Зуд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Зуд гэдэг нь өвлийн улиралд тохиолддог цаг агаартай холбоо бүхий байгалийн гамшигт үзэгдэл юм.

Цас, хүйтэн хоёр хавсарсан зудыг цагаан зуд гэнэ. Цас байн байн их орж, хүйтний эрч эрс чангаран мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогддог.

Хар зуд гэдэг нь цас орохгүй боловч маш их хүйтрэн, малын өвс тэжээл хомсдон нэн ялангуяа унд усаар гачигдан, хүн мал идэш тэжээл, хүнсээр дутаж, зүдрэхийг хэлнэ.

Цагаан, хар зудын аль нь ч малчид, хөдөө нутгийнхан, улмаар улс орны эдийн засагт асар их хөнөөл учруулдаг байгалийн гамшиг учраас зудтай тэмцэхийн тулд зун намрын улиралд өвс тэжээл сайн базааж, малын хашаа хороо, худаг усаа сайтар засаж, дулаалан бэлтгэх их ажлыг цаг алдалгүй хийж чадвал гарз хохирол бага учирна.

Монголчууд "Бичин жилд заавал зуд болдог. Тэр тусмаа бүтэн жаранд нэг удаа тохиолддог хөх бичин жил айхавтар бэрх зуд болдог" хэмээн ярьдаг. Хамгийн сүүлчийн хөх бичин жил 1944-1945 оны өвөл болж, монгол орон тэр аяараа их зуд турханд нэрвэгдэн улсын нийт мал сүрэг үлэмж хоргодож, дэлхийн хоёрдугаар дайнтай зэрэгцсэн их гамшиг тохиолдсон байна.

Мөн 1992 оны өвөл болсон зуд малын толгойд их хорогдол учруулсан. Энэ үе ардчилсан нийгмийн шилжилтийн үед тохиолдсон учир дэлхий нийт энэ асуудлыг анхааралдаа авсан бөгөөд үүнээс хойш Монголд зуд болж буй тухай мэдээг бусад орнууд нийтлэх болсон.

Зуд бол хүйтний улиралд мал сүргийг удаан хугацаагаар бэлчээрлүүлэх нөхцөлгүй болгож үй олноор үхэж хорогдуулахад хүргэх цаг агаарын зохисгүй нөхцөл юм.

Зудын ангилал[засварлах | edit source]

Мөн зудыг дотор нь цагаан зуд, харын зуд, шуурган зуд, хүйтэн зуд, хавсарсан буюу туурайн зуд гэж ялгасан байдаг.

Цагаан зуд-Намар өвөд хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй. Ердийн зуншлагтай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 2-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэдчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.

Харын зуд-Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ордоггүй бөгөөд нуур ихэнх гол мөрөн булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдаж олноор үхэх нөхцөл бүрхүүлэхийг харын зуд гэнэ. Ийм нөхцөл манай оронд цөөн удаа тохиолдож, бага газар нутгийг хамарч байснаас гадна хүйтний улиралд хэд хэдэн сараар цас орохгүй байх нь ховор тохиолдол бөгөөд ийм үед цастай нутагт нүүдэллэж болох учир бусад зудаас бага хохирол учруулна.

Шуурган зуд-Хүйтний улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжилж малын бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас мал бэлчээрлэж чадахгүй тэжээлээр дутагдан, өлсөж, даарч олноор үхэх нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэнэ. Хүйтний улиралд 10 м/с-ээр илүү хурдтай салхи хангайн бүсэд 5 хоног, хээрийн бүсэд 4 хоног, говийн бүсэд 3 хоног дарааллан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээр ашиглаж чадахгүй үзэхэд хүрнэ.

Хүйтний зуд-Хүйтний улирлын мал бэлчээрлэж чадахгүй болтол хэд хэдэн хоногоор их хүйтэрч, тэжээл, хашаа дутагдсанаас бэлчээрийн мал өсөж, даарч олноор үхэх нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэнэ. Хоногий дундаж температур уул сарынхаа дундаж температураас 10 градус ба түүнээс ихээр хангайд 10, хээр 7, говь 5хоног дараалан хүйтэн байхад нөмөр, хашаа, нөөц тэжээлгүй бол мал бэлчээр ашиглаж чадахгүй учир зутарна.

Хавсарсан зуд-Шуурган, Цагаан ба хүйтний зуд эсвэл харын хүйтний шуурган зуд буюу тэдгээрийн зарим нь хавсарч бэлчээрийн мал аж ахуйд бэрхшээл учруулж, ус, тэжээл хашаа дутагдсанаас малийг олноор үхүүлэх нөхцөл бүрдэхийг хавсарсан зуд гэнэ.

Туурайн зуд-Тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч дээрээс нь гадны аймаг сумаас олон мал орж ирсэнээс бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ.