Жүрхин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Жүрхин[засварлах | edit source]

Гарал үүсэл

Монгол бичгээр жирүхэ буюу зүрх гэсэн Монгол үг. Ихээхэн зүрх зоригтой гэсэн утгатай. Хабул хаан ахмад хөвүүн Охин Бархагтаа зүрх зоригтой эрсийг ялган өгснөөр Жүрхэн овог бий болжээ.

Жүрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хөвүүний ах нь Охинбархаг бүлгээ. Түүний хөвүүн Сорхату Жүрхи, Жүрхиний эцэг, Хабул ханы хөвүүдийн ахмад тул харьяат иргэдийн дотроос

Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шүүстэй
Уушгиндаа ууртай
Уруулдаа хилэнтэй
Хүчит бөх ба
Эрдэмт эрсийг

ялгаж хөвүүндээ өгөв. Ийнхүү уур омогтой, чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул Жүрхин гэж нэрлэжээ.

Чингис хаан Жүрхин нарыг өөртөө нэгтгэсэн түүх

Чингис хааны аураг гэр (эр гэр) Харилт нуурт байсан билээ. Жүрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж, тавин хүний хувцсыг тоноод арван хүнийг алжээ. Жүрхин нар ингэж сүйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж өгүүлрүүн: “Жүрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихүрийг тэд занчив. Бэлгүтэйн мөрийн цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Түүний хойно эцэг өвгөдий минь хорлосон эртний өшөөт Татаарыг хавсаран байлдъя гээд жүрхий нарыг зургаан өдөр хүлээсэн боловч, тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов” гээд Чингис хаан, Жүрхинтэй байлдахаар морилов. Жүрхин нарыг Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог гэдэг газарб айхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цөөн хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтү ам гэдэг газар гүйцэж, Сача бэхи Тайчү хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт өгүүлрүүн: “Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?” гэвэл, Сача Тайчу хоёр өгүүлрүүн: “Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүргэ” гэвэл, тэдний урьд хэлсэн үгийг сануулж, хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав.

Сача Тайчу хоёрыг дуусгаад Жүрхиний иргэнийг хөдөлгөж, ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтү баяны хөвүүн Гүн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гүн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр хөвүүнээ Чингист уулзуулан өгч өгүүлрүүн:

Босгын чинь
Боол болтугай!
Босгоноос чинь
Бултаж зайлбал
Борвий нь огтол!
Үүдний чинь
Өмч болтугай!
Үүднээс чинь
Дутааж зайлбал
Элгий нь эмтэл!”

гэв. Чулуун хайч Түнгэ Хаши хоёр хөвүүнээ уулзуулан өгч өгүүрүүн:

Алтан босгы чинь
Ашид сахиж байг.
Алтан босгоноос чинь
Ангид одох бол
Амий нь тасалж ал
Өргөн үүдийг чинь
Өргөж өгч байг
Өргөн үүднээс чинь
Өөр зүг явбал
Өрий нь эмтэлж ал”

гэв. Зэвгээг Хасарт өгөв. Зэвгээ Жүрхиний нутгаас Борохул нэрт хөвүүнийг олж авснаа Өэлүн эхэд уулзаж өгөв. Өэлүн эх, мэргидийн олж авсан Хүчү нэрт хөвүүн ба тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жүрхиний нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өэлүн эх хөвүүддээ өгүүрүүн: “Эднийг өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё” гэв.

Чингис хаан, нэгэн өдөр Бүри-бөх, Бэлгүтэй хоёрыг барилдуулъя гэв. Бүри-бөх Жүрхинд байсан билээ. Бүри-бөх, урьд Бэлгүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад хөдөлгөлгүй дарж чадах бүлгээ. Бүри-бөх, улсын нэртэй бөх байсан. Энэ удаа Бүри-бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулахад Бүри-бөх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүтэй, Бүри-бөхийг арай гэж мөрлөн дарж саарь бүс дээр гараад Чингис хааныг нүдээр хяламхийж харвал Чингис хаан хөмхийгөө зуув. Бэлгүтэй ухаан олж Бүри-бөхийг агдлан барьж, цээж бөгснөөс угзран татаж нуруугий нь хугалав. Бүри-бөх, нуруугаа хугалуулаад өгүүлрүүн: “Бэлгүтэйд би үл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би” гээд үхэв. Түүний нурууг Бэлгүтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон хөвүүний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бүлгээ. Түүний хөвүүн Есүхэй баатар, Гуравдугаар нь Хутугт Монхор, түүний хөвүүн Бүри-бөх, Бүри-бөх барилдахдаа Бартан баатрын хөвүүдээс илүү бөгөөд Бархагийн зоригт хөвүүдтэй нөхөрлөж явдаг бүлгээ. Улсын бөх Бүри ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв.