Дэн Сяопин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Дэн Сяопин (хятад уламжл. 鄧小平, хялбар. 邓小平, пиньинь Dèng Xiăopíng; төрөхдөө Дэн Сяньшэн (хятад уламжл. 鄧先聖, хялбар. 邓先圣, пиньинь Dèng Xiansheng); 1904.08.22- 1997.02.19) -хятадын нам, төрийн зүтгэлтэн. Албан ёсоор улсын тэргүүний албан тушаал хашаагүй боловч 1970-1990 онуудад Хятадыг удирдаж байсан хүн.

Хятадын "Соёлын хувьсгал" хэмээх зарлагдаагүй иргэний дайныг дараах нурсан улсыг өвлөн авсан Дэн Сяопин Хятадын удирдагчдын хоёр дахь үеийн гол төлөөл юм. Тэрээр "Хятадын онцлогтой социализм" -ын зарчмыг боловсруулан хятадын шинэ сэтгэлгээг нэвтрүүлж, Хятадад эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж улмаар улс орноо өнөөгийн дэлхийн зах зээлийн томоохон тоглогчийн нэг болгож чадсан хүн юм.

Намтар[засварлах | edit source]

Бага залуу нас[засварлах | edit source]

Сичуань мужийн Гуаньяан дүүргийн Чунцинь хотоос 100 км-т орших Пайфан тосгонд хөдөөний сэхээтний гэрт 1904 оны 8 дугаар сарын 22-нд төрсөн. Чэнгду-гийн Их сургуулийн хууль улс төрийн ангийг төгссөн түүний эцэг- Дэн Вэньмин ууган хүүдээ боловсрол олох нь чухал гэж мэдээд Чунцинь хотын хамгийн сайн сургуулийн бэлтгэл ангид бүртгүүлсэн байдаг ажээ. Сургуульд сурч байх үедээ Дэн нэрээ сольж өөрийгөө Дэн Сисянь (хятад уламжл. 鄧希賢, хялбар. 邓希贤, пиньинь Dèng Xīxián) гэж нэрлэх болсон байна. Эхийг нь Дань Ши гэдэг байсан бөгөөд Дэн айлын ууган хүү байжээ. Тэрээр хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй байжээ.

Дэн 1919 онд 15 настайдаа Франц улсыг зорьж 1920 оны 12 дугар сард 210 оютнуудын хамт "Андрэ Лион" усан хөлөг онгоцоор Францын Марсель боомтод буусан байдаг. Эдгээр оюутны дотор Хо Ши Мин, Чжоу Эньлай, Пол Пот нар байсан гэдэг. Францад очоод мөнгөөр их дутагдаж ихэнхи цагаараа ажил хийж байжээ. Төмөр уурхай, «Рено» автомашины үйлдвэр, гал сөнөөгч, хоолны газрын үйлчлэгч зэрэг ажил хийдэг байжээ. Францад байх хойгуур нь түүний эх нас барж эцэг нь хэд хэдэн удаа амжилтгүй гэрэлсэн байдаг.

Францад бусад нөхдийнхөө нөлөөн дор Дэн марксизмын үзэл санаанд автаж, суртал ухуулгын ажил хийдэг байжээ. 1922 онд тэрээр Хятадын Коммунист Залуучуудын Холбоонд, 1923 оны хоёрдугаар хагаст Дэн Хятадын Коммунист Намд тус тус элсэж, Хятадын Коммунист Залуучуудын Холбооны Европын салбарын удирдагчдын нэг болсон байна.

1926 оны 1 дүгээр сард тэрээр Францаас Зөвлөлт Орос орон руу И.Сталины нэрмжит Дорнодын Ажилчдын Их Сургуульд суралцахаар явжээ. Москва дахь тус сургуульд Чан Кай Шигийн хүү хамт нэг ангид сурч байсан гэдэг. Энэ үед ЗСБНХУ-д Эдийн засгийн шинэ бодлогын /НЭП/ эсрэг хурц тэмцэл өрнөж байсан бөгөөд Дэн Оросын большевикуудын үзэл бодол, капитализмаас социализм руу шилжих үеийн тухай Н.Бухарины үзэл бодолтой танилцах боломж олдсон гэж үздэг. Удалгүй 1927 оны 9 дүгээр сард тэрээр эх орондоо эргэн ирсэн юм.

Улс төрийн үйл ажиллагаа[засварлах | edit source]

Дэн Сяопин, 1937 онд

Дэн Сяопин эх орондоо буцаж ирээд нууц бүлгэмд ажилладаг болжээ. Хятадын улаан армийн их аянд оролцож явахдаа намын улс төрийн ажилтан болжээ. Анхлан дивизийн комиссар, дараа нь алдарт наймдугаар армийн комиссараар дэвшив. 1928 онд тэрээр Гуанси дахь Гоминданы Засгийн газрын эсрэг бослогыг удирдсан байна. Удалгүй бослого дарагдаж, Дэн Зөвлөлт засаглалтай Зянси руу нүүжээ. Эдгээр он жилүүдэд Дэн улс төрийн ажилтан, цэргийн дипломатчийн туршлага хуримтлуулж, асар их зүйл сурсан гэдэг. Иргэний дайны үеэр залуу Дэн өмнөд хятадаас умард руу явагдсан "Их нүүдэл"-д амжилттай оролцож, 1934 оны 12 дугаар сард ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын даргаар дахин томилогдлоо. Дэн улс төрийн комиссараар ажиллаж байхдаа Хятад Японы дайнд болон Гоминдантай хийсэн тэмцэлд хэд хэдэн амжилттай цэргийн ажиллагаа зохион байгуулжээ. 1947 оны 11 дүгээр сард Дэн Сичуань дахь Чан Кайши өөрөө суурьшиж байсан Гоминданы хүчний эсрэг довтолгоог удирдаж байжээ. Мөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Чунцинг эзлэн авсан юм. Гоминданы хятадад байсан энэ сүүлчийн бэхлэлтийг 1948 оны 12 дугаар сарын 10-нд коммунист цэргүүд эзлэн авсан бөгөөд тэр өдөр Чан Кайши Тайвань арал руу зугтсан байна.

БНХАУ байгуулагдсан жилүүд[засварлах | edit source]

1949 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ-ыг байгуулсны дараа Дэн тус улсын баруун өмнөд бүс нутагт намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ. Тэрээр их удирдагч Мао Зэдуны бодлогыг дэмжиж, шинэ засгийн газрын хэд хэдэн чухал албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 1952 оны 7 дугаар сард Мао Зэдун түүнийг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор Бээжинд шилжүүлэн татан авсан юм. 1953 оны зун Дэн Сяопин БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн хорооны нэгдүгээр орлогч дарга, Сангийн сайдаар тус тус томилогдсон байна.

1954 оны 4 дүгээр сард түүнийг ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газар, зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилов. Мөн оны 9 дүгээр сард түүнийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор баталсан байна.

1955 оны 4 дүгээр сард түүнийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгожээ. 1956 оны 9 дүгээр сард ХКН-ын VIII их хурлын дараа Төв Хорооны анхны бүгд хурлаар Улс төрийн товчооны гишүүн, Улс төрийн товчооны байнгын хороо, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Энэ нь Хятадын Коммунист намын Төв хорооны /Мао Зэдун/ даргын удирдлагаар намын өдөр тутмын ажил, ялангуяа нарийн бичгийн дарга нарын газрыг удирддаг намын хоёр дахь тушаал байв. Ингэж Дэн Сяопин намын дээд удирдлагад орж иржээ. Ийнхүү сонгогдоход олон хүчин зүйл нөлөөлсний, иргэний дайнд байгуулсан гавьяа, Франц, Зөвлөлтөд эзэмшсэн боловсрол болон дэлхийн бодлогын асуудлаар хэнтэй ч санал солилцдог, гадаадынхны өмнө биеэ зөв авч явдаг чанар нь юун түрүүн орно.

1957 оны 2 дугаар сараас 9 дүгээр саруудад Маогийн өмнөөс тэрээр "намын цэвэрлэгээ" болон бүх Хятадын "Зуун цэцэг дэлбээлцгээе" кампанит ажил явуулж, үүний дараа сэхээтний эсрэг кампанит ажлыг удирдсан байна.

Лю Шаоци-тай тэрээр ойртсон байна. "Их үсрэлт" хийх бодлого нуран унасны дараа Дэн Сяопин, Лю Шаочи нар ХКН-д байр сууриа бэхжүүлэв. Тэд хамтдаа "Их үсрэлт"-ийн бодлогын алдааг засахад чиглэсэн эдийн засгийн шинэчлэл хийж, улмаар намд нөлөөлж, хүн ардын дунд нэр хүндтэй болж эхэлсэн байна.

Дэн Сяопин. АНУ-ын төлөөлөгчдийн хамт

1961 онд Гуанжоу хотод болсон нэгэн хурал дээр тэрээр өөрийнхөө хамгийн алдартай “Муур цагаан эсвэл хар байх нь хамаагүй, хулгана барьж чаддаг байх нь чухал" гэсэн үгийг хэлсэн байдаг юм.

1963 онд ХКН-ын төлөөлөгчдииг тэргүүлэн ЗХУКН-тай харилцаа хэвийн болгох хэлэлцээрт оролцов. Үүгээр Дэн Сяопин марксист-ленинист шугамаас хазайсан болохоо зөвлөлт "ах нартаа" харуулж, зөвлөлтийнхний үүрдийн дайсан болсон гэлцдэг.

Хэлмэгдсэн үе[засварлах | edit source]

1966 онд "Соёлын хувьсгал" эхэлж Дэн бүх албан тушаалаасаа халагдсан юм. 1966 оны 8 дугаар сард Дэний хашиж байсан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал татан буугдсан байна. 1967 оны 4 дүгээр сарын 1-нд "Жэньминь жибао", "Хунчи" зэрэг сонинд Дэн Сяопиныг анх удаа "Лю Шаоцын нэрээр засгийн эрхэнд байгаа, капиталист замаар явсан хамгийн том хүн" гэж нээлттэй зарласан байна. 1967 оны 7 дугаар сарын 29-нд соёлын хувьсгалч ажилчид Дэн болон түүний эхнэрийг жагсаал руу чирж, доромжилж, зодож, дараа нь гэрийн хорионд оруулсан ажээ. Улаан хамгаалагчид түүний хүү Дэн Пуфанг барьцаалж, эхлээд эрүүдэн шүүж, дараа нь 3 давхрын цонхоор шидэж насан туршид нь тахир дутуу болгожээ. 1969 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дэн эхнэр, хойд эхийн хамт Бээжингээс Нанчан руу хүргэж, хуучин явган цэргийн сургуульд гэрийн хорионд байлгаж, тракторын үйлдвэрт жирийн ажилчин болгон явуулсан байна. Энэ үед Дэн шүүхэд дуудагдаж, шоронд нас барсан Лю Шаоцы-г бодвол би илүү азтай юм гэж өөрийгөө үзэж байжээ.

Францад залуудаа найзалж эхэлсэн, хорт хавдраар өвчилсөн Ерөнхий сайд Жоу Эньлай өөрийн залгамжлагчаар Дэн Сяопиныг сонгож, түүнийг улс төрд эргүүлэн авчрахыг Маод итгүүлж чаджээ. 1973 оны 3 дугаар сард Дэн Жоу Эньлай-гийн Засгийн газарт Ерөнхий сайдын орлогч болж, ХКН-ын X их хурлаар Төв хорооны гишүүнээр сонгогдож, 12 дугаар сард Мао Зэдуны санал болгосноор түүнийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүдийн бүрэлдэхүүнд оруулжээ.

1974 оны 4 дүгээр сард Дэн Сяопин Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганд Мао Зэдуны "Гурван тулгуурт ертөнц" -ийн онолын талаар илтгэл тавьж үг хэлсний дараа Х.Киссинжертэй хэлэлцээр хийсэн байна. Аравдугаар сард Мао Дэн-ийг ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн орлогч дарга, ХАЧА-ийн Жанжин штабын даргаар томилсон байна.

Жоу Эньлай 1976 оны 1 дүгээр сард нас барсан. Дэн Сяопины төрийн өсөлтөд Жоу Эньлай чухал үүрэг гүйцэтгэж байсан тул түүний үхэл нь Төв Хороонд Дэнийг дэмжих хүнгүй болгожээ. Оршуулгын дараа "Дөрвөн бүлэг дээрэмчид" Маогийн зөвшөөрлөөр "Дэнийг шүүмжил, зөв ​​зүйлтэй тэмц" нэртэй кампанит ажил эхлүүлжээ. Хуа Гофэн Жоу Эньлайгийн залгамжлагчаар тодорсон байна. Тэр жилийн 2 дугаар сарын 2-нд Төв Хороо яаралтай удирдамж баталж, Дэн Сяопиныг гадаад харилцааны салбарт ажиллахаар шилжүүлсэн бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ түүнийг намын аппаратын албанаас зайлуулсан хэрэг байлаа. Дэн дараахь саруудыг гэртээ өнгөрөөж, хувь заяаныхаа шийдвэрийг хүлээж байв. 3 дугаар сарын 3-нд Мао Соёлын хувьсгал хууль ёсны болохыг баталгаажуулсан удирдамж гаргаж, удирдамжийг дагаж Дэнийг шүүмжлэх кампанит ажил эхлүүлжээ. "Дөрвөн бүлэглэл" хувьсгалын эсрэг өдөөн хатгалга гэж үздэг бүлгийн гишүүд Дэн Сяопинг энэ үйл явдлыг зохион байгуулсан гэж сэжиглэж байгаа бөгөөд Мао түүнийг бүх албан тушаалаас нь огцруулсан ч намын гишүүн хэвээр үлдээжээ. 4 дүгээр сарын 7-нд Дэн Сяопиныг баривчилж, маргааш өглөө нь "Жэньминь жибао" сонинд Дэнийг хувьсгалын эсрэг элемент хэмээн зарласан Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын талаар нийтлэл гарав.

