Дүгэрийн Гонгор
1924 онд Ховд аймгийн Мөст сумын нутаг, Бооржийн гол хэмээх газар ард Дүгэрийн ууган хүү болон мэндэлжээ. 1936 онд Ховд аймгийн Дарви сумын бага сургуульд элсэн суралцаж байгаад, 1938 онд аймгийн төвийн дунд сургуульд шилжин суралцжээ. 1941 онд дунд Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотноо багш нарыг бэлтгэх техникумын дэргэдэх нэг жилийн курст элсэн суралцаж төгссөн байна. 1942-1953 онд Хөвсгөл аймгийн Идэр ,Ховд аймгийн Цэцэг, Алтай сумдад бага сургуулийн багш , дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, Ховд аймгийн гэгээрлийн хэлтсийн сургуулийн зааварлагч, Театрын дарга зэрэг ажил хийж байгаад 1953 онд монгол улсын түүхийн ангид элсэж суралцах болов. Д.Гонгор 1957 онд манай улсын эрдмийн их уурхай МУИС-ийг Түүхч, Түүхийн багш мэргэжлээр суралцаж дүүргээд шууд төрөлх сургуульдаа багшилж эхэлснээр түүхийн шинжлэх ухаанд бие сэтгэл, эрдэм ухаанаа зориулах болсон нэгэн билээ. 1960-аад оноос ШУА-ийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, зэрэг ажлуудыг хийж явжээ. Д.Гонгор 1967 онд “Халх монголчуудын Өвөг дээдэс ба Халхын хаант улс /8-17-р зуун/ сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний , 1974 онд “Монгол орон овгийн байгууллаас феодалын байгуулалд шилжсэн нь “ сэдвээр Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан, Д.Гонгорын эрдэм судлалын үндсэн чиглэл нь Халх ястны угсаа түүх, угсаа соёлын судалгаа байсан юм. Тэрээр халх түмний түүхийг товчоолон судалсан “Халх товчоон” 1-р бүтээлээ 1970 онд нийтлүүлэв. Ховд аймгийн Мөст сумын Сургуулийг түүний нэрэмжит болгосон билээ.
БҮТЭЭЛ
1. Ховдын хураангуй түүх УБ 1964 он
2. Халх товчоон боть 1-р УБ 1970 он
3. Халх товчоон 2-р боть УБ он 1978 он