Жамсранжавын Болд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Жамсранжавын Болд (1958-1997) нь XX зууны Монголын зураасан зургийн түүхийг бичилцсэн уран бүтээлчдийн нэг юм.

2004 онд Урчуудын Эвлэлийн Хороонд дэлгэгдсэн дурсамж үзэсгэлэнгийн үеэр

Намтар[засварлах | edit source]

1978 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1996 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг тус тус дүүргэж, зураасан зургийн мэргэжил эзэмшсэн тэрбээр 1980-аад оны эхээр уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. Ж.Болд зураасан зургийн янз бүрийн арга ажиллагаагаар бүтээсэн олон арван дардас зураг нь үзэгч түмэндээ өндөр үнэлэгдэн, монголын урлагт хүндтэй байрыг эзэлсэн билээ.

Зураачийн оргил бүтээлүүд ардчилалын агаараар амьсгалж эхэлсэн 1990-ээд онд тохиодог бөгөөд уран бүтээлийнх нь гол сэдэв монгол ахуй, монгол төрх юм. Өнө эртний түүх, үндэсний уламжлал, өнөө цагийн амьдралаас урган гарах үзэл бодлын дундаас төрсөн уран бүтээлийнх нь баатрууд зураач ард түмнээрээ бахархаж явсны тод илрэл болжээ. Ж.Болдын бүтээлүүд нарийн бодож боловсруулсан зохиомж, амьд хөдөлгөөн, уран дүрслэл, маш оновчтой, хурц тод хэллэг, гүн утга агуулга, төгс гүйцэтгэл зэргээрээ ялгардаг. Тэрээр реалист арга барилаар бүтээж байсан тул бүхнийг нарийн тоочин дүрсэлсэн зургууд нь үзэгч байхад ойр байв. Ж.Болд зураасан зургийн янз бүрийн бүтээх аргыг чадварлаг эзэмшсэн ч жинхэнэ эр хүний гэж хэлж болохоор төмөр барын хүнд хэцүү арга ажиллагаануудад (акватинта, меццо-тинто, хуурай зүй, лавис, зөөлөн лак гэх мэт) дэндүү дурлаж, шунаж бүтээж байсныг олон тооны барууд нь (төмөр хэвүүд) гэрчилнэ. Эдгээр онцлогуудаар нь Ж.Болдын Монголын урлагт оруулсан хувь нэмрийг зураасан зургийн суут авъяастан германы Альбрехт Дюрер (1471-1528), испанийн Франсиско Гойя (1746-1828) францын Оноре Домье (1808-1879) нарын дэлхийн урлагийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэгтэй зүйрлэж болно.

Ж.Болд аливаа сэдвийг маш нухацтай судлаж, оюун ухаандаа цэгнэж, уран сайхнаар илэрхийлж байснаас түүний бүтээлүүд үргэлж ихийг бодогдуулдаг. Учир нь тэдгээрт амьдралын мөн чанарыг таних, хүний хувь тавиланг тайлбарлахыг эрхэмлэсэн байдгаас хамгийн аз жаргалтайгаас эхлээд хамгийн зовлонтой хүмүүс ч бий. Өөрөөр хэлбэл, амьдралын сайн сайхныг магтан дуулахын зэрэгцээ амьдралд тохиолдох гуниг зовлонг сэтгэлийн гүнд мэдэртэл үзүүлсэн билээ. Сэтгэл хөдлөлийн хоёр туйл болох далдын хүч, оюун санааны огтлолцлын цэг дээр төрсөн мэт санагдана. Энэ бүхнээс зураач маань 39-хөн наслахдаа ямар ч ихийг үзэж туулаа вэ? Гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг. Гэвч тэр хэзээ ч нийгмээ, амьдралаа, орчин тойрноо, хүн ардаа шүүмжилж байгаагүй юм. Тэр амьдралыг маш их хайрлаж, түүнийг хүмүүс ямар их харамсаж болохыг сануулж, сургаж байсан юм. (“Тас гэдэргээ”, “Нүглийн золиос”, “Харуусал”).

