Зүйл (сэтгүүл зүй)
Зүйл (Виды жанра. Kinds of genres). Сэтгүүл зүйд мэдээллийн, шинжлэлт, уран сайхны, туслах гэсэн бичлэгийн дөрвөн төрөл байдаг. Төрөл бүр дотроо бие даасан олон тооны зүйлтэй байна. Тухайлбал, мэдээллийн бичлэгийн төрөлд нь мэдээ, тайлан, ярилцлага, сурвалжлага, захидал гэх мэт зүйлүүдийг өөртөө агуулдаг. Ийнхүү нэгэн төрлийн доторх ялгааг зүйл гэнэ. Зүйл болгон бичлэгийн арга, зорилго, хамрах хүрээ, зорилго, хэл найруулга, хэмжээ, үнэлэлт дүгнэлт зэрэг олон онцлог шинжээрээ нэг нь нөгөөгөөсөө ялгардаг. Гэхдээ төрлийн ерөнхий шинж чанарыг ямагт хадгалах онцлогтой юм. Тухайлбал, мэдээллийн бичлэгийн төрлүүд болж байгаа үйл явдлын талаар шуурхай мэдээлэх, шинжлэлт бичлэгийн төрлүүд тухайн үйл явдлыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх замаар, шалтгаан, үр дагаварыг гаргаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, нийтлэл – уран сайхны бичлэгийн төрлүүд үйл явдлыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлэх зорилго тавьдаг зэрэг шинжийг хадгалдаг онцлогтой юм.