Jump to content

Залгаж үржүүлэх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Залгагдсан ургалт
Залгагдсан ургалт
Залгагдсан ургалт
Залгагдсан ургалт
Залгаж үржүүлсэн цэцэгт мод
Залгагдсан ургалт

Нэг ургамлын тайрдас буюу нахиаг авч нөгөө ургамалд наалдуулан ургуулахыг залгаж үржүүлэх буюу трансплантаци гэнэ. Залгаж ургуулах аргыг орчныхоо нөхцөлд сайн зохицсон ургамлын үндсийг ашиглан, түүгээр өөр ургамлыг тэжээлгэх зорилготой хийдэг юм. Жишээлбэл: давс, хужир их хөрсөнд ургаж чадахгүй ургамлыг тийм орчинд ургуулахын тулд давс хужирыг сайн тэсвэрлэдэг ургамалтай (галофит) залгана. Таримал ургамлыг гол төлөв тохиромжгүй гадаад орчин нөхцөлд сайн дадсан зэрэг ургамал дээр залгадаг юм.

Залгахдаа хэрэглэгдэх тайрдсыг залгаас гэх бөгөөд үндэстэйгээ байгаа эх ургамлыг ёзоор гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл залгаж ургуулахад залгаасыг ёзоор дээр авчран наалдуулж ургуулна. Энэ аргын амжилт нь тэдгээр залгагдах хоёр ургамлын залгаадас хэрхэн сайн бороолж эдгэрснээс хамаарна.

Залгаж үржүүлэх аргууд

[засварлах | кодоор засварлах]

Залгаж ургуулах аргыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн жимсний модыг ургуулахад хэрэглэж эхэлсэн бөгөөд одоо үед хэд хэдэн аргаар залгалтыг хийдэг. Одоо 200 шахам аргаар ургамлыг залгадаг боловч ойртуулах (аблактировка), тайрдсаар залгах, нахиагаар залгах мэтийн аргуудыг хэрэглэнэ.

Ойртуулан залгах

Зэргэлдээ ургаж байгаа хоёр ургамлыг хооронд нь ойртуулж наалдуулна. Үүнд залгагдах ургамлуудыг мөчрийн холтсыг урт, өргөн нарийнаар нь адилхан холтолж авна. Залгаас хийх ургамлын холтолсон хэсгийн өнгөн талд заавал нахиа байх хэрэгтэй. Залгагдах ургамлын холтсыг хуулж авсны дараа тэдгээрийг матийлган ойртуулж наалдуулаад холтос ховхолж авсан талаар нь залгаас нахиаг ил үлдээж бусад хэсгийг мочалаар бооно. Боолтыг суллахгүйгээр зун, өвлийн турш хэвээр үлдээх бөгөөд энэ хугацаанд наалдуулсан хэсэгт хоёр ургамлын хооронд дамжуулах системээр холбогдон эдүүд нь наалдан ургана. Боолтыг дараа жил авна. Боолт авахын өмнө залгаас хийх мөчрөө боолтын дундуур гүйцэд биш огтолж хэд хоног байлгана. Ийнхүү дутуу огтлол хийдэг явдал бол залгаасыг үндэснээс нь гэнэт салгахгүй аажмаар энэ ажлыг гүйцэтгэх болно. Хэд хоногийн дараа түрүүчийн дутуу огтолсноо гүйцээж огтлох бөгөөд үүний зэрэгцээгээр хажуугийн нахиануудыг ургуулахын тулд залгаасны оройг тайрна. Ийнхүү залгаас бол ёзоорын үндсээр тэжээгдэх болно. Өөрөөр хэлбэл залгаас ус, эрдэс бодисыг газрын хөрснөөс ёзоорын үндсээр дамжуулан авна.

Тайрдасаар залгах

Хэд хэдэн нахиа бүхий нэг настай мөчир буюу дөнгөж цухуйж байгаа ургамлыг тайрдас болгон авна. Залгалтыг хавар хийхийн тулд ургамлаа тайван байдалд орсон үед 10-р сараас 3-р сард мөчрийг бэлтгэж 0-5 хэмд хадгална. Авч буй тайрдасны оройн нахиануудын дээгүүр огтлон хаяж болох ба огтлолгүй үлдээж ч болно. Харин тайрдасны доод үзүүрийг хурц хутгаар ташуу байдалтай хурдан огтолж авах хэрэгтэй. Ташуу огтлол хийх нь наалдах талбай ихсэхээс гадна боож уяхад тогтвортай байдаг. Огтлолын чиглэл бороолж эдгэхэд ихээхэн ач холбогдолтой. Тайрдасаар залгаж ургуулахад тайрч авч байгаа нь тайрдас /залгаас/ мөн. Эх ургамлын /ёзоор/ залгагдах иш хоёрын бүдүүн нарийн нь адилхан байх хэрэгтэй. Тэдгээрийн нарийн бүдүүн байх нь шүүсний алдагдал бага байхаас гадна бороолон эдгэрэхэд хурдан байдаг. Огтлолуудыг яв цав давхцуулахын тулд ёзоор дээр залгаас хийсэн огтлолын нэг адил огтлол хийнэ. Ёзоорын огтлолыг нахианы ойролцоо хийнэ. Ингэж огтлолуудыг хийж гүйцэтгэсний дараа тайрдас ёзоор хоёрыг огтлолын байрлалаар нь давхцуулан тавиад залгаадсан дээгүүр сайн боож завсрыг нь садовый вар тосоор шавна. Заримдаа тэгшхэн огтлол хийхэд залгагдах нь муу байдаг учраас тагнайлдаж огтлох явдал шаардагдана.

Хавчуулж цуулж залгалт хийх

[засварлах | кодоор засварлах]

Хавар эрт ургамлын шүүс ид гүйж байх үед холтсон доогуур залгалт хийнэ. Холтсон доогуур залгалт хийхдээ залгаасыг мөн ташуу маягаар огтолж авч ёзоорын холтосны завсарт хийж хавчуулаад сайн боож, садовый вар тосоор нүх сүвийг нь шавж таглана. Шүүс гүйж байгаа үед хийвэл бие биедээ авцалдан амархан эдгэрч ургах бөгөөд залгахын тулд модлог эд, холтос хоёрыг амархан салгаж болдог. Холтсон доогуур хавчуулан залгаж ургуулахад ёзоорыг дээш эгц хөндлөн огтлоод захаас нь доош бага зэрэг холтсыг нь цуулах маягтайгаар босоо чиглэлээр зүсэн гараараа түүнийг болгоомжтой ярж залгаасыг суулгана. Авах тайрдас нь 3-4 зайдамтай байх ба доол үзүүрийг нь хоёр талаас нь шовхлон хэл хэлбэртэй болгож огтлоод залгалтыг хийгээд боож бэхэлнэ.

Нахиагаар залгаж ургуулах

Залгаас нь бага зэрэг модлог бүхий зөвхөн ганц нахиа байна. Ёзоорын холтсонд Т хэлбэрийн огтлол хийж аятайхан ярж байгаад урдчилан бэлтгэсэн нахиагаа суулгаж ярсан холтсоо эргүүлж тавиад сайн бооно. Нахиатай хамт явагдах модлог хэсгийн хэлбэр том жижиг ёзоорт хийгдсэн огтлолд тохирч байх хэрэгтэй. Нахиагаар залгаж ургуулах ажлыг хүйтэрлээс өмнө наалдаж ургасан байхаар бодож зуны улиралд хийнэ. Сайн хийгдсэн нахианаас хойтон хавар мөчир ургана. Залгалт хийгдсэнийн дараа жилийн хавар мөчир ургаж бүдүүрэх тутам боолтыг султгаж өгөх хэрэгтэй бөгөөд дахин султгасны дараа бүр мөсөн авч хаяна. Өвлийн хүйтэнд цас буюу өөр зүйлээр хучиж дулаалах шаардлагатай учраас залгалтыг ургамлын доод хэсэгт хийнэ.


Залгалт хийхэд эх ургамлын хувийн онцлог, хөгшин, залуу, залгахаар авч буй нахиа буюу тайрдасны байдал зэрэг чухал ач холбогдолтой. Залгалтанд хэрэглэх тайрдас нахиаг жимсээ өгч байгаа ургамлаас авах бөгөөд тэр нь уул ургамлын зүйлийн шинж чанарыг бүрэн хадгалсан байхаас гадна эрүүл чийрэг байна.

Нахиа, тайрдас хоёр ургамалдаа байрласан байрлалаараа шалтгаалж харилцан хоорондоо адилгүй байдаг юм. Ургамлын цэцэглэж байгаа хэсгээс тайрдас буюу нахиаг авч залгалтыг хийхэд түүнээс гол төлөв ихээхэн цэцэг бүхий мөчир гарах бөгөөд хэрэв хүчтэй ургаж байгаа хэсгээр залгаас хийхэд цөөн тооны цэцэгтэй сайн ургасан мөчир гарна.

Ямар нэгэн аргаар хийхэд залгаас залгаас, ёзоорын золомын давхцал чухал ач холбогдолтой байдаг. Залгахад ихэвчлэн залгаас, ёзоор хоёрын хооронд огтлолтоор шархалж үхсэн эдээс бор шар өнгийн үе бий болох бөгөөд сүүлдээ тэр нь уусаад сорогдох замаар буюу эсвэл шинээр үүсэх эсүүдэд түрэгдсэнээс алга болно. Залгаас ба ёзоор хоёрыг холбож наалдуулахад золом ихээхэн үүрэгтэй байна. Залгагдаж байгаа ургамлуудын хооронд аажимдаа дамжуулах эдийн холбоо буй болно. Дамжуулах эд эсвэл паренхими эсээс, эсвэл шинээр бий болсон золомоос үүснэ. Залгалтын амжилт залгагдах ургамлуудын филогенетикийн төрлийн холбоо зүйлийн өөрийн өвөрмөц онцлог зэргээс шалтгаална. Нэг талт урт ургамлуудыг хооронд нь залгаж ургуулахад хэцүү байдаг. Учир нь золом байхгүй бөгөөд ямар ч эмх замбараагүй байрласан дамжуулах багцуудтай учраас төвөгтэй юм. Харин хоёр талт үрт ургамал төрлийн холбоо нь хэдий чинээ ойрхон бол залгалт төдий чинээ амжилттай болдог. Жишээлбэл:нэг зүйлд багтах ургамлуудыг залгах нь нэг төрөлд багтах хоёр өөр зүйлийг хооронд нь залгаж ургуулахаас хялбар болно. Төрлүүдийн хооронд дахь залгалт хэцүү байдаг боловч сүүлийн үе хүртэл нэг овгийн ургамлыг нөгөө овгийн ургамалтай залгаж ургуулж болохгүй гэж байсан бөгөөд одоо түүнийг болдог болгожээ. Жишээлбэл: дэлгэрэнгүй цэцэгт ургамлын овгийн хамба цэцгийг (Marticaria) чэсэнцэрийн овгийн улаан лоольд залгаж ургуулжээ.

Мөн энэ маягаар морин шошийг наранцэцгэн дээр, сагадайг вандуйн дээр гэх мэтчилэн залгаж амжилт олж байна. Амархан үндэслэхгүй буюу тайрдсаар үрждэггүй ургамлыг задгаж ургуулдаг юм. Мөн залгаж ургуулах аргыг ургац нэмэгдэлтийг хурдасгах, өлчиржүүлэх, хоёр гэрт ургамлыг солбилцуулан тоос хүртээх, хугарсан мөчрийг солих, гоё ганган ургамал гаргаж авах зэрэгт хэрэглэж байгаа юм. Залгаж ургуулахад залгаас, ёзоор хоёр бие биедээ харилцан нөлөөлнө. И.В. Мичурин өөрийн туршлагаар тэдгээрийн нөлөөтэй болохыг баталжээ. Улаан лоолийг төмсөн дээр залгаж ургуулахад газар доор төмс ургадаг хэвээр байхад түүнээс дээш лоолийн улаан жимс боловсорч байх сонин тохиолдол байдаг юм. Мөн газрын лийр, наранцэцэг хоёрыг залгаж ургуулахад газрын лийрд заавал байх инулин наранцэцгэнд тохиромжгүй юм. Дээрх ийм жишээнүүдийн үндсэн дээр олон эрдэмтэд залгаас ёзоор хоёр бие биедээ нөлөөлдөггүй бөгөөд тэдгээрийн хуучин байсан шинж тэмдгүүд ямар ч хувиралтгүй байдаг гэж байжээ. Тэд зарим нэг нөлөөлөл байж болохыг зөвшөөрөх боловч үрээр үржихэд нөлөөлөхөөс шалтгаалж бий болсон өөрчлөлтийг удамшлаар дамжихгүй гэж хатуу баримталж байв. Залгаас ба ёзоор бие биедээ нөлөөлдөгийг залгагдсан ургамлын хүчирхэг хөгжил, цэцэглэлтийн хугацаа, жимсний чанар өөрчлөгдөх, хугацаа ихсэх, цаг уурын тохиромжгүй нөхцлийн сайн тэсвэрлэх зэрэг шинж тэмдэгүүдээр илэрнэ. Хааяа ёзоорын нөлөө уул ургамлын хооллоход тооны хувьслаар тайбарлагдана. Жишээлбэл: сайн ургадаг залгаас болон хэрэглэж, хөгжлөөр муу үндэстэй бөгөөд намхан ургадаг ургамалтай залгахад намхан ургамтгай, урт наслахгүй, тэсвэр муутай атлаа амт сайтай жимс эрт өгдөг ургамал гарна.

Үүнд: намхан ургадгийн шалтгаан бол нэгэнт ёзоор нь муу хөгжилтэй үндэстэй тул түүний хэрээр шим тэжээлийн бодис авдагаар тайлбарлагдана. Ёзоорыг зөь сонгон авах замаар залгаасыг сайн тэсвэрлэдэг чанартай болгож болно. Хүйтнийг сайн тэсвэрлэдэг сибирийн алиманд ердийн алимыг, амтат гуаг хулуун дээр тус тус залгах жишээтэй болно.

И. В. Мичурин, түүний шавь нараас залгаас, ёзоор хоёр бие биедээ нөлөөлөх чадварыг арай өөрөөр ойлгож байжээ. Тэд нар залгагдаж байгаа ургамлуудын харилцан нөлөөлөх явдал бол зөвхөн тооны хувьсгал биш, чанарын хувьсгалд хүрэх тул тодорхой нөхцөлд бий болсон хувьсгал үеэс үед удамшин дамжина гэжээ. Залгагдаж буй ургамлуудын харилцааны тухай энэхүү зөв ойлголт нь вегетатив эрлийзийн тухай ойлголтын үндэс болж байгаа юм.

И. В. Мичурин жимсний шинэ сортыг гаргахад залгагдаж байгаа ургамлуудын харилцан нөлөөлөх чанарыг өөрийн ажиллагаанд их хэрэглэсэн юм. Тэрээр ердийн залгаж ургуулахад элбэг тохиолддог ёзоор нт удамшлынхаа шинж тэмдгийг туйлбартай хадгалж чадах шалтгаан хийгээд тэр нь ямар нөхцөлд амархан эвдэрч болохыг тайлбарлажээ.

Ийм учраас И.В.Мичурин залгаасыг сонгохдоо нэг биш удаа үр жимсээ өгсөн жинхэнэ таримал сортын ургамлыг авч байсан бөгөөд түүний батажсан ургамшлын чанарыг хоёроос гурван настай залуухан ёзоор эвдэж чадахгүй байсан юм. Хэрэв залгаасыг залгуураар аваад ёзоорыг хөгшин ургамлаар хийвэл гаргах эрлийз нь ёзоорын шинж тэмдгийг давуу хадгална. И.В.Мичурин өөрийнхөө ажиллагаанд залгаас нь ёзоорт нөлөөлөх чанарыг чадамгай хэрэглэжээ.

Залуу, дөнгөж үр жимсээ өгч байгаа ургамалд ёзоор мөн сортын батжин удамшил бүхий ургамлыг (залгаас) залгаж гарсан эрлийз нь залгасан шинж тэмдгийг хадгалсан байжээ. Гаргаж авсан эрлийз нь ёзоорт нөлөөлөн, өөрийнхөө зарим нэг шинж тэмдгийг өгч байсан бөгөөд түүнийг вегетатив аргаар үржүүлэхэд шинж тэмдэг нь хадгалагдсаар байв.

Дээрх зүйлсээс үзэхэд залгагдагч хоёр ургамлын аль нэг өөрийнхөө шинж тэмдгийг нөгөөдөө шингээн, түүнийг өөрчлөн бойжуулах бөгөөд үүнийг “ментор” гэж нэрлэнэ.

