Jump to content

Зартын хүрээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хуучин Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг одоогийн Их-уул сумын Зарт багийн төв Зартын голын зүүн эрэгт энэ хүрээ төвхнөж байжээ. Анх 1870-аад оны эхээр байгуулагдсан гэж үздэг тус хүрээг Далай Чойнхор вангийн хошууны гол хүрээ болох Тариатын хүрээний дагуул хүрээ хэмээн нэрийдэж байжээ. Тус хүрээний гол шүтээн нь Дамдин Чойжоо бурхан байсан ба нийтдээ 170 гаруй ламын данстай байв. Харин байнгын тогтмол сууж хурдаг ламын тоо 80 гаруй байжээ. Зуны эхэн сард Цагаан уулын овоог тахиж ирсэн ба жилийн томоохон дүйчэн хурлуудад өвгөн Гэсэр ламтан өөрийн биеэр морилж хурал уншлагад оролцдог байв. Зартын хүрээ нь цогчин, хайлан, мамба, сахиусын , дарь эхийн, жүдийн , дүйнхорын гэсэн 7-8 сүм дугантай хүрээ байжээ. Хүрээний гол хэсэгт Ра-ны сүм гэж байв. Уг сүмд ганжуурын 108 ботийг хадгалдаг байжээ. Энэ сүм нь ойролцоогоор 10:10 м хэмжээтэй байсан бөгөөд уг сүмийн баруун талд найдан сүм байсан байна. Найдан сүмийн дэргэд Номтын сүм гэж 7:7 хэмжээний жижиг модон сүм байв. Тус хүрээнд зуны эхэн сарын лусын буулттай өдөр Цагаан овоог тахиж дараа нь майдар эргэх ёслол явагддаг байсан байна. Харин зуны дунд сарын эхээр бүрэн хэмжээний цам гардаг байсан ба цамын дэглэлт хувцас, чимэглэл, хэрэглэлийн хувьд маш уран чамин хийцтэй байжээ. Жишээ нь , махгал бурхны баг гэхэд бугын толгойг хатааж шуумалдан дан шүрээр бүрмэл таван кг орчим жинтэй баг байсан байна.

Зартын хүрээнд 1937 оноос өмнө гавж Бааван, Гомбожав, Ойдов, Далантай, цорж Гүржав, Самбуу болон Жамсранжав , Дашдааваа, Нинжёндон, Цогбазар, Магсар, Пүрэвжал, Чимэд, Дамба, Лодой, Дагва, Загдаа, зурхайч Нампил, Дүгэр, Гарамжав, Бадрах нарын эрдэм чадалтай олон лам хуваргууд сууж байжээ. Туурийн чанх өмнө 1995 онд нутгийн иргэд шинээр 5:6 м хэмжээ бүхий хоёр жижиг модон дуган барьж энэ хоёр дуганы дунд Зартын хүрээний гол шүтээн байсан Дамдинчойжоо бурхныг 2,7 м өндөр ягаавтар өнгийн боржин чулуугаар урлан бүтээж залжээ. Дуганд нутгийн иргэд сүсэгтнүүд дүйчэн өдрүүдээр ном залж зул өргөж сан тавьдаг ба одоогоор бурхан тахил эд зүйлс тахилч лам байхгүй. Уг дуган мөн Дамдинчйожоо бурхны зурмал хөргийг энэ нутгийн уугуул улсын начин Б. Бадамдорж бүтээлгэн залсан нь байдаг ажээ. Их уул сумын Зарт багийн төвд Зартын хүрээний хучин туурь бий. Хангайн бүсийн нутагт хамаарна. Энд Зартын дээд, доод, дунд гэсэн гурван гол бий. Эдгээр нь голын урсгал дагуух жижиг тохой газруудын нэр юм. Зартын хүрээ нь голынхоо дунд хэсэгт буюу Дунд Зартад байрлаж байлаа.

Хүрээний туурийн баруун талаар Зартын гол урсана, эргэн тойрондоо ой модтой уулстай юм. Хүрээний бууринаас дээш 10 орчим км газарт Өртөмтийн шүтлэгтэй овоо бий. Туурь дээр Зарт багийн төвийн барилгууд, нутгийн иргэдийн зуны модон сууц эд барааны агуулах пүнзүүд хашаа хороо олноор баригдсан буй. Хүрээний гол хэсэгт Ра—ны сүм гэж байжээ. Энэ сүмийн туурь нь мэдэгдэнэ. Энд Ганжуурын 108 ботийг хадгалдаг, Ганжуурын Ра сум гэж нэрлэдэг. нэг хаалгатай дөрвөн талтай дотор нь лам нар ном хурдаг. Ганжуурын ботиуд бурхан тахил өгсөн. Дотроо нэг хөндлөн модтой түүн дэгүүр цагаан даавуу тохож байгаад хурал хурдаг,хурал дууссаны дараагаар цагаан давуугаа хураадаг байсан гэнэ. Ра-ны сүмийн залгаа нэг жижиг сүмийн туурь бий. Ра-ны сүм нь 12:12 жижиг нь 5:5м. Ра-ны сүмийн баруун талд "Найдан сүм" байсан, хэмжээ нь 11:11 метр дэргэд нь Номтын сүм 6.5:6.5 метр байжээ Бусад сүм дуганы олон барилгын туурь нь айлуудын хашаа байшин гэр тэр байтугай жорлонгийн дор орсон буй. Эдгээр тууринаас эгц өмнө зүгт нутгийн иргэд, 1995 онд шинээр хоёр модон дугана /5:6/ хэмжээтэй дунд нь хүрээний гол шүтээн байсан Доржнамжүм бурханыг /5м өндөр 2.7м урт 40см өргөнтэй./ ягаавтар өнгийн боржин чулуугаар сийлж бүтээж залсан байна. Үүнийг 1995 онд босгосон. Доржнамжүм бурхны зурмал зургийг энэ нутгийн хүн аймгийн арслан Бадамдорж бүтээн залжээ.