Егүзэрийн хийд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Егүзэрийн хийд нь 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар анх байгуулагджээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Чоно голын хойд дэнж дээр байгуулагдсан бөгөөд Цагаан-Овоо, Хуран, Алтан-Овоо, Чандмань зэрэг 4 тахилгат уулын дунд байрлажээ. Оточ нарын мамба, философийн чойр, харь зүгийн жүдэв, лүүжин тавигчдын хажид, цагийн хүрдний онол зурхайн дүйнхор гэсэн дацангуудаас гадна цогчин дуган, сэрүүн лаврин, баруун зүүн сэрдэн, суварга, зуугийн сүм зэргийг байгуулжээ. Анхны Егүзэр лам нь Лувсанбалдан хэмээх хүн байжээ. Егүзэрийн хийд нь Оросын II Екатрина хааны тосгоны бүтэц бүхийгээр баригджээ. Орд маягийн 20 гаруй байшинтай, хятад, япон, түвд, Монгол загварын барилгуудтай байжээ. Өдөр бүр байнга хурал ном хурж, бүрээ бишгүүр, хэнгэрэг цангийн дуу нижигнэсэн, маш хөл хөдөлгөөнтэй хийд байжээ. Их бага жастай байсан бөгөөд жасын хашаанд 6 ханатай том гэрт 8 тотго бүхий тулга тулж, түүн дээр 4 бариултай том тогоо тавиастай байв. Энэхүү тулга тогоо нь жил бүр Егүзэрийн хийдийн тахилга үйлддэг гал голомт байжээ. Цогчин дуганы үүдэнд өөд өөдөөсөө харсан 2 сүм байсан бөгөөд зүүн сүмийн урд “жинлүү” хэмээх хонх, баруун сүмийн өмнө “гүнлүү” хэмээх том хэнгэрэг байрлуулсан байжээ. Эдгээрийг өглөө, үдшийн цагийг зарлах, дохио өгөх зэрэгт хэрэглэнэ. Сэрдэн хэмээх сүмд тус хийдийн эзэд Егүзэрийн шарилуудыг занданшуулж, шилэн хоргон дотор бунхалдаг байв. Гэсэр сүм нь Лаврин сүмийн ард байрлах ба түүний баруун зүүн талаар лам нарын хашаа байшин гэрүүд эгнэж, зүүн баруун өмнө талаар сүсэгтэн олон, ядуу ардын гэрүүд эгнэж байжээ. Егүзэрийн хийд урьд нь Халхын сэцэн хан аймгийн “Өнө өглөгт” буюу “Энгэр мянгат” хийд хэмээн нэрлэгддэг байжээ. 1900 оны эхээр тус хийдийн тэргүүн нь Егүзэр хутагт Галсандаш байжээ. Тэрээр 1929 он хүртэл хийдэд эзэн сууж 30 насандаа Халхын 13 тамгатай хутагтын нэг болжээ. Егүзэр хутагт зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн байдаг. Алс холын аймаг хошуудаас хус, улиас, бургас авчран тариулж, газар хагалж тариалан эрхэлж байжээ. Буга согоо, тарвага, тагтаа авчран үржүүлж, улмаар тус хийдэд 21 зүйлийн амьтан бүхий хүрээлэн байгуулжээ. Егүзэр хутагт өөрөө илжигнээс эхлээд 50 гаруй толгой жижиг биетэй адууг Богдоос авчирч тэжээж байсан гэдэг. Нэхмэл хивс, цаас, шаазан ваарны үйлдвэрүүд хүртэл байгуулжээ. Мөн Оросоос мэргэжилтнүүд ирүүлж хайгуул шинжилгээ хийлгэн газрын хөрсний баялгийг хүртэл судлуулж байжээ. Гадаад орны худалдаачидтай малын ноос худалдаалах гэрээ байгуулж төр шашны хэрэг эрхлэх эдийн засгийн чадавхаа байнга сайжруулж байжээ. Егүзэрийн хийд 1927 он гэхэд 1325 лам хуврагтай байжээ. 1923 онд Егүзэрийн хийд дээр Монгол ардын намын үүр байгуулах хурал болжээ. Мөн түүний дараагаар Егүзэрийн хийд дээр 1923 онд Гаалийн хороо, 1924 онд цэргийн 19 дүгээр хороо, Эвлэлийн 26 дугаар үүр, Харилцан туслалцах 25 дугаар хоршоо, 1925 онд Бага сургууль, 1926 онд банкны 66 дугаар салбар, 1928 онд Үйлдвэрчний эвлэлийн түр хороог тус тус байгуулсан байна. Энэ бүхэн нь тухайн үед Егүзэр хутагт болон Егүзэрийн хийд Монголын зүүн хязгаар нутагт маш нөлөө бүхий байсныг гэрчилж байна. 1930 оны 9 дүгээр сард Егүзэр хутагтыг хувьсгалын эсэргүү хэмээх хилс хэрэг тулгаж, өөр 7 хүний хамт буудан хороожээ.