Идэвхтэй мэдээлэл
Идэвхтэй мэдээлэл (Активная информация. Active information). Сэтгүүл зүйн мэдээллийг зохиогчийн тусгаж буй аргын хувьд идэвхтэй, идэвхгүй мэдээлэл гэж ангилдаг. Сэтгүүлчийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд эрж хайж олж авсан мэдээ баримтыг үндэслэж бичсэн мэдээллийг идэвхтэй мэдээлэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болсон мэдээлэл гэсэн утга санааг илэрхийлдэг. Харин утсаар авсан, хэн нэгний хэлж өгсөн, захидал, илтгэл гэх мэт бэлэн баримтыг ашиглан бичсэн мэдээллийг идэвхгүй мэдээлэл гэж нэрлэдэг. Идэвхтэй болон ашигтай мэдээлэл ямагт харилцан нөлөөлөлтэй байдаг бөгөөд идэвхтэй мэдээлэл ашигтай, ашигтай мэдээлэл идэвхтэй байх магадлал нь өндөр юм. Идэвхгүй мэдээллийн эх сурвалж нь ихэнх тохиолдолд баталгаатай бус, цаг алдсан байдаг учраас ашиггүй байх явдал түгээмэл юм. Орчин үед дэлхий дахины болон манай орны сэтгүүл зүйн өмнө тавигдаж буй тулгамдсан зорилтын нэг бол ашигтай болон идэвхтэй мэдээллийн тоог нэмэгдүүлж, мэдээллийн багтаамжийг дээшлүүлэх асуудал болж байна.