Jump to content

Жованни Палестрина

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жованни Пьерлуижи Палестрина(1525-1594)-италийн хөгжмийн зохиолч, Сэргэн мандалтын үеийн Ромын дэгд хамаарах олон хоолойн томоохон урлаачдын нэг.

Нидерландчуудын хийж бүтээсэн ололт амжилт бүхэн нь эргээд Европ дахинаа түгэн дэлгэрэх болж, өрнө дахины хөгжмийн сэтгэлгээнд тусгалаа олсон юм. Ялангуяа тухайн үедээ христийн шашны төв болж байсан Италийн хөгжмийн соёлд шууд утгаараа орж ирсэн байдаг.

Нидерландчуудын бий болгосон хөгжмийн соёлын шууд нөлөөн дор италийн сүмийн хөгжим шат ахисан гэдэг бол түүний голлох төлөөлөгчдийн тэргүүнд Жованни Пьер Луиджи Санте байсан юм. Хөгжмийн түүхэнд түүнийг нэрийг төрсөн нутгаар нь буюу италийн Палестрина хотын нэрээр тэмдэглэн үлдээжээ. Палестрина нь 1526 онд Ром хотын ойролцоох дээрх хотод төрсөн ба багаасаа хөгжимчин болох замаа эхэлсэн бол 1544 оноос төрөлх хотыноо сүмд ажиллаж 1551 оноос гэгээн Петрийн сүмийн Юлиана папын дэргэд капельмейстерийн алба хашиж байжээ. Тэрээр 1594 онд нас барсан байна. Цөөн тооны мадриаглуудыг эс тооцвол Палестрина ихэнхдээ сүмийн хөгжим зохиож байв.  Түүний зохиосон 100 орчим месса, 300 мотет болон бусад олон тооны шашны агуулгатай бүтээл, найрал дуунууд 33 боть болж өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна.

Палестрина Жованни
Найрал дууны бүтээл
Найрал дууны бүтээл

Палестрины зохиолоос

Сүмийн захиргааны хувьд хойд зүгээс улбаатай, хойд нутгийн хөрөнгөтний үзэл санаа дүүрэн шингэсэн хөгжмийн хэллэг, хөгжмийн дуурьсал өмнө зүгийн шашныхны таашаалд огт нийцээгүй байдаг. Алсдаа тэр нь шашны нөлөөллийг сүсэгтнүүдийн дунд бууруулах, үгүйсгэх хандлага гарах боломжийг бий болгох магадлалтай хэмээн хянуур хандах хэрэгтэй болж байлаа. Ялангуяа Тридентийн сүмд католик шашны шинэчлэлийн эсрэг үзэл санаа асар хүчтэй байх тэр үед Палестрины хөгжим, түүнийг зохиогчийн нэр алдар хүнд асар хурдацтай өсчээ. Түүхэнд тэмдэглэснээр бол Палестрины бичлэгийн, дуурьслын хэв маяг бол өмнө зүгийнхний үндсэндээ албан ёсны дуурьсал болж байсан юм.

Жованни Палестрина — энгийн, тодорхой байх гэсэн зарчмыг баримтлагч сүмийн, шашны хөгжмийн сүүлчийн төлөөлөгч байлаа. Хэдийгээр нидерландуудын уран бүтээлийн шинэ чиг хандлагыг хүлээн авч байсан боловч италийн ардын уламжлал, олон зуун жилийн шашны дэг жаяг, сэтгэлгээ, хөгжмийн хэллэгийг хадгалж байснаараа тэрхүү энгийн тод байх гэсэн эрмэлзлийн сүүлчийн төлөөлөгч болж байсан юм. Уламжлалаа хадгалах эрмэлзэлтэй байсан түүний уран бүтээлээр илэрнэ. Тэрээр сүмийн хөгжим-найрал дууны зэрэгцээ ямар нэгэн хөгжмийн зэмсэг авсангүй. Тэрхүү найрал дууныхаа зохиомжид ямар нэгэн нийтийн болон ардын дууны санаа, аялга оруулсангүй. Харин жинхэнэ утгаар нь сүмийн уламжлалт дуу, аялгууг оруулж, түүгээр шимтэн туурвиж байжээ.