Зепп Блаттер

Йозеф Блаттер

Йозеф (Зепп) Блаттер (герман. Joseph «Sepp» Blatter; 1936 оны 3-р сарын 10-нд Швейцарын Вале кантоны Фисп хотод төрсөн) 1998 онд ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр анх сонгогдож 2002, 2007, 2011 болон 2015 улиран сонгогдож байсан. 2015 оны 6-р сарын 2-нд ФИФА-г тойрсон авилгын асуудлаас үүдэн өөрөө албан тушаалаа орхиж буйгаа зарласан.

2016 оны 2-р сарын 26-нд Блаттерын оронд ФИФА-гийн Ерөнхийлөгчөөр Жанни Инфантино сонгогдсон байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Йозеф Блаттер 1936 оны 3-р сарын 10-нд Швейцарийн Фисп хотод автомашины механикчийн гэр бүлд төржээ. Тэрээр Висп хотод бага сургуульд сурсан. 1954 онд сургуулиа төгсөөд Лозаннагийн их сургуулийн Бизнес, эдийн засгийн факультетэд (HEC) элсэн орж 1958 онд төгссөн. Их сургуульд сурч байхдаа орон нутгийн сонинд спортын тайлбарлагч, сэтгүүлчээр ажиллаж байсан. Швейцарийн спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон. 1948-1971 онд тэрээр Швейцарийн сонирхогчдын хөлбөмбөгийн клубуудын нэгэнд тоглож байсан. 1962 онд тэрээр Швейцарийн аялал жуулчлалын компанид ажлын гараагаа эхлүүлсэн байна. 1964 онд Швейцарийн мөсөн дээрх Хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон.

1975 онд ФИФА-гийн техникийн захирал болсон. 1981 онд түүнийг тус байгууллагын ерөнхийлөгч Жоао Авеланж Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. 1998 онд ФИФА-гийн ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд тэрээр УЕФА-гийн ерөнхийлөгч Ленарт Йоханссонтой өрсөлдөж ялалт байгуулжээ. 1999 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр элсэж, 2015 он хүртэл гишүүнээр ажилласан.

2021 оны гуравдугаар сарын 24-нд Йозеф Блаттер ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөний улмаас 6 жил 8 сараар эрхээ хасуулсан тухай тус холбооны албан ёсны сайтад мэдээлжээ. Блаттерийн өмнөх хөлбөмбөгийн хориг хараахан цуцлагдаагүй байгаа тул шинэ түдгэлзүүлэлт нь өмнөх түдгэлзүүлсэн хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 10-р сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Үүнээс гадна Блаттерыг 1 сая швейцар франкаар торгожээ.