Ертөнцийн гурав
Ертөнцийн гурав нь Монгол ардын аман зохиолын сэцлэл буюу нэгэн төрлийн сургаал хэллэг юм. Ертөнцийн гурав нь гурван мөрөөс тогтох бадаг бүхий шүлэглэсэн хэлбэртэй ба эдгээр гурван мөрөөрөө бодит байдал, хийсвэр зүйл, гүн ухаан, амьдралын утга учир гээд бүхий л зүйлсийг оновчтой хэлж чаддагаараа онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс ертөнцийн гурвыг үр хүүхдүүддээ цээжлүүлэн ой тогтоолтыг нь сайжруулж, оюун ухааныг нь тэлж, амьдралын ухааныг сургаж иржээ.
Мөн ертөнцийн гурваас харьцангуй цөөн тоотой боловч ертөнцийн дөрөв, тав, ес гэж бий.
Гурав хэмээсний учир
[засварлах | кодоор засварлах]Монголчууд эрт дээр үеэс гурвын тоог их чухалчилж үздэг байжээ. Энэ нь гурван цагийн ёс, эрийн гурван наадам, аяны гурван дугараа, чандмань, соёмбон дээрхи галын гурван дөл зэргээс үзэхэд л ойлгомжтой юм.
Бөө мөргөлийн ёсонд ч мөн гурвын тоо нь их чухал тоо билээ. Бөө мөргөлийн ёсонд дээд, дунд, доод гэсэн гурван тэнгэр байдаг гэж үздэг бөгөөд хундагатай архийг баруун гарын ядам хуруугаар 3 цавддаг нь үүнтэй холбоотой юм.
Ертөнцийн гурав нь бүүр эрт дээр, бөө мөргөлийн үед гурван мөр бүхий бадагтай болж үүсчээ.
/br>
Алт мөнгөөр чимэвч, үс хар
- Ертөнцийн гурван ядуу
Эрдэм номгүй гэдэг нэг ядуу
Эд хөрөнгөгүй гэдэг хоёр ядуу
Эв эегүй гэдэг гурван ядуу
- Ертөнцийн гурван ариун
Эх хүний сэтгэл нэг ариун
Эх орончийн зүтгэл нэг ариун
Энх тайвны үйлс нэг ариун
- Ертөнцийн гурван хурдан
Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины явдал нэг хурдан
- Ертөнцийн гурван худал
Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал
- Ертөнцийн гурван тус
Төрөхөд халамжлахын тус
Өвдөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус