Дэлхийн сэтгүүл зүйн түүх
Дэлхийн сэтгүүл зүйн түүх ном (УБ. I, II боть. 2003. 25,2 х.х.).
Доктор М.Зулькафиль, Ч.Чойсамба нарын бичсэн 2 боть нэг сэдэвт зохиол нь 1609-2000 он хүртэлх дэлхийн сэтгүүл зүйн түүхийг сүүлийн үеийн жишээ баримт, баялаг мэдээлэлд тулгуурлан бичигдсэн монгол хэл дээр гарсан анхны томоохон нэг сэдэвт зохиол юм.
Агуулгын тойм
[засварлах | кодоор засварлах]“Дэлхийн сэтгүүл зүйн түүх” бүтээл нь И.Гутенбергийн нээлт, анхны гар бичмэл сонинуудаас эхлэн даяарчлалын үеийн сансрын телевиз, цахим хэвлэл хүртэлх дэлхий дахины хэвлэл мэдээллийн хөгжил, өөрчлөлт шинэчлэл, чиг хандлага, шинэ үзэгдэл, онцлог шинжүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлж, хамгийн сүүлийн үеийн баримтуудыг судалгааны эргэлтэнд оруулж, үнэлэлт дүгнэлт өгснөөрөө шинэлэг гэж хэлж болно.
Дэлхийн сэтгүүл зүйн түүх ном нь 13 бүлэг, 62 хэсгээс бүрдсэн байна. Зохиогчид энэхүү томоохон түүхийн бүтээлийг бичихдээ судлаачид судалгааны объектыг таньж мэдэх тодорхой арга зүйн шаардлагуудын нийлбэр, олон талт, нийтлэг логикийн зарчим болон түүхчлэн үзэх (историзм) зарчмыг тулгуур арга болон ашигласан нь сонгож авсан объектыг олон талаас нь судалж, түүний мөн чанар, нийтлэг болон тусгай зүй тогтлыг тогтоох, хөгжлийн үе шатыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Сэтгүүл зүйн хөгжлийн үечлэлийг авч үзэхдээ дэс дарааллыг баримтлах зарчим болон хэв шинжийг судлах аргыг түлхүү хэрэглэхийг хичээсэн нь дэлхийн сэтгүүл зүйд янз бүрийн хэв маяг, төрөл хэлбэр, чиглэлийн сонин хэвлэл яаж үүсэн төлөвшиж, сэтгүүл зүйн хөгжилд ямар хувь нэмэр оруулсныг тодорхойлоход тусалжээ. Номыг бичих явцад орчин үеийн танин мэдэхүйн онолд түгээмэл хэрэглэдэг түүхчлэн судлах арга (судлагдахууны хувьсал хөгжлийг түүхийн үүднээс тогтоох) болон логикийн аргыг (судлагдахууны хувьсал хөгжлийг онолын үүднээс тогтоох) хэрэглэжээ.
Зохиогчид зөвхөн сэтгүүл зүйн түүхийг төдийгүй, түүхийн эх сурвалж мэдээллийн үндсэн дээр сэтгүүл зүйн талаарх мэдлэгийн хөгжлийг харуулах оролдлого хийсэн юм. Түүхчлэн судлах аргыг сэтгүүл зүйн баримтуудыг нийгэм, улс төрийн үйл явц, нөхцөл байдалтай тохирч буй эсэхийг харьцуулан судлах (синхроны судалгаа), сэтгүүл зүйн баримтуудыг түүний дотоод зүй тогтол, хувьсал хөгжил, уламжлалтай тохирч буй эсэхийг харьцуулан судлах (диахроны судалгаа) зэрэг хоёр чиглэлээр хэрэглэсэн нь дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийг нийгэм, улс төрийн үйл явцтай холбон тайлбарлах, бас бүс нутгийн сэтгүүл зүйн өвөрмөц онцлогийг гаргахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Дэлхийн сэтгүүл зүйн 400 жилийн түүхийг хоёр боть бүтээлд багтаах боломжгүй учраас зохиогчид сэтгүүл зүйн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн урсгал чиглэл, өвөрмөц үйл явдал, шинэлэг хандлага, онол, арга зүйн болон практик үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн үзэгдлүүдийн талаар нэлээд дэлгэрэнгүй өгүүлж, бусад баримт мэдээллийг тоймлон тусгасан нь арга зүйн хувьд оновчтой болсны илэрхийлэл мөн. Энэхүү нэг сэдэвт зохиол дэлхийн бүх тив, томоохон улс орнуудын сэтгүүл зүйн талаар тодорхой мэдээлэл өгч чадахуйц шинэ баримт мэдээллээр баялаг, орчин үеийн судалгааны аргыг оновчтой ашиглах замаар бичигдсэн, нөр их хүч хөдөлмөр шингээсэн сэтгүүл зүйн судалгааны томоохон бүтээл юм.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Сүүлийн жилүүдэд дэлхийн сэтгүүл зүйн түүхийн товч тоймыг агуулсан ном сурах бичиг, гарын авлага цөөн гарсан юм.
- доктор Т.Галдан “Олон улсын сэтгүүл зүйн хураангуй түүх” (УБ. 2002. 5 х.х.)
- доктор М.Баяртогтох “Дэлхийн сэтгүүл зүйн түүхийн тойм” (УБ. 2003, 10 х.х.)