Ж.Болдын бүтээлд маш олон дүрүүд бий ч нэг зохиомжид олон хүн байх нь ховор. Энэ нь хувь хүний өвөрмөц төрхийг тод харуулахад анхаарлаа чиглүүлж байснаар тайлбарлагдана. Энд сайхан бүсгүйчүүд, зоригт баатрууд, зовлонд нэрвэгдэгсэд, тур ч байтугай аюулт мангас, ад чөтгөрүүд цөм бий. Тэд бүгд монгол төрхтэй. Зураач бодит амьдрал, уран зохиол, өнгөрсөн түүх, шашны сургааль, дотоод ертөнц, зүүд нойрноосоо уран бүтээлийнхээ сэдвийг олж байсан гэдэг. Тиймээс ч хүн бүхний төсөөлж чаддаггүй олон зүйлийг дүрсэлж, энэ бүхнээ зураасан зургийн уран сайхны илэрхийллийн нарийн түвэгтэй зураас, толбо, цэгүүдээр гайхамшигтай мэргэн үзүүлж байлаа.

Уран бүтээл[засварлах | edit source]

Ж.Болд юун түрүү онгол эрчүүдийн баатарлаг үйлс (“Хүннүчүүд”, “Модунь шанью”), хүч чадал, эрэлхэг зориг (“Шөвгийн дөрөв”, “Хавт Хасар”), эрдэм ухаан (“Тэв тэнгэр”, “Өвгөчүүд”)-ыг олон бүтээдийнхээ агуулга болгожээ. Зураачийн оновчтой татсан зураас бүхэн хүний өвөрмөц дүр төрхийг хурцаар илэрхийлж чаддагийг “Шөвгийн дөрөв”-ийн бөхчүүд харуулна. Зохиомжийг дүүртэл зогссон бөхчүүдийн өвөрмөц онцлог шинжийг өргөн шанаа, жартгар нүд, зангирсан булчин, хүчтэй зогсолт, аархаг төрх гээд л янз бүрийн байдлаас нь ажиглаж болно.

Сайхан бүсгүйчүүдийн тухай өгүүлсэн зохиомжууд нь зураач эмэгтэй хүний гоо сайхныг дэндүү гярхай, нарийн мэдэрч байсныг илтгэнэ. “Жинтүүтэй бүсгүй” (1999..), “Үсээ санаж буй нь”, “Бүсгүй”, “Цэцгэн бороо” (199..), “Янлинхуар”(199..), “Зүлэг” (199..), “Янжууртай бүсгүй”(199..), “Шанзчин”(199..) зургуудын дүрүүд бүгд залуу эмэгтэй бөгөөд төмөр, хулдаас, модон баруудын өвөрмөц арга ажиллагаагаар тэдний үзэсгэлэнт зүс царай, бие бялдрын уян зөөлөн байдлыг гайхалтай чадварлаг дамжуулсан байна.

Зураач Ж.Болд уран бүтээлийнхээ үзэсгэлэнг амьд сэрүүндээ хоёр удаа гаргахдаа “Үнэний хорвоо” (1995, 1997) хэмээн нэрлэсэн нь амьдралын мөн чанарт ихэд анхаарч байсны илрэл ю. Ялангуяа түүний хүмүүний хувь тавиланг заримдаа дэндүү сайн мэддэг, эсвэл огт ойлгоогүй мэтээр үзүүлсэн бүтээлүүд нь зураачийн гутарч, шаналж байсан үеийнх нь туурвилууд болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Чухамхүү ийм бүтээлүүдээ байнгын дарамтад байх үедээ бүтээсэн тухайгаа зураач нэгэнтээ өгүүлсэн бий. Эдгээртээ зураач хэн нэгнийг буруутгасангүй, харин өөрийн дотоод ертөнцийн хямралыг дэлгэн харуулж байжээ. Эрээн бараан амьдралаас урган гарсан бодлууд зүүдээр нь биежиж байсныг зургийн хавтгай дээр буулгаж харуулснаараа Ж.Болд сюрреалист зураачидтай төстэй. Тухайлбал “бачимдал” (199..) төмөр барын бүтээлд аварга эр цээжээ хага яран зүрхээ суга татжээ. Хүмүүний бухимдлын оргил цэг болсон энэхүү зохиомж дотоод ертөнцөө таниулж, ойлгуулах гэсэн хүний эцсийн шийдэл гэмээр. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан цаг мөчүүд зураачийг ийм хатуу шийдэлд хичнээн удаа хүргэсэн бол гэж бодогдоно. Өвдсөнөөсөө болж хашгирах эрийн дуу ойр орчныг цочроож буйг хуйлран эргэлдэх зураасууд, ангайн хагарах газраар илэрхийсэн байна. Бусдыгаа ойлгож амьдрахын чухлыг зураач ийн сануулжээ. Харин “Өөртэйгээ тэрсэлдэхүй ”(199..төмөр бар) зохиомж Ж.Болдын зан авирыг илтгэх мэт. Амьдралын бэрхшээлийг даван туулахад аливаа хүнд өөрийгөө ялах тэвчээр чухал гэдгийг туйлын хурц, тод, ойлгомжтой үзүүлжээ. Ясархаг эрийн гэдсийг хүү татан гарч ирсэн “дотор хүн”-тэй хийх тэмцэл бол том үүрэг, зорилгодоо хүрэх тамирчид, уран бүтээлчдийн асар их тэвчээр хатуужлыг бэлгэднэ. Энэ мэт өөрийн амьдралтай холбоотой зохиомжуудынх нь тоонд халуун дотно тэврэлдсэн хосуудыг дүрсэлсэн “Тэнгис далайг гатлан”, “Бидэн хоёр”, “Хойд насандаа ч хамт”, “Хайр” зэрэг бүтээлүүд ордог. Тэрээр ханийн жаргал, хайрын илчээр дутагдаж явсныгаа ийн нөхсөн гэлтэй.

Зураач Ж.Болдынхоор бол амьдрал өөрийн гэсэн хуультай, түүнээ зөрчигсөд гэсгээгдэх жамтай аж. Энэ тухай “Мангас” (199...) хэмээх төмөр барын бүтээл өгүүлнэ. Зохиомжийг дүүргэн зогсох духандаа ганц нүдтэй аварга том мангас эвэр, нүсэр биеэрээ ялгарна. Тэрээр хөлийнхөө дор бужигналдах олон хүмүүст оногдох шийтгэлийг тулгаж байна. Одоохондоо мангас аймшигт харгислалаа эхлээгүй ч түүний 6 сарвууны нэгэнд хурц үзүүрт сэлэм, нөгөөд хорт могой үзэгдэх нь аюул ойртсоныг дохиолно. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэсэн зүйр үг зохиомжийн гол санааг хэлж байна. Зөв амьдрахын чухлыг зураач энэ мэтээр “Уруу татагч” (199...), “Нөхөд” (199...) зэрэг олон бүтээлээрээ илэрхийлсэн билээ. Ж.Болд жинхэнэ монгол сэтгэлгээтэй зураач байсныг олон бүтээл илтгэх ч “Гөрөөс ээж” (199...), “Аав чоно” (199...) зохиомжууд улам ч тодотгодог. Эцэг хүний далд нулимс, агуу хайрыг бяцхан зулзагынхаа нойрыг манах эв хавгүйхэн зүст “хөх” чоноор төлөөлүүлэх зүрхтэн зөвхөн монгол зураач бөлгөө. Ийнхүү түүний урлагийн ертөнцөд хийсэн аялал богино хэдий ч ганзага нь дүүрэн байв. Бүтээсэн бүхнээрээ бусдыг гайхуулж чадсан Ж.Болд бол монголын урлагын тэнгэрт тодоос тод гялалзан харагдах “од”-уудын нэг билээ.[1]

  1. Уран бүтээлийн цомог, Зохиогч: Ж.Болд, Эрхлэн гаргасан: Ж.Боролмаа, Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Б.Эрдэнэбат Намтрыг: Урлаг судлаач, доктор О.Сосор