Иван Ярыгин
Иван Ярыгин (орос. Ива́н Серге́евич Яры́гин, 1948 оны 11-р сарын 7-нд ЗХУ-ын Кемеров мужийн Камзас тосгонд төрсөн —1997 оны 10-р сарын 11-нд Оросын Ставрополь мужийн Нефтекумск хотод нас барсан)- 1972 оны Олимпын аварга, ЗХУ-ын алдартай 100 кг жинд барилдаж байсан чөлөөт бөхийн тамирчин. Тэрээр дэлхийн бүх цаг үеийн хамгийн алдартай бөхчүүдийн нэгт тооцогддог билээ.
Тэрээр 1980 онд ЗХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлагч, 1982 оноос 1992 онд ЗХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч. 1993-1997 онд Оросын спортын бөхийн холбооны Ерөнхийлөгч байсан.
Иван Ярыгин ид барилдаж байх үедээ 193 см өндөр, 100 кг жинтэй байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Иван Ярыгин 1948 онд ЗХУ-ын Кемеров мужийн Усть-Камзас тосгонд 10 хүүхэдтэй дархан хийдэг хүний гэрт төрсөн байна. 1953 онд тэдний гэр бүл Тува улсын Усть-Уюк тосгон руу нүүж Иван хүү дунд сургуульд оржээ. Тувад Ярыгины гэр бүл 1961 он хүртэл амьдараад Красноярск хязгаарын Сизая тосгон руу нүүж амьдрах болсон байна.
Иван бага насандаа хөлбөмбөг сонирхож хаалгач хийдэг байжээ. Удалгүй Абакан явж жолоочийн мэрэгжилтэй болж тэндхийн мах кобинатын багт тоглож байсан ажээ. Энэ үеэр түүнийг чөлөөт бөхийн дугуйлангийн дасгалжуулагч Владимир Чарков олж хараад чөлөөт бөхийн спортод татан оруулсан байна.
1966 онд Иван Ярыгин цэрэгт татагдах 18 нас хүрэх үеэр Красноярск хот руу яваад тэндээ цэрэгт татагдаж өндөр хэмжээний дасгалжуулагч Дмитрий Миндиашвили-гийн удирдлага дор хичээллэх болжээ. Энэ үеэр тэрээр ЗХУ-ын Цэргийн самбогийн АШТ-нд түрүүлж самбо бөхийн спортын мастер цол хүртсэн байна. Цэргийн албаа хааж дуусгааад тэрээр чөлөөт бөхийн спортод бүх анхаарлаа хандуулж, богино хугацаанд чөлөөт бөхийн хамгийн хүчтэй тамирчдын нэг болсон юм.
1968 онд тэрээр Зөвлөлт Оросын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд, дараа нь ЗХУ-ын чөлөөт бөхийн төрөлд түрүүлсэн. 1970 онд ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд тэрээр Владимир Гусев, Александр Охапкин нарын удирдлаган дор бэлтгэл хийж ЗХУ-ын аварга болсон байна.
1972 онд Польшийн Катовице хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ЗХУ-ын олимпийн багт нэр дэвшсэн. Үүний үр дүнд дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр Иван Ярыгиныг Мюнхений Олимпийн наадамд явуулахаар шийдсэн байна.
1972 онд Мюнхений зуны Олимпийн наадамд Иван Ярыгин өнөөг хүртэл эвдээгүй дээд амжилтыг тогтоожээ. Тэрээр бүх ялалтын тулаандаа 8 минут 40 секунд зарцуулж, бүх өрсөлдөгчөө далан дээр нь тавьсан юм. Мөн 1972 оны Катовице, 1973 онд Тегеранд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх тулаанаа хугацаанаас нь өмнө дуусгасан байна.
Иван Ярыгин 1976 оны 7-р сард болсон Монреалын Олимпийн наадамд тэрээр хоёр дахь олимпийн алтан медалиа хүртэж Олимпийн хаалтын ёслолд ЗХУ-ын шигшээ багийн тугийг авч явах өндөр хүндэтгэлийг хүлээлгэсэн.
Хүчирхэг, түрэмгий барилдааныхаа төлөө тэрээр "Догшин Иван" хоч авсан. Түүний дархан мэх бол нэг гараараа мөрнөөс нь барьж, нөгөө гараараа урд хөл авах болон дэгээдэх зэрэг байсан.
Иван Ярыгин 1980 онд зодог тайлаад ЗХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлагч, 1982 оноос 1992 онд ЗХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч. 1993-1997 онд Оросын спортын бөхийн холбооны Ерөнхийлөгч байсан юм.
Иван Ярыгин 1997 оны 10-р сарын 11-нд авто машины ослоор нас барсан.
Иван Ярыгин 1995 онд “Эрчүүдийн тоглоом хатуу” хэмээх номоо гаргасан бөгөөд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн 2002 оны 3-р сарын 8-нд Красноярск хотод гэрэлт хөшөөг нь босгосон. Мөн түүний дурсгалд зориулж жил бүрийн 1-р сард ОХУ-ын Красноярск хотод олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулдаг байна.
- 1948 онд төрсөн
- 1997 онд өнгөрсөн
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- Кемерово мужийн хүн
- ЗХУ-ын бөх
- ЗХУ-ын олимпын оролцогч
- ЗХУ-ын Ард түмний найрамдлын одон шагналтан
- Оросын хүндэтгэлийн одон шагналтан
- Хүндэт Тэмдэг одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Лениний одон шагналтан
- Бөхийн дэлхийн аварга
- Бөхийн европын аварга
- Бөхийн олимпын аварга
- ЗХУ-ын гавьяат тамирчин
- ЗХУ-ын олимпын аварга
- 1972 оны зуны олимпод оролцогч
- 1976 оны зуны олимпод оролцогч