Орос-Хятадын хилийн маргаанууд
ЗХУ ба хятадын хооронд 1917 онд ЗХУ үүсгэн байгуулагдсанаас хойш түүнийг бутран татн буулгасан 1991 оны хооронд хилийн болон газар нутгийн төдийгүй улс төр, эдийн засгийн шалтгаанаар хэд хэдэн удаа томоохон хилийн зэвсэгт мөргөлдөөн болсон түүхтэй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]XVII зууны үед анхны хилийн маргаан гарч байсан бөгөөд 1689 онд Хаант Орос - Хятадын хилийн анхны гэрээ “Нерчийн гэрээ”-гээр хоёр орны дорнод хилийн тухай асуудлыг авч хэлэлцсэн байдаг.
1727 онд хоёр улс завсрын хилийн гэрээ болох “Буриний гэрээ“ байгуулагдсан ба уг гэрээгээр Хятадын баруун талын хилийг Балхаш нуурын эргээр тогтоосон байна.
19 зууны үед Хятадын Чин гүрэн “Хар тамхины дайн”-д оролцож хилийн асуудалд анхаарлаа хандуулахаа хойш тавиад байсан үе юм. Энэ нь Хаант Орос улсад ашигтай байсан бөгөөд Айгунь (1858 он), Бээжингийн (1860 он), гэрээнүүд, Чугучамын протокол (1864 он), Илиймын (1881 он) тус тус гэрээгээр Чин гүрэнд шахалт үзүүлэн 1 сая км2 нутаг Чин гүрнээс Хаант Орос улсад ирсэн байдаг.
19 зууны төгсгөлөөр Хаант Орос улс Дорнод Хятадын төмөр замыг өөрийн ашиг сонирхлын үүднээс өөртөө авсан байна. Энэ нь Хятадын дотоод луу нэвтрэн орох боломжтой болгосон юм.
1897 оны 7 сард Дорнод Хятадын төмөр зам барих ажил эхэлсэн бөгөөд Чита – Хайлар – Харбин – Никольск - Уссуринск гэсэн маршрутаар баригдсан байна. Албан ёсны замын нээлт 1901 оны 11 сард болсон бөгөөд анхны зорчигчоо Санкт-Петербург-Владивастокийн хооронд тээвэрлэсэн байна. Транс Сибирийн төмөр зам 1903 оны 7 сард нээлтээ хийсэн.
Зөвлөлт-Хятадын харилцааны түүх.
ЗХУ, Японы Квантуны армийг бут цохьсноор Хятадын талд ихээхэн тус үзүүлж 1949 оны 10 дугаар сарын 1 нд БНХАУ байгуулагдсан.
1949 оны 10 дугаар сарын 2 ны өдөр ЗХУ, БНХАУ хоёр хоорондоо дипломат харилцаа тогтоосон. 1949-1956 онд Зөвлөлт Хятадын харилцаа шинэ шатанд хүрч, ЗХУ Хятадын талд арми байгуулах, мэргэжилтэн бэлтгэх ажилд идэвхтэй тусалж, Далянь хот, Дорнод Хятадын төмөр зам /КВЖД/-ыг Хятадын талд буцааж өгсөн. 1950 онд БНХАУ, ЗХУ хооронд найрамдлын хамтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайн үед Мао-гийн гадаад бодлого түүнийхээр “нэг талруугаа хэвийсэн” /lean to one side/ буюу социалист лагерьд хамтдаа орших бодлого байсан юм. 1950 оны эхээр ЗХУ-ын тал БНХАУ-д зүүн хилийн зурвасыг тэмдэглэсэн газрын зураг өгсөн байна. Тухайн үед БНХАУ нь хилийн зурвасын талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй юм. Харин 1950-аад оны 2-р хагасаас эхлээд зүүн хилийн зурвасын талаар маргаатай, шийдэгдээгүй асуудал байна гэж Хятадууд Оросуудад гомдол гаргах болжээ. Учир нь хоёр орны харилцаа муудсан учир хилийн асуудлыг авч үзэх шаардлага гарч ирсэн юм.
1956 онд ЗХУ-д Н.С.Хрущев засгийн эрхэнд гарч ЗХУКН-ын ХХ их хурал дээр анх удаа “ганц хүнийг тахин шүтэх” явдлыг эрс шүүмжилсэн нь БНХАУ-ын удирдагчдыг эмзэглүүлж, энэхүү намын Их хурлын дараа хоёр орны харилцаа хүйтэрч эхэлсэн түүхтэй.
1963 оноос хоёр улсын удирдлагууд хоорондоо захидлаар харилцаж үзэл суртлын асуудлаар мэтгэлзэх болсон бөгөөд 1964 оноос эхлэн ЗХУ-Хятадын харилцаа зогсонги байдалд орcон юм. Анх Зөвлөлт Хятадын хилийн маргаан нь 1950-д оны сүүл 1960-аад оны эхээр 4,380 км урт Хятад Зөвлөлтийн хилийн дагуу болсон. Тухайлбал хамгийн ноцтой будлиан нь 1962 оны 5 сард, Хятадын үндэстний цөөнх болсон 60,000 орчим Шинжаны Уйгарчуудыг ЗХУ тодорхой нөхцөл болзолтойгоор нутагтаа оруулсан байна. Энэ нь Бээжингийн дургүйг хүргэж буруутанг хайж, Зөвлөлтийн хийсэн ажил гэж тодорхойлоод хариуг нь хатуу барихаа амласан байна. ЗХУ, Хятадын хилийн байдал энэ үеэс эхлэн улам бүр түгшүүртэй болж ирсэн юм. Хятадын талын тайлбараар бол 19 зуунд хийсэн хилийн гэрээг Чин гүрэн, Хаант Оросын хооронд шударга бусаар хийсэн гэж мэдэгдсэн. БНХАУ ЗХУ-д хандан “алдагдсан газар нутгийн” жагсаалтыг 1963 оны гуравдугаар сарын 8 нд нийтэлж, Зөвлөлт, Хятадын хилийн шугам нь эрх тэгш бус гэрээнүүдийн дүн болохыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан шаардлага тавьж байжээ. Москва энэ тайлбарыг хүлээн авахаас татгалзсан.
Юутай ч 1964 онд хоёр тал алс дорнодын хилийг урьдчилсан байдлаар хэлэлцэж зөвшөөрсөн ба, үүний дотор Чжэньбао арлын (Даманы арал), хувь заяа бүрхэг хэвээр үлдсэн байдаг. 1964 оны 2 сарын 25-нд хилийн асуудлаар ЗХУ, БНХАУ-ын хооронд хэлэлцээр эхэлсэн байна. Гэхдээ хоёр орны гадаад хэргийн сайд нарын орлогчийн түвшинд хэлэлцээр хийж 8 сарын 2 хүртэл хэлэлцээр үргэлжилсэн байна. Гэвч тэд тодорхой үр дүнд хүрэлгүй маргалдсаар тарсан. 1964 оны 7 сард Мао Зэдүн социалист төлөөлөгчдийн их хурал дээр Хаант Орос нь Хятадын өргөн уудам газар нутаг болох Монгол, Сибирь, Алс дорнод, Камчаткыг хүчээр эзэлсэн гэж мэдэгдсэний хариуд Зөвлөлтийн удирдагч Н.С.Хрушев хэнд ч хэрэггүй хилийн гэрээ гаргаж ирлээ гэж хариу мэдэгдсэн байна.
