Интермед Эмнэлэг
| Компанийн төрөл | Эмнэлэг |
|---|---|
| Байгуулагдсан | 2014 оны 5-р сар |
| Төв байр | Монгол улс, Улаанбаатар хот |
Ажилчдын тоо | 300 гаруй |
| Вэб сайт | http://www.intermed.mn/ |
Интермед Эмнэлэг(Intermed Hospital) нь Монгол Улсын Улаанбаатар хотод байрладаг анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорьдог эмнэл зүйн байгууллага юм.[1] Интермед Эмнэлэг нь нийт 300 гаруй ажилчидтай, хэвтэн эмчлүүлэх 91 ортой бөгөөд мэс засал, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасгуудаас гадна нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай.[2] Интермед эмнэлэг нь жилд 5000 хүнд хэвтэн эмчлүүлэх, 100 000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.[2] 2016 онд Интермед эмнэлэг олон улсын Joint Commission International (JCI) байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давж “Алтан тамга”-ын эзэн болсон. Дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын 1100 шалгуур үзүүлэлт бүхий бүлэг стандартыг бүрэн биелүүлсэн тул тус байгууллагаас Интермед эмнэлгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг гэдгийг зарлаж 2016 оны 8 сард итгэмжлэл гардуулсан. Цаашид дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэгэн адилаар 3 жил тутам шинэчилсэн стандартыг биелүүлж магадлан итгэмжлэгдэх юм.[1]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн жишигт хүрсэн, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг эх нутагтаа бий болгож гадаад улс орнууд руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах иргэдийн урсгалыг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор үндэсний тэргүүлэх 3 компани болох MCS Групп, Энержи ресурс ХХК болон Шунхлай Групп хамтарч өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Интермед” эмнэлгийг байгуулж 2014 оны 5 сард үйл ажиллагааг эхлүүлж байна.[2]
Байршил
[засварлах | кодоор засварлах]Интермед Эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Богд хааны ордон музейн баруун хойд талд байрлах ба 5 давхар 4 блокоос бүрдсэн, гаднаа 150 машины зогсоол, харуул хамгаалалт болон ногоон байгууламжийг цогцоор төлөвлөж байгуулсан.
Үнэт зүйлс
[засварлах | кодоор засварлах]- Аюулгүй байдал
- Чанар
- Хамтын ажиллагаа
- Хүндлэл
- Тасралтгүй сайжруулалт
- Үнэнч шударга зарчим
- Шинэ санаачлага[3]
Инновац
[засварлах | кодоор засварлах]Интермед эмнэлэг нь Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.[4] Интермед Эмнэлэг нь Япон, Франц, Герман гэх мэт улс орнуудын чанарын хувьд өндөр брэндийн төхөөрөмжүүдийг ашиглан үзлэг, хяналт, шинжилгээ хийдэг.
Хамтран ажилладаг байгууллагууд
[засварлах | кодоор засварлах]Интермед Эмнэлэг нь БНСУ-ын Корей Их Сургуулийн харъяа эмнэлгүүдтэй мэргэжилтэн солилцох, эмч мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах, үйлчлүүлэгчийн оношийг баталгаажуулах, үйлчлүүлэгч шилжүүлэх, томоохон мэс ажилбаруудыг хамтран хийх гэрээтэй ажиллаж байна. Мөн УБ хотын төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгүүд болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй өвчтөн солилцох, оношилгоо, шинжилгээ хийх болон сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэх гадаад, дотоодын компаниудтай гэрээтэй хамтран ажиллахын зэрэгцээ өвчтөн нүүлгэн шилжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын 4 нисэхийн компанитай хамтран ажиллаж байна.[5]
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Интермед Эмнэлгийн цахим хуудас руу дараах холбоосоор нэвтрэнэ үү http://www.intermed.mn/
- ↑ "Эрхэм зорилго". Intermed Hospital. Эх хувилбараас архивласан: 2017-04-22. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ 2.0 2.1 2.2 "Танилцуулга". Intermed Hospital. Эх хувилбараас архивласан: 2017-05-24. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ "Эрхэм зорилго". Intermed Hospital. Эх хувилбараас архивласан: 2017-04-22. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ "Манай түнш байгууллагууд". Intermed Hospital. Эх хувилбараас архивласан: 2017-05-21. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ "Манай түнш байгууллагууд". Intermed Hospital. Эх хувилбараас архивласан: 2017-05-21. Татаж авсан: 2017-05-17.