Зүүнгарчуудын хийсэн нүүдлүүд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Баруун Монголын холбоо зүүнтээ Илийн хөндийгөөс баруунтаа Ховд, умрын Саяaнаас өмнийн Алтантагшийн нуруун хүртэл өргөн уудам нутагт Зуунгарын эзэнт улсаа байгуулж явлаа. Тогон, Эсэн хааны үед бүх Монголыг гартаа атгаж, нанхиадын Минг улсын хааныг олзолж, сүр хүчийг бадруулж байв. Тэр үеийн нанхиадын түүхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон түм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хүчин доройтоход Зүүн Монголд тэдний нөлөө буурчээ. Түүнээс хойш 150 гаруй жил Зүүнгар дангаараа үлдсэн. 17 дугаар зууны эхээр Баруун Монголыг Хархул хаан нэгтгэн захирч, “Хунтайж хаан” гэж өөрийгөө нэрлэн суув. Түүний хүү Баатар Хунтайжийн үед нэгдсэн Баруун Монголын ноёд эрх чөлөө хайж, өвсний сөл даган, Хошууд, Торгууд аймгууд Зүүнгарын нутгийг тэлэхээр хоёр тийшээ салан нүүсэн байна.

Хошуудын Гүүш хаан Төрбайх өөрийн албатаа авч, өмнө зүгт нүүж, Алтантагшийн нуруунаас зүүнтээ Цайдамыг туулан, Хөхнуурт хүрч, улмаар 1637 онд Лхасыг дайлаар мордон, Түвдийг эрхэндээ оруулж, Шар малгайтан Гэлүгвагийн ёсыг өргөх боллоо. Цайдамыг тав хувааж, “Таван Цайдам” гэж нэрлэж байсан нь Хошуудын Хөхэт Бэйс, Хурлиг Бэйс, Баруун Засаг, Зүүн Засаг, Тэйнэр нарын таван нутаг юм. Тэд засаг захиргааны хувьд 21 хошуунд хуваагдах 2000 гаруй өрхөөс бүрдэж байв. Гас нуур, Тэйнэр нуурын хавьд нутаглаж байсан Монголчуудыг “дээд Монгол” ба Хөхнүүрын Монголчууд хэмээн хожим нэрлэх болжээ.

1618 онд Торгуудын Хоо Єрлөг (Бор Єрлөг ч гэдэг) таван мянган өрх албатаа дагуулан, баруун хойш нүүдэллэж, замдаа таарсан нүүдэлчин аймгуудыг арчсаар 1630 онд Уралын нурууг даван, Оросын тал руу цөмрөн ороход, түүний 6 хүү нь 25 мянган Торгуудыг удирдаж явжээ. Тэд цаашилсаар Ногай, Кипчак, Татарын зарим аймгууд, Oросын тосгодыг эрхшээлдээ оруулсаар Астарханд тулсан байна. 1643 онд Астарханыг эзлэх тулалдаанд хотын хананы гадна Бор Өрлөг алагдаж, түүний хүү Шихир Дайчин хаан суув. Шихир Дайчины хүү Пунцагтай Оросын хаан найрамдлын гэрээ байгуулж, Ижил мөрний хөвөөгөөр тэднийг нутагшуулах болжээ. Ижилийн Торгуудууд хавь ойроо түүвээсэн ч Оросын хаан мэдээгүй цариалж, мусалмануудтай өмнөд талдаа дайтаж, сэхээ муутай байж.