ЗХУ, Японы хооронд эмзэг асуудал болох маргаантай дөрвөн арлуудын талаар хоёр орны харилцаанд яс хаясан өнгө аястай мэдэгдэл ч хүртэл хийх болсон. Энэ нь: 1964 оны 7 сарын 10-нд Жоу Эньлай “Кунашири, Эторофү арлууд бол гарцаагүй Японых гэдгийг Хятад улс дэмждэг бөгөөд гэхдээ үүнийг өдөөн хатгасан хэмээн ойлгож болохгүй, зүгээр л маргаантай чухал асуудлаа зөв шийдээсэй гэж хүссэн юм” хэмээн мэдэгдэж байснаас харахад болно. Уг нь 1900 оны орчим “Бээжингийн гэрээ”-ний дараа, Оросын олж авсан Манжуураас гадна Дорно зүгийн хилийг тогтоохдоо гурван голоор тогтоосон байдаг. Эргүнэ гол гурван талын уулзвар Монгол, хойд Хятад баруун өмнөдөөс Зүүн хойд, Амураас Хабаровск Уссури гол хүртэл. Эдгээр голын эргэн тойронд олон тооны хүн суудаггүй, хэний ч харьяа бус жижиг арлууд байдаг байжээ. 1960-аад оны төгсгөлөөр эдгээр арлын эрэг хавиар ЗХУ-ын хилийн манааны эргүүлүүд үзэгдэх болсон байна. Чухам яагаад Зөвлөлтийн цэргүүд эргүүл хийж эхэлсэн нь ойлгомжгүй асуудал юм. Тэртээ 1945 онд Зөвлөлтийн цэргүүд Японы квантуны армийг буулгаж авах тэр үед хилийн дагуу түр эргүүл хийж байсан ба тэр үед Даманы арал хэний эзэмшилд байсан нь бас л тодорхойгүй байсан юм. Хятадын удаа дараагийн шаардлагаар голын эзэмшлийн хилийн талаар олон улсын дүрмийн дагуу усан онгоцны хилийн шугам тогтоох санаачилга гаргасан боловч ЗХУ (тусгай хяналтад) арлыг, голын хамт бүхэлд нь эзэмших болзол тавьж байжээ. Гэвч Бээжин энэ саналыг хүлээн аваагүй юм. Энэ хооронд хоёр тал Хятад-Орос 1964 он гэхэд зүүн баруун хилийн дагуу цэргийн ихээхэн хүчээ татан бөөгнөрүүлээд байлаа.
Түүний оргил үе нь 1969 он бөгөөд Алс Дорнодын Даманы арал, Казакстаны Жаланашколь нуурын орчим болсон зэвсэгт мөргөлдөөнүүд юм. Зөвлөлт- Хятадын маргаан 1969 онд дээд цэгтээ хүрч дэлхийн улс төрийн системийн хоёр туйлд системийн эхлэл болсон юм. 1969 оны 3 сард хилийн мөргөлдөөн нь Хятадаар Чжэньбао /Zhenbao/, Оросоор Даманы арлын ойр хавьд Уссури гол, (Даманы хойг гэх нь ч бий) орчим анх хэлсэн. 1969 оны 3 дугаар сарын 2-нд Хятадын цэргүүд анх Даманы арал дээр ээлжит эргүүлээ хийж явсан Зөвлөлтийн хилийн манааг отолтод оруулж, тулалдсан бөгөөд Зөвлөлтийн талаас танкаар дэмжүүлсэн цэргийн нэмэгдэл хүч ирсэн ба Хятадын тал хариу их буу минёмотоор галлан багахан хэмжээний цэргийн мөргөлдөөн гарч Зөвлөлтийн талаас 31 хүн нас барж 14 хүн шархдан 1 танкаа алдсан байна. Удалгүй 3 дугаар сарын 15-нд Хятадын цэрэг Даманы арал болон Уссури голын эргийг бөмбөгдөж, Зөвлөлтийн тал хариу артилерын (их буу болон катюша буюу тийрэлтэт пуужингийн цохилт) маш хүчтэй цохилт өгч Хятадын талаас 800 гаруй хүн шархдах буюу алагдан хохирсон гэсэн тоо баримт байдаг. Тухайн үед зөвлөлтийн тал лазерийн зэвсэг хэрэглэсэн хэмээж байсан ч энэ нь худал цуурхал байсан юм. Зөвлөлтийн талаас 48 хүн нас барж 94 хүн шархадсан байна. Хятадын талын хохирол Зөвлөлтийг бодвол харьцангуй их байжээ. Зөвлөлтийн талаас 1 байлдааны машин, 1 хуягт тээвэрлэгч, 1 танкаа алдсан байна.
1969 оны 3 сарын 29-нд Зөвлөлтийн Засгийн газар БНХАУ-д хандан 1964 онд эхлүүлсэн хэлэлцээрээ үргэлжлүүлж Хилийн маргааныг тайван замаар шийдэхийг ЗХУ уриалсан байна. Гэвч 1969 оны зуныг хүртэл хил дээр буун дуу гарсаар байлаа.
Дараа нь хилийн мөргөлдөөн 1969 оны 8 сард Зөвлөлт-Хятадын баруун хилийн дагуу Шинжанд Казакстаны Жаланашколь нуурын орчим гарсан байна. Хятадын тал дахиад л их хохирол амсса байна. Маргаан улам даамжрахад Зөвлөлт, Хятад хоёр дайны бэлэн байдалд шилжээд хэн нэг нь цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн болсон хүнд үе байлаа. Энэ үед Москва хямралаас гарах олон янзын суваг гарц хайж Хятадад цөмийн цохилт өгөх боломжит хувилбарт хүрсэн байлаа. Бүр стратегийн цөмийн бөмбөгдөгч нисэх онгоцнууд агаарт жижүүрлэн нисэж байсан эгзэгтэй үе юм. ЗХУ Хятадад цөмийн цохилт өгч болзошгүй гэдгийг АНУ мэдэж байсан бөгөөд ЗХУ-ын АНУ-аар төвийг сахиулах гэсэн оролдлого нь бүтэлгүй болсон гэхэд болно.
Хятад улс дайны хэнээрхэлд өртсөн байв. Москва, Бээжин хоёрын харилцаа асар гүнзгий хямралд орсон байв. 1969 оны 9 дүгээр сарын 11-нд Зөвлөлтийн Ерөнхий сайд Алексей Косыгин Вьетнамын удирдагч Хо Ши Мины оршуулгад оролцоод буцах замдаа Бээжинд түр саатаж нисэх онгоцны буудал дээр хятадын Төрийн Зөвлөлийн удирдагч Жоу Энлайтай уулзсан байна. Ингээд энэ уулзалтын үеэр 1969 оны 10 сарын 19-нөөс эхлэн хилийн маргааныг шийдэх хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Бас хил хамгаалагчдад хандан асуудлыг хурцатгахгүй өдөөн хатгалгад өртөхгүй байх үүрэг аль аль талаасаа өгчээ. Үүний үр дүнд хил дээр байдал тогтвортой болсон ч хилийн зурвасын асуудал нээлттэй хэвээр үлджээ. Амур мөрний дөрвөн арлын орчимд Орос, Хятадын хилийн бүс хаагуур гарах нь тодорхойгүй үлдэв. Хүйтэн хөндий харьцаатай хоёр коммунист тал Элчин сайдуудаа харилцан солилцох (үүний өмнө хямрал эхлэхэд Элчин сайдуудаа эргүүлэн татсан байв) хилийн гэрээгээ дахин эргэн харахаар болжээ. Энэ үйл явдал нь барууны болон Оросын (Зөвлөлтийн) түүхчдийн дунд ихээхэн маргаан дэгдээдэг. Барууны түүхчид Чжэньбао, Даманы арлын талаар авч үзэхдээ, удаа дараагийн Шинжааны болон Даманы хилийн мөргөлдөөн нь Мао-гийн бодлоор бол гадаад бодлогын хувьд АНУ-тай ойртон нөхөрлөх гэсэн алсын бодол байсан, Оросын (Зөвлөлтийн) түүхчдийн тодорхойлсноор АНУ-ын дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх гэсэн оролдлого бөгөөд түүндээ БНХАУ-ыг ашигласан явдал гэж үздэг юм. Иймэрхүү орон нутгийн чанартай маргаан нь ЗСБНХУ, АНУ хооронд ан цав суулгаж болох юм гэдгийг Бээжин тооцоолсон нь лавтай юм. Зөвлөлт Холбоот Улс хилийн цэргээ 1960-аад оны төгсгөлөөр сайжруулсан нь Хятадыг бүс нутгийн дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд хүргэсэн гэхэд болно.
