Зохиомж

Зохиомж (Композиция. Literary form. Composition). Латины compositio – “бүтэц, бүрэлдэхүүн”, compono – “бүрэлдэхүүн, нэгдэл” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Зохиомжийг өргөн утгаар нь авч үзвэл уран сайхны болон нийтлэлийн бүтээлийн байгууламж, тухайн бүтээлд тусгасан амьдралын үйл явцыг тодорхойлдог дүрүүдийн зохион байгуулалт, тэдний харилцаа холбоог нээж өгөх хэрэгслүүдийн систем мөн. Зохиомж агуулжсан хэлбэр болохын хувьд тусгаж буй бодит байдлын зүй тогтол, зохиогчийн ертөнцийг үзэх үзэл, уран сайхны арга, үзэл санаа – гоо зүйн болон бичлэгийн төрөл зүйлтэй холбоотой зорилтуудаас шууд шалтгаалдаг. Аливаа үзэгдэл юмсыг яаж харах, тэдний бодит харилцаа холбоог яаж ойлгох нь тухайн бүтээлийг бүтээх арга барил ба зарчмуудыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, зохиогч амьдралыг яаж хүлээн авч, яаж ойлгоно, түүнийг өөрийнхөө бүтээлд тэр хэмжээгээр тусгах, харуулах болно. Уран зохиол бол хоорондоо нягт уялдаа холбоо бүхий асуудал, зан чанар, үйл явдал, үзэгдлийн нэгдмэл цогцоос бүрддэг. Утга зохиол, сэтгүүл зүйн аливаа урсгал, чиглэлд зохиомжийн зөвхөн түүнд тохирсон зарчмуудыг баримталдаг нь түгээмэл юм. Мөн тийм урсгал, чиглэлийн төлөөлөгчдэд нийтлэг онцлог шинжээс гадна зөвхөн тухайн зохиогчид байдаг зохиомж, бичлэгийн арга барилын онцлог байдаг. Хэрэв Гоголь баатрын ямар нэгэн гол шинжийг гүнзгийрүүлэх замаар түүний дотоод ертөнцийг гаргадаг бол (“Амьгүй албат”-ын Собакевич, Манилов), А.П.Чехов нийгмийн хэв шинжит чанар болон хувийн онцлог шинжийн хоорондох зөрчлөөр дамжуулан (“Интоорын цэцэрлэг”-ийн Лопахин, Раневская) үзүүлдэг байна. Зохиогчид баатрын дотоод ертөнцийг үзүүлэхдээ зохиогчийн тодорхойлолт, дотоод үгүүлэл, харилцан тодорхойлолт, гадаад үйлдэл, өөрийн үг яриа, харилцан яриа, сэтгэлийн хөдлөл, өдрийн тэмдэглэл, захидлыг ашиглах зэрэг янз бүрийн арга барилыг хэрэглэдэг юм. Баатрын гадаад дүр төрх нь дотоод ертөнцтэй тохирсон, эсвэл түүнтэй зөрчилдсөн байдлаар, хошин шог эсвэл сэтгэл зүйн өнгө аясаар, маш тодорхой эсвэл товчхон, шууд эсвэл дам байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Зохиогчид бүтээлийн зохиомжийг эхлэл, өрнөл, туйл, тайлал, төгсгөл зэрэг янз бүрийн элемент, зүйлийг ашиглах замаар бүтээдэг. Сэтгүүл зүйд ийм элемент, хэсгүүдийг нийтлэл – уран сайхны бичлэгийн томоохон зүйл болох найруулал, шог найруулал, аян замын тэмдэглэл, улс төрийн шог зэрэг бичлэгүүдэд түгээмэл хэрэглэдэг. Доктор Д.Галбаатар “Зохиомж гэдэг бодит байдлаар нөхцөлдсөн зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, уран бүтээлийн ерөнхий арга хийгээд дүрслэх аргын систем, зохиол ба зохиолчийн үзэл санаа, гоо зүйн зорилготой уялдаж, уран зохиолын төрөл, зүйл бүрд өвөрмөц байдлаар илэрдэг тийм зүйл юм. Зохиомжид агуулга ба хэлбэрийн диалектик, бүтэц байгуулалт, өгүүлэгдэхүүн дарааллыг ч хамруулан үзэх нь зүтэй юм” (14. 119) гэж тэмдэглэснийг сэтгүүл зүйн бүтээлтэй ч хамааруулан үзвэл зохино. Зохиомж олон зүйл, элемент, хэсгээс бүрддэг бөгөөд тэр нь зохиол, нийтлэл бүрд харилцан адилгүй харьцаатай байдаг дүрслэлийн хэсгүүд юм. Тиймээс тухайн бүтээлийг бүрдүүлж буй нэгжүүдээр нь дамжуулан зохиомжийг тодорхойлох боломжтой байдаг. Тухайлбал, Л.Түдэвийн “Одос урамдах хязгаар” аян замын тэмдэглэлийн зохиомжийн гол зүйл нь ёс заншлын сурвалжлага хэлбэрээр бичигдсэн олон хэсэг байхад “Эзнээ алдсан захидал” улс төрийн шогийн зохиомжийн гол зүйл нь захидал хэлбэртэй юм. Тиймээс аливаа бүтээлд гарч буй баатрын зан төрх, хэв шинж, уран дүрийн бүтэц, дүрслэх аргын бүтэц-байгуулалтын тогтолцоог бүхэлд нь зохиомж гэж ойлгож болно.