Баруун Монголын хүчин суларч, өмнөдөд Манж нар Монгол аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлсэн тул 1640 онд дөчин дөрвөний цаазыг Баатар Хунтайж Халхтай нийлэн хийж, түүнийгээ хотлоороо даган мөрдөх болжээ. Тэр цаазад Хоо Єрлөг, Гүүш хаан Төрбайх нар тамгаа үлдээсэн нь лавтай тэд бүрэн салаад явчихаагүй байсныг харуулж байна. Баатар Хунтайжийн хүү Галдан (Бошигт) хаан ширээнд суугаад зөстэй эрсийн чадал, сурсан эрдэмдээ эрдэж, Халхыг дайлаар мордож, цусан далайд живүүлсэн. Одоогийн жуулчдын бааз байдаг Элсэн тасархайн ар талын Хөгнөхаан уулын нэр үүссэн домгийг дурдвал, Галдангийн цэрэг Халхын мянган ламыг энэ уулын өвөр дэх хүрээн дээр мал мэт засаж, хөнгөлсөн учир эл уулыг Хөгнөхаан гэж нэрлэжээ. Хүчтний дэргэд хүчгүй нь буруутай хорвоо хойно Халхууд аврал ирэн зугтсаар Манжийн Энх-Амаглан хааны нөмөрт очиж, өршөөл гуйжээ. Галдангийн хийсэн эл үйлдэл Монголыг Манжид эзлүүлэх нөхцөлийг хурдан бүрдүүлсэн. Халх аймгуудыг хөөсөн Галдангийн цэрэг Цагаан хэрмэнд дөхөж очоод, Манжийн их цэрэг, Монгол хаадын нэгдсэн цэрэгтэй тулж, их тулалдаан болжээ. Тэр тулалдаанд Зүүнгарын 125 мянган морин цэрэг 10 мянган тэмээгээр бамбай хийн дайралтанд орсон гэдэг. Манжийн цэрэг их буу хэрэглэж, Галдангийн тэмээн бэхлэлтийг үймүүлан сандаргаж, цэргийг нь дарахад, Галдан бүслэлтээс зугтан гарч, саринасан цэргээ цуглуулан Гэрэлчийн гол дээр Манжийн цэрэгтэй дахин тулалдаж ялагдах үед өөрийн хатан Анугаа алдсан. Галдан цөөн нөхдийн хамт зугтсаар Илийн хөндийд буцаж ирэхэд, түүний ах, хорсолд автсан Цэвээнравдан Галдангийн амийг 1697 онд хороосон байна.

Цэвээнравдан Зүүнгарын эзэнт улсыг захирч байхдаа Манж, Халхтай олон удаа өгөө аваатай дайтсан. Манжийн Энх-Амаглан хаан 1719 онд их цэргээ явуулж, түүний хүчийг ихэд сулруулжээ. 1727 онд Цэвээнравдан хорлогдож, хүү Галданцэрэн нь хаан суув. Галданцэрэн 1730 онд Халх Монголын нутгийг дайлаар эзэлж, цагаан хэрмэнд дахин тулсан байна. Гэвч тэд 1732 онд Халх, Манжийн хамтарсан цэрэгт хиар зохиулж, Баруун Монгол дахиж хөл дээрээ босч ирэхгүй болтлoo доройтов. Манжийн түүхийн эх сурвалжид бичсэнээр Дөрвөн Ойрдын аравны есөн хувь буюу 6 зуун мянгыг устгасан хэмээн өгүүлдэг. Гэхдээ Баруун Монгол байсаар л байсан. Баруун Монгол доройтон доройтсоор Манжид нэгдэх ёслол 1754 онд Бээжинд болсны дараа Єөлдийн ноён Амарсанаа бослого гарсансан ч, түүний холбоотнууд хүрэхээс өмнө Манжийн найман тугийн цэрэг Зүүнгарт хүрч, Амарсанаа давуу хүчинд автан, хойш зугтсаар замдаа улаан бурханаар өөд болжээ. Баруун Монголын тусгаар тогнолын тэмцэл үүгээр шувтарга болсон. Yнэнийг хэлэхэд үндэс угсаагаа хамгаалах гэхээсээ илүү өөр хоорондоо хэдэн ноёд тэмцсээр Монгол түмэн бүхлээрээ Манжийн аманд унасан байна.

Харин Ижил мөрний Торгуудуудын хувьд түүх өөрөөр бичигджээ. Шихир Дайчины хүү Пунцаг хаан сууж байхад Зүүнгарынхан олноороо Манжаас дайжин хүрсэн. Хошуудын Хөндлөн Убаш өөрийнхөө 3 мянган өрх албатаа дагуулан Оросын нутаг Ижил мөрний сав газар хүрэв. Пунцагийн хүү Аюк хаан сууснаар хагас зууны турш Торгуудууд Еврoпт нэрээ мөнхөлжээ. Аюк хаан Далай ламтай холбоо тогтоож, Их Пeтeр хаан Ижилд ирэн, Аюктай золгосон. Торгуудын морьт хороо байгуулж, Оросын Оттман Түрктэй хийсэн дайнд тэд жинхэнэ эрлэг нь болж явaв. 1707 онд Шведийн хаантай хийсэн дайнд Торгууд Монголчууд гарамгай гавьяa байгуулсан. 1714 онд Торгуудад Манжийн хаан элчээ илгээв. Манжийн элч тэднийг Зүүнгарынхаа говьд буцаж ирээд Манжид туслан, Цэвээнравдантай дайтахыг ятгасан. Єөрийн охиноо Цэвээнравданд сүй тавьж өгсөн Аюк хаан Манжийн ятгалгыг эрс эсэргүүцжээ. 1724 онд Аюк хааныг таалал төгссөний дараа түүний хүү Цэрэндoндoв хааны ор суусан боловч, том ах Дондог-Омбод хаан ширээгээ алдсан. 1741 онд Дондог-Омбыг тэнгэрт халихад, хүү Дондог тайж хааны ор суув. Дондог тайжийн үед Зүүнгарт явуулсан Манжийн харигслалаас зугтсан Хошууд, Дөрвөт, Хойд овгийнхон ихээр ирж Ижилд суурьшлаа. 1758 онд өөрийн хүү Увшийг хаан суулгав. Ижил мөрний сав нутагт хүчирхэгжсэн Увш хааны Торгуудууд хавь ойрынхондоо халгаатай байсан тул Оросын 2-р Елизабез тэднийг Козакуудаар хүрээлүүлэн эрх мэдэл, үйл ажиллагааг нь хязгаарлаж эхэлсэн. Оросууд Торгуудуудын Түвдтэй холбогдох замыг зориуд тасалж эхлэв. Улмаар Козакууд Торгуудуудын ул мөрийг мөшгих болсон. Увш хаан энэ бүх үйл явдлыг сайтар мэдэж, Оросын мэхнээс удаа дараа мултран гарч, тэднийг “дөнгөтэй баавгай” гэж тохуурхаж байлаа. Тэрээр зориуд 30 мянган цэргийг 1768-1769 онуудад Түркийн дайнд оруулж, их хэмжээний зэвсэг олзолж авсан. Ийнхүү урьдаас их нүүдэлд бэлтгэв. 1770 онд Ижил мөрний мөс хөлдөхийг хүлээж байлаа. Увш хаан 80 мянгаа цэргээ цуглуулж, Зүүнгарын зүг нүүхээ мэдэгдээд, Ижилийн хөвөөгөөр нутагласан бүх ардаа хурaах даалгавар тэдэнд өглөө. 1771 оны 1 сарын 5-нд их нүүдэл хөдлөхийн урд шөнө гайтай цасан шуурга дэгдэж, Ижил мөрний мөс цөмөрсөнөөр баруун эрэгт нутаглаж байсан Монголчууд хааны тушаалыг биелүүлж чадалгүй тэндээ үлджээ.

Торгуудын энэ их нүүдэл 7 сар үргэлжилж, 4 мянган км замыг туулахдаа, Оросуудын тавьсан түмэн бэрхшээлтэй учирч, зам зуурын таарсан цус урсгасан олон дайн, өлсөгөлөнд сульдан ядарч, үхэж үргэдсээр 4 зүүн мянган Торгуудаас зөвхөн 125 мянга нь Зүүнгарын говьд хөл тавьжээ. Наад зах нь гэхэд тэдний зам дахь бүх худгийг хордуулсан байсан гэдэг. Манжийн хаан тэднийг баяр ёслолын байдалтай угтаж аваад, Зүүнгарын говийг 10 мужид хувааж, Торгуудуудад захируулжээ. Ижил мөрний баруун эрэгт 15 мянган өрх буюу 70 орчим мянган Торгуудууд үлджээ.