Jump to content

Дэлгэрмөрөн гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Дэлгэрмөрөн гол

[засварлах | кодоор засварлах]

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Улаан Тайгын нурууны 3351.5 өндөрлөгт орших жижиг нуураас эх авч Баянзүрх сумын нутгаар болон Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох, Мөрөн, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумдын нутгийг хиллэн баруун хойноос зүүн өмнө зүгт урсах замдаа уулын түргэн урсгалт Бүрэлгээн гол 42км, Бага Өлөнтийн гол 21км, Их Өлөнтийн гол 25км, Харганы гол 18км, Буриадын гол 33км, Хайсын гол 33км, Агарын гол 80км, Бэлтэсийн гол 102км, Бүгсэйн гол 110км, Их Таригийн гол 76км, Оглогын гол 32км, Шаргын гол 48км, Баяны гол 14км, Цагаан Бургасны гол 20км зэрэг 112 том, жижиг гол, горхиудыг нийлүүлэн зарим хэсэгт үзэсгэлэнтэй гүн хавцлуудыг үүсгэн Төмөрбулаг сумын нутагт Олон голын бэлчирт Сэлэнгэ мөрөн болтлоо 445км урт замыг туулна.

Сав газрын захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойт талд өндөр уулын бүсэд оршиж, физик газарзүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.

Дэлгэрмөрөн гол
Файл:Delgermurun0001
ЭхХорьдол сарьдаг, Улаан тайгийн нуруу
АдагОлон голын бэлчир
Усаа цуглуулдаг орнуудМонгол (Хөвсгөл)
БайршилХөвсгөл аймаг
Урт455км
Эхийн өндөр3351,5 м
Адгийн өндөр1148 м
Урсац0.2-2.5м³/сек
Ус цуглуулах талбай2664

Дэлгэрмөрөн голын эхээр Их, Бага Ногоон тайга, Тэмээн чулуут, Хайсын сарьдаг зэрэг битүү ой мод, эгц цавчим ханан хад, асга бүхий уулсын дундуур тахирлан урсах учраас голын хөндий маш давчуу бөгөөд Мөрөн хотын дэргэд тэлэгдэж уужирдаг боловч цаашаа дахин нарийсаж нэг голдирлоор урсах ба голын адаг орчмоор уудам хөндийнүүдэд орж урсгал нь бага зэрэг зөөлөрнө.

Голын эх орчмоор 28-42м, адаг орчмоор 50-100м өргөн. Гүн нь 0.5-3.0м хүртэл хэлбэлзэх бөгөөд ихэнхдээ 1.5-1.7м гүн зонхилно, усны уналт 2200м, урсгалын хурд 0.2-2.5м/сек бөгөөд 2664 га талбайгаас усжина.

Барлан, Тайж зэрэг томоохон нуураас гадна хэдэн арван жижиг нуур илүүдэл усаа түүнд нийлүүлж усаар тэжээнэ.

Усны горим маш тогтворгүй бөгөөд 5 дугаар сараас эхлэн усны түвшин дээшилж 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Энэ гол нь уулын гол учраас хур бороо элбэг жилд усны түвшин эрс дээшилж хөндийн татам төдийгүй голдирлоос хальж аюул учруулах явдал тохиолддог хэдий боловч түргэн татардаг байна.

Түүнчлэн ус цуглуулах сав газарт цас ахиу унавал хаврын шар усны үер удтал үргэлжлэж зуны борооны үерээс давах нь цөөнгүй байдаг.

Дэлгэрмөрөн гол 126-173 хоног мөсөөр хучигдах ба цөн бараг ажиглагдахгүй.

Хилэнтийн гүүр орчимд орших ус судлалын харуулын хэмжилтээр жилийн дундаж урсац 1.40км3 байна. Дэлгэрмөрөн голын үндсэн тэжээлийн 30% ул хөрсний, 27% хайлсан цас мөсний, 53% хур борооны ус эзэлнэ /Хөвсгөлийн ус, Ж.Цээпилмаа, 2013, Мөрөн/