Jump to content

Исгэрэх урлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Исгэрэх урлаг нь Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтний урлаг бөгөөд энэ төрөлд аялан исгэрэх, амаар ташин дэлдэх, хөөмэйлэх, цуурдах, аман хуурдах гэсэн эдгээр таван урлагийг хамруулна.

Чухамдаа ардын хэлээр "Исгэрээ" буюу "хисгэрээ" гэдэг тод цомхон нэрлэдэг, үүнд хисгэрээ гэж гийгүүлэгчээр эхэлдэг нэр нь эртний дуудлага байх учиртай бөгөөд "хий" /салхи/ гэсэн үгтэй язгуур нэгтэй байх магадлалтай. Хисгэрэх буюу исгэрэх гэдэг бол ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн, хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх юм уу, эсхүл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болохыг хэн бүхэн мэднэ. Үүнд хүний шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж, амны хөндий бол цуурайн хайрцаг буюу чавхдаст хөгжмийн зэмсгийнхээр бол царын үүрэг гүйцэтгэдэг байна. Исгэрээтэй холбоотой монголчуудын өвөрмөц зан заншлыг анхаарч үзвээс сонирхолтой байна.

Исгэрээний төрөл

Монголчууд исгэрээг нэгд: шүдний исгэрээ, хоёрт: уруулын исгэрээ, гуравт: тагнайн исгэрээ гэж гурав ангилан ялгадаг бөгөөд тэр гурван зүйлийн исгэрэх аргыг бүгдийг нь эзэмшсэн хүнийг ёстой сайн исгэрдэг хүнд тооцдог, тийм хүн төдий л элбэг байдаггүй байсан нь уг урлагийн эрдмийн чанар шинжийг илтгэж байгаа юм.

Шүдний исгэрээ

Шүдний исгэрээ гэдэг нь үүдэн шүдний завсраар хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн хэлнэ. Мэдээж үүнд уруул зөвхөн аяны нугалаан дээр хамхисхийж нээсхийн оролцох ялимгүй үүрэгтэй байдаг.

Уруулын исгэрээ

Уруулын исгэрээ гэдэг бол хоёр уруулаа үл мэдэг цорвойлгон завсараар нь хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн нэр бөгөөд аяны нугалаан дээр мөн л хэлнийхээ дунд дээврийг түүш рүүгээ шахасхийн товшилдог.

Тагнайн исгэрээ

Тагнайн исгэрээ гэдэг бол хэлнийхээ үзүүр этгээдийг хатуу тагнай өөдөө эргүүлэн завсраар нь хий түрэн эгшиг үүсгэхийн нэр билээ.Энэ төрлийн исгэрээ нь сурахад хэцүү учраас тийм ч түгээмэл биш юм.

Исгэрэх болон цээрлэх зүйл

Монголчууд өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй. Гагцхүү зун намрын цэлмэг нартай өдөр, бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо, эсгий зулж байхдаа, ноос савж байхдаа исгэрэхийг цээрлэдэг. Монгол хүн малаа услахад заавал исгэрдэг нь морь малыг ус уухад аятай таатай болгон, ангаа цангааг нь тайлан, тавтай ундаалахад нь тус болог гэсэн санаатай юмсанж. Мөн аян замд элэгдэн яваа халуун хөлстэй морь, ширүүн туусан адуу мал шууд ус уудаггүй, хормын төдий ч болов сэрүүцэн сэхээ авч байж ус унд амтлан уудгийг малчин монголчууд ажил үйлсийнхээ явцад ажиж мэдсэн тэр учир юм. Ноос савах, эсгий хийхэд хэдий бүгчимдэн халууцавч, салхи урих хэрэггүй, харин ч үүдэн тэнгэрээс авхуулаад галын эзэн, эрийн сүлд тэнгэр гэх мэт шүтээнтэй харгалдан харшилж болзошгүй гэж үздэг байснаас тийнхүү цээрлэдэг байв.