Их Шавь
Их Шавь (монгол бичиг:ᠶᠡᠬᠡ ᠱᠠᠪᠢ) гэдэг нь Халхын Жавзандамба хутагтын харьяат ардын ерөнхий нэр бөгөөд бусад их, бага хутагт хувилгаад, лам нарын шавиас ялгахын тулд онцгойлон үзэж их шавь гэдэг нэршил үүссэн.
Үүсэл
[засварлах | кодоор засварлах]Их шавийн үүслийг 1639 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг 5 настайд нь төвөдийн жонан урсгалын Дараната ламын хувилгаан дүр гэж өргөмжлөхөд Түшээт хан өөрийн хамжлагаас 7-8 насны 108 бандийг шавь болгон өргөснөөс үүдэн шавь нарын давхарга халхад анх үүссэн ба Богд Жавзандамба хутагтын шавь нарыг бусдаас ялгахын тулд богдын шавь буюу Их шавь хэмээн нэрлэжээ. Халхын 4 аймгийн хан, ноёд, тайж лам нараас I-VIII дүрийн Жавзандамба хутагтад олон цөөнөөр нь шавь болгон өргөсөөр сүүлдээ нэг бүхэл бүтэн аймагтай дүйцэхүйц болж засаг захиргааны бие даасан нэгжийн хэмжээнд хүрсэн нь "Халх дөрөв, шавь тав"[1] гэсэн холбоо үг үүсэхэд нөлөөлсөн.
Зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Нутаг, бэлчээр
[засварлах | кодоор засварлах]XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн Халх Монголын засаг захиргааны зохион байгуулалт нь Халх дөрвөн аймаг, Их шавь гэсэн таван нэгжээс бүрдэж байв. Их шавь, бусад хутагтын шавь нар нь тусгайлан олгогдсон газар нутаггүй, шавь болохын өмнө аль нутагт байсан тэндээ сууж, Их шавиас зөвхөн тодорхой газар нутагтай нь Хөвсгөлийн нуураас баруунш нутагтай Хар дархадууд л байв. Хар дархадуудыг Богдын унаган шавь хэмээдэг нь 1686 онд Хүрэн бэлчирийн чуулган дээр Өндөр гэгээнд Хар Дархадын ноён Гэлэг харьяат ардын хамт шавь болж өргөн барьснаас эхлэлтэй.[2] Ихэнх их шавийн харьяат ардыг отог, багт хуваан тус бүрийг нь ахлах тушаалтаныг Эрдэнэ шанзудбын яамнаас томилон, нутаг бэлчээрийг нь тохируулан суулгаж байсан ч, бэлчээрийн асуудлаар хошуу нутгийн малчидтай байнгын хэрүүл заргатай байсан. 1800 онд Халхын Жибзундамба хутагтын шавь ард 82 408, мал сүрэг нь 1 808 224 болсон нь аймгийн дайтай байсныг харж болно.[2]
Захиргааны байгууллага
[засварлах | кодоор засварлах]Их шавийн засаг захиргааны дээд байгууллага Эрдэнэ шанзудбын яамыг 1723 онд Чин улсын төрөөс хүлээн зөвшөөрч байгуулсан ч, эрдэнэ шанзудба тушаалтан түүнээс өмнө байсан төдийгүй 1709 онд Халх журам цаазыг батлахад оролцож байсан.[2] Манжийн хаанаас Эрдэнэ шанзудбад "шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Жибзундамба ламын Хүрээний хэргийг шийтгэх лам, хар шар нарыг бүгд захирах Эрдэнэ шанзудба" гэсэн тамга үйлдүүлж олгожээ.[2] 1757 онд 2-р Богд Лувсандамбийдонмийг таалал төгссөний дараагаас Жавзандамба хутагтын эрх мэдлийг хязгаарлахдаа Эрдэнэ шанзудбын яамны тэргүүн эрдэнэ шанзудба тушаалтанд эрхлүүлэх болгож,[3] их шавийн аливаа асуудалд шууд оролцох эрхийг нь хязгаарлаж өгсөн. Жавзандамба хутагтыг төвдөөс тодруулж залах болгосон хэдий ч, монгол нутагт дахь их шавийн тэлэлт эдийн засгийн хүчин чадал бэхжихийг Чин гүрний төрөөс зүгээр суулгүй, их шавийн хар, шар шавийн өрх болон мал сүргийн тоог 3 жил тутам тоолж, Хүрээнд сууж хэрэг шийтгэх Манж сайдад мэдүүлж, Хүрээний сайдын газраас үүнийг дахин байцааж, цэс үйлдээд Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд ирүүлж байх журам тогтоожээ.[3]
Эрдэнэ шанзудбын яаманд шар, хар зайсангууд ээлжээр жасаалан сууж хэрэг шийтгэдэг байв. Шар зайсан нь лам шавийн буюу сахил хүртсэн лам нарын асуудлыг, хар зайсан нь хар шавийн буюу сахил хүртээгүй харъяат ардын хэргийг хариуцдаг.[2] Зайсан бүр отгийг захирч, түүний доор шүүлэнгэ буюу орлогч дарга, дэмч, ажиг буюу арваны дарга гэх мэтийн тушаалтан ажиллаж байсан.