Цагаадсан үе[засварлах | edit source]

Мао Зэдун 1976 оны 9 дүгээр сард нас барж хятадын улс төрийн байдалд өөрчлөлтүүд эхэлсэн. Аравдугаар сард "Дөрвөн бүлэглэл"-ийг баривчлахад гол үүрэг гүйцэтгэсэн Батлан ​​хамгаалахын сайд Е Цзяньин болон ХКН-ын бусад ахмад дайчид намын шинэ дарга Хуа Гофэнгээс Дэн Сяопины цагаатгаж улс төрийн албан тушаалыг нь сэргээхийг шаардаж эхэлсэн байна. 1977 оны 7 дугаар сард ХКН-ын Төв Хорооны Бага хуралаар Дэн Төв Хорооны гишүүн, Улс төрийн Товчоо ба Байнгын Хорооны гишүүн, Төв Хороо ба Цэргийн Зөвлөлийн орлогч дарга, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, ХАЧА-ийн Жанжин штабын дарга болжээ.

1978 оны 11 дүгээр сараас 12-р саруудад ХКН-ын Төв Хорооны ажлын хуралдаанаар Дэн-ийг дэмжигчид Хуа Гофенгийн бүлэглэлийг бут цохиж, Дэн Сяопин Хятадын бодит удирдагч болсон юм.БНХАУ-д реформ шинэчлэлийг эхлүүлсэн ХКН-ын Төв хорооны 1978 оны алдарт гуравдугаар бүгд хурлыг сэдсэн гол хүн бол Дэн. Түүнийг оролцоотойгоор нам улсын үй олон ажилтнуудыг цагаатган, эргүүлж дэвшүүлсний дотор рефоормыг хамтран хэрэгжүүлсэн гавьяатан Ху Яобан, Жао Зыян нар байсан.

1978 оны 11 дүээр сард "Бээжингийн хавар" хэмээх улс төрийн богино хугацааны либералчлал эхэлсэн түүхтэй. "Бээжингийн хавар"-ын үеэр Соёлын хувьсгалыг нээлттэй шүүмжлэхийг зөвшөөрч Дэн өрсөлдөгчдөөсөө аажмаар ангижирч эхлэв. Соёлын хувьсгалын талаарх олон нийтийн шүүмжлэлийг хөхиүлэн дэмжих замаар тэрээр Соёлын хувьсгалын үеэр байр сууриа олж авсан хүмүүсийг зайлуулж түүнтэй адил зовж шаналж байсан хүмүүсийн байр суурийг бэхжүүлж эхэлсэн байна. Улмаар Дэн Сяопины нэр хүнд өдөр бүр нэмэгдэж байлаа.

Дэн Сяопины ачаар Хятад болон Барууны орнуудын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орж сайжирсан юм. Дэн гадаадад айлчлалууд их хийж барууны удирдагчидтай хэд хэдэн удаа найрсаг уулзалт хийж хятад улс нээлттэй болж эхэлсэн юм.

1979 оны 1,2 дугаар сард Дэн Сяопин АНУ-д албан ёсоор айлчилж, Ерөнхийлөгч Жимми Картертай Цагаан ордонд түүхэн уулзалт хийж хоёр улс дипломат харилцаа тогтоосон байдаг.

Хятад-Японы харилцаа идэвхижиж Дэн Япон Улсыг хурдацтай хөгжиж буй эдийн засгийн хүч чадлын жишээг дурдаж тус улсын туршлага нь ирээдүйн эдийн засгийн өөрчлөлтийн хүрээнд Хятад улсад сургамж болж болох юм гэж хэлж байжээ.

Өөр нэг ололт бол 1984 оны 12 дугаар сарын 19-нд Их Британи, БНХАУ-ын хооронд 1997 онд Хонконг Хятадад буцааж өгөх тухай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Дэн үүний дагуу 50 жилийн турш Их Британийн 99 жилийн турш засаглаж ирсэн Хонконгийн улс төр, эдийн засгийн тогтолцоог өөрчлөхгүй байхаар тохиролцсон байдаг. Үүнтэй ижил төстэй гэрээг Португалтай байгуулж Макаог Хятадад буцааж өгөхөө амласан байдаг.

Дэн "Нэг улс-хоёр систем" -ийн зарчмыг зарлаж БНХАУ үүнийг Тайваньтай нэгтгэх талаар хэлэлцээ хийхээ зарласан юм.

Мөн 1986 оны 5 дугаар сарын 16-нд Бээжин хотноо ЗХУ-ын удирдагч М.Горбачёвтай уулзаж "Өнгөрсөнийг хааж ирээдүйг нээх" хэрэгтэй гэж Дэн Сяопины хэлсэнээр Хятад-Зөвлөлтийн харилцаа сэргэж эхэлсэн түүхтэй.

Дэн Сяопины үзэл баримтлал[засварлах | edit source]

Дэн Сяопин шинэчлэлийн онолдоо улс төрийн дэмжлэг үзүүлэхийг баримталдаг үзэл сурталч байсан. Гэсэн хэдий ч олон судлаачид эдийн засгийн шинэчлэл нь Дэн-ийн хувийн санаа бодол биш Ерөнхий сайд Жоу Эньлай "дөрвөн шинэчлэл" -ийн зарчмын тэргүүлэх чиглэлийг хамгийн түрүүнд сурталчилж байсан гэж үздэг. Түүгээр ч үл барам олон шинэчлэлийг мужийн удирдагчид боловсруулж, хэрэгжүүлж, заримдаа төв засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлдэг байв. Хэрэв шинэчлэл амжилттай болсон бол түүнийг өргөн хүрээнд хэрэгжүүлж, улс орон даяар шинэчлэл болж хөгжсөн юм. Бусад олон шинэчлэлийг "Азийн эдийн засгийн барууд" гэгчийн туршлагын нөлөөн дор ч хийсэн.

Хөдөө аж ахуйн салбарт "ард түмний коммун" -ын ихэнх нь татан буугдаж, тариачид ихэнхдээ гэр бүл өөрийгөө тэтгэх аж ахуйд шилжсэн. Шинэчлэлийн хоёрдахь үе шатанд (1984-1992) төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог буулгаж, зах зээлийн эдийн засагт шилжсэн.

Дэн мөн Хятадад "эдийн засгийн тусгай бүс" байгуулах санаачилга гаргасан бөгөөд үүний ачаар тус улсад гадаадын хөрөнгө оруулалтууд татагдаж эерэг хандлага нэвтэрсэн байна.

Дэн Сяопин /1904-1997/

Дэн Сяопин 1989 онд Цэргийн төв комиссын даргын албан тушаалаас өгсөний дараа бүх бусад албан тушаалаасаа мөн огцрохоор албан ёсоор шийдсэн юм.

1992 онд Дэн улс төрийн тавцанг үүрд орхисон юм. Гэвч Хятад улс "Дэн Сяопиний эрин үе" -ийг туулж дуусаагүй байв. Дэн албан тушаалгүй байсан ч Хятадын дотоод, гадаад бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлэн, оюун санааны удирдагч хэвээр байсан. Дэн "Хятадын эдийн засгийн шинэчлэл, социалист шинэчлэлийн гол архитекторч" /architect of contemporary China/ гэж нэрлэддэг. Тэрбээр ахмад үеийн бусад улстөрчдөд хэрхэн нэр төртэй тэтгэвэрт гарч бусдад зам тавьж өгөх талаар сайн үлгэр дууриалал үзүүлсэн билээ. Тэрбээр удирдагчдыг нас барах хүртлээ удирдах албан тушаал хашдаг байсан туршлагыг нэг мөр устгасан гэж үздэг. Түүнийг ямар ч цол, гуншингүй зүгээр л "Нөхөр Дэн" гэж нэрлэдэг болсон юм.

Дэн Сяопины үхэл[засварлах | edit source]

Дэн Сяопин 1997 оны 2 дугаар сарын 19-нд 93 дахь насандаа таалал төгссөн. Үхлийн албан ёсны шалтгаан нь Паркинсоны өвчинтэй холбоотой уушгины халдварт өвчин байсан гэдэг. Дэн Сяопины гэрээслэлийн дагуу түүний шарилыг чандарлаж, үнсийг нь далай дээр цацсан байна. Түүнийг эрх баригчид албан ёсоор “агуу марксист, пролетарийн агуу хувьсгалч, төрийн зүтгэлтэн, цэргийн удирдагч, дипломатч; Хятадын Коммунист нам, Хятад, Ардын чөлөөлөх арми, БНХАУ-ын гол удирдагчдын нэг; Хятадын эдийн засгийн шинэчлэл, социалист шинэчлэлийн агуу архитекторч" гэж зарласан байна.