Хөгшин, гүйцэт ургасан ургамлаар ёзоор хийгээд түүн дээр залуу ургамал залгавал ёсоор нь ментор болж өөрийнхөө шинж тэмдгийг залгаас дамжуулна. Харин ёзоор нь ургаж гүйцээгүй залуу ургамал, залгаас нь хөгшин байвал залгаас ментор болох бөгөөд шинж тэмдгээ ёзоорт өгнө. Бэхэжсэн удамшил бүхий хуучин сортын ургамлаар ганхмал удамшил бүхий шинэ залуу ургамлыг үалгаж ургуулах журмаар хэрэгцээтэй тал руу нь үйлчлэхийг меторын арга гэнэ. Залгаж ургуулахад ментор нь ёзоор буюу залгаас нь аль нэг нь байх болно. Залгаас ёзоор хоёрын аль нэгэндээ шингээж өгсөн шинж тэмдэг нь вегетатив үржлээр үржүүлжэхэд удамцлаар дамжин хадгалагдана. Жишээлбэл: хэрэв менторын аргаар гаргаж авсан сортын тайрдасыг үндэслүүлэхэд буюу өөр ёзоорт залгаж ургуулахад түүнээс тэр зэрэгтийн шинж тэмдэгтэй ургамал бий болно. Энэ талаах И.В.Мичурины хийсэн туршлага их сонирхолтой, үүнд залгаасаар алимын нахиаг, ёзоороороо лийрийн модыг хэрэглэжээ. Тэгэхэд залгаас дээр лийр хэлбэртэй байх бөгөөд жимсний шилбэ нь шигдэж ороогүй (алимын жимсний шилбэ дотогшоо шигдэж орсоноос гоожуур хэлбэрийн хонхорхойтой байдаг) жимс үүсжээ. Гаргаж авсан шинэ сортын жимсээ И.В.Мичурин “ренет бергамот” гэж нэрлэжээ. Энэ жимсийг вегетатив аргаар үржүүлэхэд алимны хэлбэр алдагдсангүй. И.В.Мичурин энэ жимсээ цааш нь янз бүрийн сортын алимуудтай эвцэлдүүлэн эрлийзүүдийг гаргаж авсан бөгөөд тэдгээрийг бэлгийн аргаар үржүүлэхэд жимсний хэлбэр нь алдагдалгүй удамшлаар батажжээ.

Энэ талаар зөвлөлт улсын эрдэмтэд нилээд зүйлийг бүтээн янү бүрийн өвслөг ургамлыг залгаж бие биендээ нөлөөлөх болон гаргаж авсан эрлийзийг үрээр үржүүлээд удамшлын шинж тэмдгүүд дамжигддаг болохыг улам баталжээ.

Улаан лооль амархан залгагдаж ургадаг ургамал болохоор түүн дээр (янз бүрийн сортыг хооронд нь эвцэлдүүлэн) олон туршлага хийсэн байна. Тэдгээрийг залгаж ургуулахад сортуудын дундаас жимсний өнгө, хэлбэр, том, жижиг, мөн цэцгийн өнгө, навчны хэлбэр гэх мэтийн олон шинж тэмдэгээрээ ялгаатай эрлийзүүдийг гаргаж авсан байна.

Ингэж гаргаж авсан шинэ ургамал нь вегетатив эрлийз мөн бөгөөд түүний шинж тэмдэг удамшлаар дамжин хадгалагдана. Дээр үед ёзоорыг бага анхаарч байсан боловч тэр нь залгаасд мөн нэгэн адил нөлөөлж чадна. Ёзоорын үндэсний хэмжээ, хөрсөнд тархсан байдал, бүдүүн, нарийн зэрэг нь залгалтаас шалтгаалан өөрчлөгддөг. Тамхины ургамлыг төмсөн дээр ургуулахад төмсний булцуунд байдаггүй никотин төмсөнд бий болдог байна. Улаанлооль, согтуу өвс (Datura), чэсэнцэр зэргийг тамхины ургамал дээр залгаж ургуулахад тэдгээрт байдаггүй никотин тамхинаас шилжсэн байна.

Stub icon

Энэ ургамал судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.