Зууны мэдээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

“Зууны мэдээ”. Монголын үндэсний өдөр тутмын 6 сонины нэг бөгөөд 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ нэрээр гарч эхэлжээ. “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” МУ-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой урьд гарч байсан “Засгийн газрын мэдээ” сонины хамт олон “Мэдээ” ХХК болон зохион байгуулагдаж, “З. м.” нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон байна. Шуурхай мэдээллийн, Улс төр гадаад мэдээллийн, Зар сурталчилгааны, Эрэн сурвалжлах, Нийгэм, соёлын, Орон нутгийн мэдээллийн гэсэн 6 алба, Бизнес сурталчилгааны, Гэрэл зургийн гэсэн хэлтэстэй, өөрийн хэвлэх үйлдвэр, мэдээллийн төвтэй, 50 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Тус сонин А2 форматаар 7 хоногт 6 удаа 8-16 нүүрээр гардаг. Амралт, чөлөөт цагт зориулсан “24 цаг” хавсралт сонин нь А3 форматаар 12 нүүрээр хэвлэгддэг. Мөн Монголын радиотой хамтран англи хэлний “Think English” хавсралтыг бямба гариг бүр гаргадаг байна. Тус сонин 21 аймаг, 331 сум, 1537 баг, гадаадын 16 хотод нийт 8700 гаруй захиалагчтай. http:/www.zuuniimedee.mn гэсэн интернет хувилбар, zuuniimedee @ yahoo. сom цахим шуудангийн хаягтай. “З. м.” сонин нийтлэлийн сэдвийн хүрээ өргөн, мэдээллийн багтаамж сайтай, төр засгийн мэдээллийг түлхүү тусгахыг эрмэлздэг үндэсний хэмжээний томоохон сонин юм. Хөдөө, орон нутгийн мэдээллийг тогтмол тусгах, тулгамдаж буй асуудлыг олж харахад чиглэгдсэн орон нутгийн мэдээллийн албатай зэрэг нь бусад өдөр тутмын сонинуудаас ялгарах нэг гол онцлог мөн. “Амьдралын тойрог”, “Хуульч зөвлөж байна”, “Жижиг биш асуудал”, “Өдрийн төрх”, “Ярилцъя, хэлэлцье, шийдье”, “Амьд ертөнц”, “Орон нутгаас мэдээлж байна”, “Томилолт”, “Боломж”, “Шууд ярилцлага” зэрэг байнгын булантай. Сонин экологийн асуудалд онцгой анхаарч, 2002 онд мөхөлд ойртсон Тужийн нарсыг сэргээхийг санаачлан, цуврал материал нийтэлсэн нь үр дүнд хүрч, олон нийтийн дэмжлэгийг авч чадсан энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, түүнийг улсын тусгай хамгаалалттай газар болгосон байна. Мөн “Зууны манлай”-чуудыг тодруулж алдаршуулсан, Олон улсын боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад мэдээллээр ивээн тэтгэж байсан зэрэг зохион байгуулалтын шинжтэй ажлыг тогтмол хийдэг. Мэдээ, сурвалжлага, ярилцлага, тайлан, шуурхай тайлбар зэрэг бичлэгийн зүйлүүд голлож, хөрөг найруулал, аян замын тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг төрөл харьцангуй ховор гардаг. Ерөнхий эрхлэгч нь Ц.Цэцэгчулуун. “З. м.” харьцангуй урт хугацаанд байнгын захиалагчдаа алдаагүй, тогтвортой ажиллаж, Монголын өдөр тутмын сонины уламжлал, шинэчлэлийг хадгалан хөгжүүлж буй нөлөө бүхий сонины нэг мөн.