Энэ маргаант байдал нь АНУ-ыг Хятадын Засгийн газартай тогтоосон харилцаагаа бэхжүүлэхэд хүргэсэн. Үүний илэрхийлэл болж Генри Кисенжер Хятадад нууцаар айлчилж Ерөнхий сайд Жоу Энлайтай 1971 онд уулзсан байна. 1972 онд Ричард Никсон Мао Цздун нар хамтын уулзалт хийж хоёр талын үл итгэлцлийг арилгасан байна. Хятад ЗХУ нь хилийн маргаантай асуудлаа 1969 оноос хойш шийдэлгүй бараг арваад жил болсон. Улс орны дотоодод дайны аюул занал, хилийн мөргөлдөөний учир шалтгаан хятадад Соёлын хувьсгалын шинэ үе шат гарч Хятад нь цэрэгжсэн улс болон хувирсан юм. Хятадын коммунист намын 9-р их хурал болж Чжэньбао Даманы арлын хэрэг явдлын бурууг Батлан хамгаалахын сайд Лин Бао-д тохсон байдаг.
Тэрээр Мао-гийн залгамжлагч гэгдэж байсан юм. Гэвч тэрээр БНМАУ-ын Хэнтий аймгийн газар нутагт 1971 оны 9 дүгээр сарын 13-нд онгоцтойгоо гэр бүл ойр дотны хүмүүсийн хамт сүйрэн амь үрэгдсэн юм.
1991 онд дэлхийн улс төрийн системд өөрчлөлт гарч Зөвлөлт холбоот улс байхгүй болсноор хилийн заагийг тогтоох ажилд санаанд оромгүй өөрчлөлт гарч ЗХУ-ыг залгамжлагч ОХУ, БНХАУ хоёрын харилцааны шинэ үе шат эхэлсэн.
1991 оны 5 дугаар сарын 16-нд ЗСБНХОУ, БНХАУ хоёр Зөвлөлт-Хятадын улсын Хилийн зүүн хэсгийн тухай хэлэлцээр баталсан байна. Маргалдагч хоёр тал Даманы/Чжэньбао арлыг Хятадын харьяа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Хоёр тал арлын эргэн тойрон өөрсдийн харуулыг гаргахыг зөвшөөрсөн ба 1995 оны 10 дугаар сарын 17 ны гэрээгээр хилийг 54 км сунгаж Амур ба Аргун голын гурван арлын асуудлыг бас шийдсэн байна. 2004 оны 10 дугаар сарын 14 нд хоёр орны тэргүүнүүд “ОХУ болон БНХАУ хоёрын хоорондын улсын хилийн зүүн хэсгийн тухай нэмэлт хэлэлцээр”-т гарын үсэг зурсан ба хилийн маргаан эргэж буцалтгүй шийдэгдсэн. Гэрээнд заагдсаны дагуу Чита мужийн Аргунь голын Большой арал, Хятад Амур голын Тарабаров арлыг өөртөө авч, Даманы/Чжэньбао арлын ойролцоогоор 50% мөн Большой Уссурийский арлын хагасыг өгсөн байна. Энэ цагаас эхлэн Тарабаровийн арлуудыг Инь-лундао буюу Мөнгөн Луугийн, Их Уссурийн арлуудыг Хэй-сяцзыдао буюу Хар баавгайн арлууд гэж нэрлэх болов. Энэ бүхнийг Хабаровскийн оршин суугчид болон Оросын эх орончид эсэргүүцсэн боловч эрх баригчдынхаа өмнө хүчин мөхөсджээ.
Хятадын Ардын Их Хурал гэрээг 2005 оны 04 дүгээр сарын 27 нд, ОХУ-ын Төрийн Дум дараа нь 2005 оны 5 дугаар сарын 20-нд хэлэлцэн баталгаажуулсан байна. 2005 оны 06 дугаар сарын 02 нд Хятадын Гадаад хэргийн сайд Ли Зхаоинг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар баримт бичигт гарын үсэг зурж солилцсон байна.
2008 оны 07 сарын 21 нд Хятадын Гадаад хэргийн сайд Ян Чези /Yang Jiechi/ Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Хятадын нийслэл Бээжинд Хятад-Оросын дорнод хилийн шугамыг тогтоосонд тооцож протоколд гарын үсэг зурсан. Уг протоколын дагуу хоёр тал дорно зүгийн хилийг маргаангүй тогтоосонд тооцсон байна. Мөн уг гэрээнээс гадна Yinlong/ Тараборов арлын хагасыг "Heixiazi/ Большой уссурийский" бүхлээр нь оруулсан байна. 2008 онд Амур мөрөн дахь хилийн зурвасыг дүрсэлсэн протокол үйлджээ. Амур мөрөн, Аргунь голын дунд байдаг Тарабаров арлыг Орос Хятадын тал энэ тэнцүү хуваан авчээ. Хилийн маргааныг шийдэх протоколын дагуу ОХУ ын Чита мужийн Аргунь голын дунд байдаг арал, Алс Дорнодын Хабаровск хотоос хогүй байдаг Уссури голын Амур мөрөнд цутгадаг хэсгийн арлыг ийнхүү хуваан авлаа. Маргаантай байсан хоёр газарт 375 квадрат метр талбайтай юм. Ингэснээр Орос Хятадын хооронд олон жил болсон хилийн маргаан бүрэн шийдэгдсэн байна. Даманы арлын талаар Оросын зарим улс төрчид Хятадад хэтэрхий найр тавьж уян зөөлөн хандсан гэж шүүмжилдэг боловч тухайн үедээ Орос нь Хятадтай найрсаг харьцаатай байж эдийн засгийн тусламж авах шаардлагын үүднээс буулт хийсэн болов уу Орос нь дорно зүг дахь өөрийн стратегийн түншээ найдвартай хадгалж буулт хийх нь зөв гэж үзсэн байх. Зэвсэгт мөргөлдөөндөө хүрлээ гэхэд Орос нь цэргийн хүчин чадлын хувьд Хятадаас хол хоцорсон гэж үзэж болохоор байна. Орос улс тvvхэндээ өөрийн гэж vзэж байдаг нутаг уснаасаа бусдад өгсөн анхны тохиолдол нь энэ аж. Яагаад ийм алхам хийв, цаашдаа юу болох бол гэх мэт олон асуулт үүнтэй уялдан гарч ирэв. Мэдэгдэхүйц шалтгаан алга байхад газар нутгаасаа бусдад өгсөн талаарх асуултад эрх зvйн үүднээс хариулах нь хялбар. Харин гурав дахь арлынхаа хагасыг яаж авч үлдэв гэдгийг тайлбарлахад төвөгтэй байна. Хоёр улсын залгаа хил өндөр уул, өргөн гол болон олон хvн, түүний дотор цэрэг армийн хvч нааш цааш явахад саадтай байгалийн тийм тогтцыг эрт дээр цагаас дайран єнгєрдєг байжээ. Хvчирхэг улсууд бол хєршийнхєє боломжит байдлыг аль болохоор хязгаарлахыг, тvvгээр ч барахгvй хилийн усыг ашиглах эрхийг огт эдлvvлэхгvй байхыг эрмэлзсээр ирсэн уламжлалтай. Энэ утгаар нь авч vзвэл Орос, Хятад хэмээх эх газрын хоёр том гүрний хоорондох хилийг тогтоосон түүх тун ч жирийн. Орос, Хятад улсууд олон газраар усан хилтэй. XVII зууны vед бол Хятад улс хилийн усыг ашиглах эрхийг Орост олгохгvй байж чадахуйц хvчирхэг байв. Тиймээс ч хилийн усны дийлэнх хэсэг нь Хятадын талд байсан юм. Яваандаа хүчний харьцаа Орост, XX зуунд ЗХУ-д ашигтайгаар өөрчлөгдсөн. Өнгөрсөн