд найрамдал, эвсэл, харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан. 1952 оны 12-р сарын 31-нд Дорнод хятадын төмөр замыг БНХАУ-д үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. 1953 онд уг замыг БНХАУ-д хүлээлгэн өгөх ажил бүрэн дууссан түүхтэй юм.

Хятадуудад шилжүүлсэн Дорнод Хятадын төмөр замын өмч нь 600 сая доллараар үнэлэгдэж, төмөр замын болон хөдлөх бүрэлдэхүүнээс гадна зүтгүүр засварын үйлдвэр, нүүрсний уурхай, ойн аж ахуй, худалдаа, нийтийн хоолны олон аж ахуйн нэгж, орон сууц (1,850,364 м²), 69 сургууль, 25 соёлын төв болон бусад байгууламжууд багтаж байжээ. 1953 оноос хойш уг төмөр зам нь Харбины төмөр зам болгон өөрчлөгдөн зохион байгуулагдсан бөгөөд энэ үед Оросын Дорнод хятадын төмөр замын түүх албан ёсоор дуусгавар болжээ.

Төмөр зам бүс нутгийн хөгжилд ямар чухал нөлөөтэй гэдгийг Дорнод хятадын төмөр замын /КВЖД/ түүхээс харж болно. Хэрэв 1898 онд Манжуурын хүн ам 7 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол 1930 он гэхэд 38 сая болж өссөн байдаг. Төмөр зам хөгжил авчирч зам дагуу олон хот, суурингууд байгуулагдав. Үүний тод жишээ нь гэхэд л дээр дурдсан Манжуур, Хайлаар хотууд юм.

Төмөр зам баригдсанаар Манжуур нь эдийн засаг хөгжлөөрөө Хятадын бусад хэсгээс үлэмж түрүүлэх болсон байдаг. Харин Орос орон өөрийн хязгаар нутгийн хөгжлийг олон жилээр хойш татаж хөрш орондоо түлхүү хөгжих боломж олгосон гэж үздэг юм. Оросын Алс Дорнод хүн ам сийрэг, хил залгаа Манжуурыг бодвол эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй хэвээр байна. Гэтэл КВЖД-гийн ачаар байгуулагдсан Харбин хот өнөөдөр 10 сая гаруй хүн амтай, аж үйлдвэрийн томоохон төв, тээврийн чухал зангилаа болсон байх жишээтэй.

 Commons: Дорнод хятадын төмөр зам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан