Дэл уулын хадны зураг
Дэл уулын хадны зураг нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршино.
Баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино.
Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн бөгөөд эл нурууны уулс бүхэн бэлээсээ оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зурагнууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй ажээ. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан байна.
Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна.
Энэ цогцолбор дурсгалын зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй, нэг хэв загварын биш онцлог шинжтэй юм. Эндэхийн хаднаа хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зураг дотор ер тааралддаггүй билээ. Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгнүүд зэрэг дүрслэлүүд ихээхэн сонирхолтой юм.
Судалгаа, арчилгаа
[засварлах | кодоор засварлах]Анх 1960 онд Монгол, Зөвлөлтийн эрдэмтэд хамтран уг газрыг илрүүлэн зарим нэг дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулж байсан байна. Үүнээс хойш хэд хэдэн эрдэмтэд очиж судалгаа шинжилгээ хийж байсан юм. Монгол улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авагдсан мөн 2008 оны 175 дугаар тогтоолоор дахин жагсаалтанд орж батлагдсан.
Дэл уулын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус газарт байгаа сүг зураг, буган чулуу, булш, хиргисүүр, руни бичгийн дурсгалыг нэг бүрчлэн бүртгэн, зурагжуулах, карт, дугаар, таних тэмдэгтэй болгон сүг зураг бүхий хадан дэлүүдэд тээврийн хэрэгсэл хэт ойртохоос хамгаалж хаалт, хашлага хийсэн.