зууны 30-аад оны эхээр Хятадын нутаг дэвсгэр дээрээс хийсэн Японы армийн бодит аюултай тулгарахдаа ЗХУ хилийн ус орчмын бүх арлыг хамгаалалтдаа авахаас аргагүй болсон байна. Тэгээд хилийн усны дийлэнх нь Оросын талд шилжив. Зөвлөлт, Хятадыг найрамдалт харилцаатай байхад ийм байдал нь хэний ч сэтгэлийг зовоодоггvй байлаа. Харин харилцаа асар түргэн муудсан 60-аад онд хилийн зурвасыг олон улсын эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх явдал чухал асуудал болж хувирлаа. 40 жилийн өмнө эхэлсэн яриа хэлэлцээ дөнгөж 1991 оны хавар л биеллээ олж чадав. Хилийн усны хамгийн гүнзгий хэсгээс цааш орших арлууд, түүний дотор Уссури мөрний алдарт Даман арал Хятадынх боллоо. Үүнд Хятадад ямар нэгэн буулт огт хийгээгүй, гагцхүү олон улсын эрх зүй л хvч чадлаа харуулсан хэрэг.
Хилийн тухай хэлэлцээрт аль болох түргэн гарын vсэг зурахыг эрмэлзэхдээ талууд хоёр тохиолдолд нийтлэг журмаас татгалзахаар тохирсон байна. Хабаровскийн районд Амур мөрний ай савыг хөлөг онгоц явдаг гүнзгий хэсгээр нь биш гүехэн хэсгээр нь тогтоохоор тохиролцжээ. Хилийн зааг ч яг түүгээр байж. Үүнээс үүдээд Хятадын талд байсан Тарабарын хийгээд Уссурийн их арлууд ЗХУ-ын хяналтад орж ирсэн байна. Аргунь мөрний Их арал ч мөн адил.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Орос-хятадын харилцаа 1949-2007 он
- Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн
- Даманы арлын Зөвлөлт-Хятадын хилийн зэвсэгт мөргөлдөөн
- Жаланашколь нуурын Зөвлөлт-Хятадын хилийн зэвсэгт мөргөлдөөн
- Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
- Зөвлөлт-хятадын хилийн маргаанууд
- Хил дээрх цэргийн тоог цөөлөх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр
- Хятадын газар нутгийн санаархал
Судалгааны бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Бубенин Виталий.Кровавый снег Даманского. События 1966–1969 гг.=2004 он.
- Мусалов Андрей.Даманский и Жаланашколь. Советско-китайский вооруженный конфликт 1969 года. 2005 он.
- Дзержинцы. Составитель А. Садыков.Издательство "Казахстан". Алма-Ата, 1975г.
Эх сурвалжууд
[засварлах | кодоор засварлах]- Даманский-Чжэньбао — история пограничных конфликтов в Азиатско-Тихоокеанском регионе
- Начало и развитие пограничной конфронтации между Советским Союзом и Китаем
- Валерий Яременко. (17.03.2009). "Горячий остров. К юбилею советско-китайской войны". Полит.ру. Archived from the original on 2013-02-14. Татаж авсан: 2015-05-19.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - Рябушкин Д. С. Остров Даманский. 2 марта 1969 года // Вопросы истории. 2004. № 5. С. 148–152.
- Остров преткновения (40 лет)
- д/ф «Остров Даманский. 1969 год» (2004)
- Китайский музей на острове Даманский, посвященный столкновениям советских и китайских пограничников
- В Омске вспоминают героя советско-китайского конфликта Ивана Стрельникова http://tvoiomsk.ru/item.asp?id=19710
- Конфликт на острове Даманский. Книга памяти