20-р зууны эхээр Богдын хүрээний харъяаны дацан, сүм хийдийн лам нарыг 30 гаруй аймагт хуваагдаж, аймаг бүр өөрийн шүтээний сүм, хурал хурах дугантай. Аймгийг тэргүүн ламын орлогч-ловон лам, гэсгүй, унзад, аж ахуй хариуцсан зайсан, нярав нар удирдаж байжээ.[4]
Отог
[засварлах | кодоор засварлах]Их шавийнхан засаг захиргааны хувьд аймаг, отог, баг болон хуваагдаж их төлөв Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн нутгаар зонхилон оршиж, нөгөө хоёр аймагт цөөн тоогоор байжээ. Их шавьд эхлээд 12 отогтой байснаа улам олширсоор 1920-иод онд 202 орчим отогтой болжээ.[2] Шавийн отог бүр зайсан, дэмч, шүүлэнгэ нарын тушаалтантай бөгөөд отог бүр нь тус бүрийн оноосон нэртэй байсан. 1822 онд Их шавийн захиргааны Эрдэнэ шанзудбаг улаан шугамтай цаас хэрэглэх болгож чуулган даргын нэгэн адил эрхтэй болгожээ. Их шавь нь Чин гүрний цэрэг харуул, өртөөний албанаас чөлөөлөгдөж, Богдуудыг тодруулах, залах, хутагтын орд, сүм хийдийн хурал номын зардал, даншиг өргөх, бурхан, суврага бүтээх ба орон нутгийн засаг захиргааны алба залгуулж байсан нь сум ардын албан татвараас бага зэрэг хөнгөнд тооцогдож байжээ.
XIX зууны хоёрдугаар хагасаас Манжийн төр доройтох тусам татвар нэмэгдэснээр жирийн ардаас гадна тайж нар шавь болж, татвараас зугтах явдал улам нэмэгдсэн нь их шавийн отог 200 гаруй болоход улам нөлөөлсөн.
1837 онд Манжийн эрх баригчдаас ноёд тайж нар тэдний хамжлага нар, жинхэнэ сумны эрийг шавь болгохыг хориглож зөвхөн гэрийн хүмүүс, боол, хамжлага, насанд хүрээгүй хөвгүүдийг шавь болохыг зөвшөөрчээ.[баримт хэрэгтэй] 1911 онд Монгол улс Манжаас тусгаарлаж Богд хаант Монгол улс байгуулсан үеэс Халхын хан, ноёд, тайж нараас Богд хаанд тал засахын тулд шавь өргөх нь нэмэгджээ.
1929 онд БНМАУ-ын Засгийн газраас тогтоол гаргаж Богд Жавзандамба ба бусад хутагт нарын “хойт дүрийг тодруулах” журмыг хүчингүй болгосноор шавь өргөх явдал эцэс болжээ.[баримт хэрэгтэй]
Ашигласан ном
[засварлах | кодоор засварлах]- Дашбадрах Д., Монголын хутагтууд, УБ., 2004
- Нацагдорж Ш., Халхын түүх, УБ., 1963
- Пүрэв О., Монгол улсын түүхэн газарзүй: 1911-1931 он, УБ., 2004
- Цэдэв Д., Их шавь, УБ.,1964,2013
- Майский И.М., Монгол орон хувьсгалын босгон дээр, УБ., 2015
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Халхын дөрвөн аймагтай эн тэнцүү гэсэн утгатай
- 1 2 3 4 5 6 ШУА, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 4. Улаанбаатар. х. 206.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) - 1 2 ШУА, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 4. Улаанбаатар. х. 204.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) - ↑ ШУА, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 4. Улаанбаатар. х. 207–208.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)