Дөрөв дэх засаглал

Дөрөв дэх засаглал (“Четвертая власть”. Fourth Estate. Fourth Power). Энэ бол ОНМХ–ийг хүмүүст нөлөөлөх чадварын хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын дараа оруулсан сэтгүүл зүйн үйл ажиллагааны шууд бус утгыг илэрхийлсэн нэр томъёо юм. Мөн сэтгүүл зүйг “медиакратия”, “микрофоны засаглал”, “мэдээллийн засаглал” гэсэн утгаар бас хэрэглэдэг тохиолдол бий. Нийгэмд ОНМХ-ийг өөрийнхөө эрх мэдэлд байлгаж, орчин үеийн мэдээллийг бүрэн төгс эзэмшсэн хүн манлайлагч болдог онцлогтой. Чиглэсэн зорилго бүхий мэдээлэл засаг төрд, бас улс төрчдөд өөрсдийн имижийг бүрдүүлэхэд шаардлагатай байдаг. Тийм мэдээллийн ач холбогдол эрс өсөн нэмэгдэж байгаа нь улс төрийн маркетинг, мэдээллийн эрх зүй үүсэн бий болоход нөлөөлж байна. Мэдээлэл имижийг бүрдүүлж, паблисити буюу нэр хүнд олж авах, олонд танил болох, нийтийн өмнө гарах, сурталчлах, ажил хэргийн холбоо тогтооход нөлөөлдөг. Сүүлийн үед бизнесменүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох, үгүй гэхэд ОНМХ-ийн үйл ажиллагаанд “сүүдрийн” хяналт тавихыг сонирходог болсон нь үүнтэй холбоотой юм. Орчин үед ОНМХ олон түмэнд хүмүүс болон нийгмийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг үйл явдлын талаар цаг тухайд нь мэдээлэх, үйл явдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, үйл ажиллагааны янз бүрийн хувилбараар таамаглал дэвшүүлэх, нийгмийн харилцаанд нөлөөлөх, соён гэгээрүүлэх, зугаацуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. ОНМХ-ийг чиглэсэн зорилготой, оновчтой, ухаалаг ашиглах нь улс төрийн сурталчилгааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс төрийн удирдагчид, байгууллагуудын нэр хүндийг дээшлүүлэх, бас бусдын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхэд нөлөөлдөг. Сэтгүүл зүйн байнга өсөн нэмэгдэж буй үүрэг, нийгмийн систем дэх онцгой байр зэрэг нь “дөрөв дэх засаглалын” үүргийг улам эрчимтэй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа бөгөөд энэ нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой янз бүрийн байгууллагын анхаарлыг татаж байна. Үндэсний болон олон улсын байгууллагуудын ОНМХ-ийн асуудлыг хариуцсан хэвлэл мэдээллийн зөвлөлүүд (пресс-комисс), хэвлэлийн материалуудын дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулдаг хэвлэлийн албад, элчин сайдын яам, төлөөлөгчдийн газруудын дэргэдэх хэвлэл мэдээллийн товчоонууд (пресс-бюро), сэтгүүлчдэд зохион байгуулалттай үйлчлэх зорилго бүхий мэдээллийн хэлтсүүд буюу мэдээллийн төвүүд (пресс-центр), ОНМХ-ийн төлөөлөгчдийн пресс–клубууд, ОНМХ-тэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий албан тушаалтан болох хэвлэлийн нарийн бичгийн дарга нар, дипломат албадын хэвлэлийн асуудал хариуцсан ажилтнууд–хэвлэлийн атташе нар, хэвлэлийн бага хурал (press/news conference), яаралтай нийтлэх чухал мэдээллийг агуулсан ОНМХ-ийн ажилтнуудад зориулсан тусгай мэдээллийн хуудас буюу пресс-релиз зэрэг нь үүний тод жишээ юм. Нийтлэлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлын идэвх, үр нөлөөнөөс шалтгаалж (мэдээлэл бол хүлээн авагчдыг тодорхой хэмжээгээр удирдах, нөлөөлөх онцлогтой) ОНМХ нь засаглалын чухал хүчин зүйл болдог бөгөөд чухам энэ онцлогийг харгалзан түүнийг “дөрөв дэх засаглал” гэж нэрлэдэг. Гэхдээ “удирдах, нөлөөлөх” (юуны өмнө итгүүлэн үнэмшүүлэх замаар ухамсар, зан байдалд нөлөөлөх), “засаглалын нөлөө” хоёрыг адилтган үзэж, ижил зүйл гэж ойлгох нь учир дутагдалтай юм. ОНМХ нь нийгмийн институт болохын хувьд түүний “засаглалын эрх мэдэл” нь юуны өмнө эрхлэн гаргагч хэн болохоос ихээхэн хэмжээгээр шалтгаална. Түүнчлэн ОНМХ-ийн нөлөөлөх чадвар нь олон түмний түүнд хандах хандлага, итгэл найдвар болон улс орны янз бүрийн байгууллагуудын дундах нэр хүндийн төвшингээр хэмжигдэх бөгөөд энэ нь нийгмийн амьдралын үйл явдал, үзэгдэлд хийх дүн шинжилгээ, өгч байгаа үнэлэлт дүгнэлтийн баталгаа нотолгоо, итгүүлэн үнэмшүүлэх чадвар, авч байгаа арга хэмжээ зэрэгтэй шууд холбоотой юм. ОНМХ нь шууд утгаараа (ямар ч хашилтгүй) зөвхөн хоёрхон тохиолдолд дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг. Нэг дэх нь ОНМХ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын заавал биелүүлэх шаардлагатай шийдвэрүүдийг нийтлэх, нэвтрүүлэх явдал бол хоёр дахь нь төр, засгийн байгууллага ямар нэгэн хууль эрхийн актын хүрээнд шийдвэр гаргах явцад ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлгийг заавал харгалзан үзэх шаардлагатай гэж үзсэн тохиолдол юм. Энэ нь аливаа иргэн төрийн үйл ажиллагаанд оролцох нь ардчиллын шууд илэрхийлэл болох тухай Үндсэн хуулийн иргэний эрхийн тухай заалт нь ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэгт тусгалаа олж, тодорхой хууль эрхийн актад тусгасан тохиолдолд (ХМХ-ийн тухай, иргэний захидал, санал бодлын тухай, төрийн үйлчилгээний тухай хууль г.м.) биелэгдэх боломжтой. Сэтгүүл зүйн дөрөв дэх засаглал болох мөн чанар нь ОНМХ нь төр, засгийн институтуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, түүнд тавих ийгмийн болон хяналтын институтын үүргийг гүйцэтгэхэд оршино. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нийтлэл, нэвтрүүлэгт нийгмийн тулгамдсан асуудлуудыг болон олон түмний санаа бодлыг тусгах замаар төр, засгийн үйл ажиллагаанд хяналт тавих үйл явц юм. Өнөөдөр хяналтын үүргийг хууль эрхийн хүрээнд баталгаажуулах шаардлага хурцаар тавигдаж байна. Түүнчлэн ХМХ-ээр өөрийнхөө гишүүддээ хандсан нам, холбоо, нийгэмлэгүүдийн удирдах дээд байгууллагын шийдвэрүүд нь заавал биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Үүнээс өөр тохиолдолд ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг заавал нөлөөлөх чадваргүй байдаг бөгөөд “дөрөв дэх засаглал” гэсэн үгийг хашилтанд авдаг шалтгаан нь чухам үүнтэй холбоотой. Энд хашилт нь тухайн нэр томъёог егөөдсөн утгаар бус, сэтгүүл зүйн засаглалын эрх мэдэл, боломж, нөлөөлөл нь зөвхөн хязгаарлагдмал шинжтэй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм.